Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 107

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                   Л.Энхтайван

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Ариунзаяа

      Хохирогч                                             П.Ононхүү

      Нарийн бичгийн дарга                          Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзуут овогт Гармаагийн Сэнгэдуламд холбогдох 1731000440015  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 23-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр,  хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 090 тоотод оршин сух хаягтай, Сэлэнгэ зочид буудалд тогооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Галзуут овогт Гармаагийн Сэнгэдулам /РД:ЖК73042305/

 

  Шүүгдэгч Г.Сэнгэдулам нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед гэртээ нөхөр П.Ононхүүгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Сэнгэдулам 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед нөхөр 2 ачийн хамт Буурийн гол орсон юм. Тэгээд гол дээр байж байхад манай нөхөр Ононхүү үл таних согтуу эмэгтэйтээ юм яриад байхаар нь би нөхрөө “гэр рүүгээ харъя” гэсэн чинь манай нөхөр уурлаад намайг нэг удаа миний гэдэс рүү хальт өшиглөхөөр нь би уурлаад гэр рүүгээ түрүүлж яваад гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд байж байсан юм. Тэгсэн чинь манай нөхөр таамбарныхаа цонхыг хагалаад гэрийнхээ хаалгыг юмаар хөшөөд орж ирээд намайг хоолны жижиг халбагаар миний гар руу нэг цохиход нь миний уур хүрээд хоол аягалж байсан хоолны том халбагаар толгой руу нь хоёр удаа цохьсон юм. Би нөхрийгөө цонх хагалах үед нь “манай нөхөр гэртээ агсам согтуу тавиад гэрийнхээ цонхыг хагалаад байна” гэж цагдаад дуудлага өгсөн байсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг саатуулах байр руу аваад явсан юм.....гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

2. Шүүгдэгч Г.Сэнгэдуламын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэлсэн байгаа. Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/,

         3.Шүүгдэгч Г.Сэнгэдуламын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 01-нд би гэртээ амраад өдөржингөө унтсан. Орой 7 өнгөрч байхад Буурын гол руу усанд орох гээд гартал нөхөр маань гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд хамтдаа “гол явъя” гээд дагуулаад явсан. Хоёр жижигхэн охинтойгоо, нөхөртэйгээ дөрвүүлээ гол руу явсан. Эргээд харих болсон чинь гол дээр согтуу хүүхэн таарсан чинь нөхөр яриад салахгүй байсан. Би “явъя, гэртээ харъя оройтчихлоо, хоол ундаа хийе” гэтэл намайг элдвээр хэлээд загнаад, намайг бас өшиглөсөн. Өшиглөнгүүт нь би түрүүлж яваад гэртээ очоод хаалганыхаа голыг түгжчихсэн байсан. Гэтэл түгжээг мулт татаад цонхоор орж ирээд намайг хоолны жижиг халбагаар цохьсон, тэгэхээр нь би хоол аягалаад зогсож байсан хоолны халбагаараа цохьсон. Би яг толгой руу нь л цохьсон. Бугалганд нь хүрээгүй, бугалгаа хаалганд цохьсон байх өөрийнх нь хоолыг аягалаад хоёр хүүхдийн хоол аягалах гээд буруу хараад зогсож байсан. Би хоёр удаа цохьсон. Тэгэхэд Ононхүүд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх. Энэ тал дээр маргаан байхгүй.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын гаргасан 450 нэгжээр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг,

4. Хохирогч П.Ононхүү 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед би гэрээсээ нэг шил “Боргио” нэртэй 0.75 гарммтай тал архи авч гараад хажуу талд байх айл руугаа орж хоёулаа хувааж уусан. Тэгээд буцаж гэртээ хариад эхнэр, хоёр ачаа аваад Буурийн гол орсон. Тэгээд гол дээр байж байхад үл таних согтуу эмэгтэй надаас юм асуусан чинь манай эхнэр харчихаад “чи наад эмэгтэйтэйгээ юу яриад байгаа юм бэ, чи наад эмэгтэйгээ дагаад явах гэж байгаа юм уу” гээд хэрүүл маргаан гаргах гээд байхаар нь би өөрийн эхнэрээ нэг удаа хальт өшиглөсөн чинь манай эхнэр гэр рүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би өөрийн хоёр ач хүүгээ аваад гэр рүүгээ очсон. Тэгсэн чинь манай эхнэр дотроос нь хаалгаа түгжээд онгойлгохгүй байхаар нь би таамбарынхаа хоёр цонхыг тоосго шидэж хагалчихаад хаалгаа түлхээд зай гаргаж байгаад гэр рүүгээ ороод эхнэрээ жижиг хоол иддэг халбагаар эхнэрийнхээ гар руу цохьсон чинь  манай эхнэр намайг зөрүүлээд хоолны том халбагаар толгой руу хоёр удаа цохьсон....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р ху/,

        5. Хохирогч П.Ононхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 01-нд би гэртээ харихаасаа өмнө найзтайгаа уулзсан. Тэгээд эхнэр хоёр ачийн хамтаар гол явсан. Гол дээр усанд ороод байж байтал хүн юм асуугаад, тэрнээс болж бид хоёр маргалдаад би эхнэрийгээ цохьсон, эхнэр зөрүүлээд намайг цохьсон. Би эхнэрийнхээ бугалга руу нь хоёр удаа цохьсон, өвдөг рүү нь нэг удаа өшиглөсөн Г.Сэнгэдуламын биед бугуй, бугалга, тохой, өвдгөнд цус хуралт зэрэг гэмтлүүдийг би учруулсан. Сэнгэдулам  миний толгойны гэмтлийг учруулсан, бугалганы гэмтлийг бол би өөрөө  хаалга онгойлгох гэж байгаад бэртсэн. Энэ гэмт хэрэг миний архи ууснаас л болж гарсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Прокурорын гаргасан 450 нэгжээр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг   

      6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  № 266 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. П.Ононхүүгийн биед толгойн хуйханд язарсан шархтай, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдсон.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/,

  7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  № 265 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1. Г.Сэнгэдуламын биед дух, бугуй, тохой, өвдгөнд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

      4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 27-р ху/,

  9.Шүүгдэгч  Г.Сэнгэдуламын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 46-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 32-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 34-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 35-36-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 24,28–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 25,29–р ху/, хэрэг бүртгэлтийн үед хийсэн тодорхойлолтууд, /хх 01-14-р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах порокурорын тогтоол /хх-ийн 16-р ху/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 10-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 44-р ху/, шүүгдэгчийн талаархи багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43-р ху/, хохирогчийн хүсэлт, /хх-ийн 38-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх 39-р ху/, зэрэг болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сэнгэдуламыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед гэртээ нөхөр П.Ононхүүгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорын гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Галзуут овогт Гармаагийн Сэнгэдуламыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галзуут овогт Гармаагийн Сэнгэдуламыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Сэнгэдуламын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Сэнгэдуламд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Сэнгэдулам нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч  Г.Сэнгэдуламд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН