| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2022/00427/И |
| Дугаар | 132/ШШ2022/00502 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 132/ШШ2022/00502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Булган аймаг, Булган сум, * дугаар баг, Залуус хороо, *-**** тоот хаягт оршин суугаа, Т******* овогт Баттулгын Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 580,000 төгрөг гаргуулах тухай 132/2022/00427/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Шинэ хөдөө Булган дэд хөтөлбөрийн хүрээнд 2020 онд иргэдэд хүлэмж тараагдсан. 05 дугаар сард төлөлтөө хийнэ гэж байсан. 4:8 ын хэмжээтэй 1,178,100 төгрөгийг 4 хувааж төлөх ёстой байсан. Эхний 3 жилийн төлөлт 290,000 төгрөг, 4 дэх жилийн 308,100 төгрөгөөр төлөгдөхөөр гэрээнд тусгагдсан байгаа. Тэгтэл мөнгөө төлөхгүй. Энэ төсөлд би гар бие оролцсон учир төлөхгүй гэдэг хариуг өгдөг. Хүүгүйгээр эргэн төлөлттэй гэрээ хийгдэн хүлэмж тараагдсан юм. 2020, 2021 оны төлөлт огт хийгдээгүй байгаа. Хүлэмж 2020 онд анх тараагдсан. Эхний 2 жилийн төлөлт болох 580,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сүүлийн 2022, 2023 оных төлөгдөх юм. 2022 оны төлөлт нь 2022 оны 10 дугаар сарын 01-нээр төлөгдөхөөр гэрээ хийгдсэн байгаа гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа: Миний бие 2018 онд шинэ хөдөө төслөөс хүлэмж авсан нь үнэн. Шинэ хөдөө төслийг анх бий болгох судалгааны ажлыг би хамтран хийж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахад гар бие оролцож ажилласан. Төсөл батлагдсаны дараа надад баярлалаа гээд нэг хүлэмж өгнө гэсэн. Тэгээд бие надад хүлэмж өгч байна гэж бодоод охин Б.Э*******гийн нэр дээр авч, үнийг нь төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БУ/Х-13 дугаартай иж бүрдэл хүлэмж, дагалдах тоног төхөөрөмж зээлээр олгох гэрээ, эргэн төлөгдөх нөхцөл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 580,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БУ/Х-13 дугаартай иж бүрдэл хүлэмж, дагалдах тоног төхөөрөмж зээлээр олгох гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
4. Дээр дурдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “зээлийн төлбөрийг тохиролцсон/ төлбөрийн нөхцлийг хавсралтанд зааснаар/ хэмжээгээр жил бүрийн 10 сарын 25-ны дотор түрээслүүлэгчид бэлнээр буюу Шинэ хөдөө-Хөгжил ОНӨААТҮГ-ын Хаан банк 5286274015 тоот дансанд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 263.2.2-д заасан зохицуулалтад нийцсэн байна.
5.Хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БУ/Х-13 дугаартай иж бүрдэл хүлэмж, дагалдах тоног төхөөрөмж зээлээр олгох гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байх ба талууд гэрээний нөхцөлийг хүлээн авч, холбогдох гарын үсгийг зурж, тамгаа дарж баталгаажуулжээ.
Иймд “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК нь гэрээний үүргийн дагуу 580,000 төгрөгийг Б.Э*******гаас шаардах эрхтэй байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь эрх, үүрэгтэйгээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
7. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан, хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхээс саад учруулаагүй учир хэргийн материалтай танилцаагүй байгаа үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,050 / арван найман мянга тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас Б.Э*******гаас 18,050 / арван найман мянга тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Э*******гаас 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 18,050 / арван найман мянга тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18,050 /арван найман мянга тавь/ төгрөгийг гаргуулан “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК /рд: рд:3197956/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ