Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/556

 

 

 

 

    2021           6               2                                              2021/ДШМ/556

 

Р.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Р.Нгийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Р.Нд холбогдох 2011000001002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт 57-55 УАВ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа 82-05 УБУ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Бтай маргаан үүсгэн гэрлэн дохион дээр шахаж зогсон түүнийг бууж ирэх үед жийж унагаах, зүүн хөлөнд дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Р.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Равжихын Намчинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.Н нь цагдан хоригдон хоноггүй, хохиролд 1.094.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Р.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сансараас-Эх нялхас хүрэх зорилготой автомашин барьж явахад Дөлгөөн нуураас Баянбүрд орох замын уулзвар хэсэгт 4 эгнээ замын 3 дахь эгнээгээр орж явтал зүүн эргэдэг эгнээгээр Р.Н дүрмийн бус үйлдэл хийж дараад орж ирсэн. Намайг дуут дохио өгтөл “сүртэй пизда вэ” гэж орилоод дайрсаар байгаад гарахаар нь миний бухимдал төрж араас нь гүйцэж очоод шахах үйлдэл хийж орхиод цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байтал араас гүйцэж ирээд урдуур дарж огцом зогсолт хийсэн. Хэсэг 2 минут хэртэй хүлээтэл зогссон хэвээр байхаар нь бууж очихоос аргагүй тул буусан. Намайг буухтай зэрэгцээд 2 залуу бууж ирээд юу, юугүй тулж ирэн нэг нь хүчтэй жийж газар унаган нүүр хэсэгт өшиглөж, хөлөн дээр хүчтэй үсэрч дэвссэн. Энэ үед хөл хугарч ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болж өвдөлт эхэлсэн. Дэргэд нь явсан найз нь “чи муу битгий баашлаад бай. Угаасаа ингэж мөнгө олдог эр янхан байна шүү дээ” гэх зэргээр хэл амаар доромжилж, орилж байсан. Р.Нгаас гадна 3 хүн явсны 2 нь эмэгтэй байсан. Тэдгээр нь миний машины хаалгыг онголзуулж, эхнэртэй хэрэлдэж, хаалга байн, байн онгойлгосны улмаас хүүхэд ханиад авч 14 хоног эмчилгээ хийлгэж, мөн энэ хугацаагаар хагалгаа нь хойшлогдож хохирсон. Үүнд эхнэр маань сэтгэл санаагаар унаж хүүхдээ харж зовсон нь тухайн үед манай гэр бүлийн хэвийн амьдралыг нэлээдгүй алдагдуулж, хохироосон юм.

Би тухайн хэрэг болсон газраас Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж хэвтэж эмчлүүлж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 23-нд хагалгаанд /яс хадуулсан нээлттэй хагалгаа орсон/ орж 13 хоног нийтдээ эмнэлэгт хэвтэж гарсан. Энэ хугацаанд Р.Н огт холбогдоогүй, санаа тавьж, уучлал эрээгүйд гомдолтой байдаг. Эхнэр хүүхэдтэйгээ явж байсан гэдэг утгаараа, хүний хөл хугалсан гэж санаа зовох болов уу гэж харж байсан ч нэг ч удаа яриагүй, ирээгүй. Эхнэртэй нэг удаа ярихдаа “хөл нь нээрээ хугарчихаад байгаа юм уу, үнэн юм уу” гэх мэтээр ярихад нь эхнэр уурлаад “бид тийм зүйлээр худлаа ярихгүй, гэмтэл ороод үз, уулзаач” гэсэн байдаг.

Би ажилд ороод сар ч болоогүй байхад ийм зүйл тохиолдож өвчтэй хүүхэдтэй, эхнэр эмнэлэгт, би бас эмнэлэгт, ээж 2 талд анхаарал тавьж завсаргүй байх зуур цагдаагийн байгууллага шалгаж байсан юм. Бүх зүйл болох байх гэж найдаад эмчилгээгээ хийлгэж дуусгаад гарч ирсэн.

Шүүх хурлаас өмнө эмчилгээний төлбөр болох 1.094.000 төгрөгийг Р.Н надад өгсөн. Гэтэл надад учирсан бусад зардал хохирлоо барагдуулаагүй. 2020 оны 3 дугаар сарын 2-ны шүүх хуралдаан дээр хохирол барагдуулж өгөх болов уу гэж итгэж байсан ч шийдвэр шүүгдэгчийн талд гарсанд гомдолтой байна.

Миний хувьд хууль, эрх зүйн мэдлэг дутмаг тул өмгөөлөгч авч нэхэмжлэлийн баримтаар эмнэлэгт болон гэрээр урт хугацааны эмчилгээ хийлгэх үед авч чадаагүй цалин, орлого, удахгүй хийлгэх шаардлагатай хөлний хадаас авахуулах хагалгааны зардал, нааш цааш олон удаа явж боолт эмчилгээ хийлгэсэн шатахууны зардал нэхэмжилсэн боловч шүүх шийдэлгүй орхигдуулж хохирогч миний эрх зүйн байдлыг дордууллаа.

Мөн тус хэрэг дээр ажилласан прокурор Б.Чимгээ илтэд шүүгдэгчийн талд үйлчлэн, бүх зүйл дээр өмөөрч, хамгаалсан хандлагатай, хохирогчийг үг дуугаргахгүй байгаад гомдол гаргаж байна.

Р.Н одоог хүртэл уучлал эрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад хамгийн хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна.

Одоо Р.Нгаас “Мөнгөн гүүр” эмнэлгээр хийлгэх хагалгааны 1.783.000 төгрөг, 4 сарын цалингийн орлого болох 4.000.000 төгрөг, шатахууны зардал 90.000 төгрөг, нийт 5.873.000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсэж байна.

Би 2 ихэр хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээх чадваргүй болоод хадмындаа эхнэр хүүхдүүдээ байлгаж байна. 6 сарын хугацаанд хамт байж чадаагүй. Эхнэр хүүхдүүдээ санаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Шүүгдэгч Р.Намжин нь прокурортой ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан. Хохирлоо л шүүгдэгч Р.Нгаас гаргуулж авмаар байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр “чи хүнээс мөнгө зээлээд хагалгаандаа орчихоод дараа нь Иргэний шүүхээр орж нэхэмжлэх эрхтэй” гэж хэлсэн. Гэтэл надад одоо мөнгө зээлэх хүн байхгүй. Мөнгө хүнээс зээлсэн ч хагалгааны төлбөрийг өгөх, өгөхгүйг нь би мэдэхгүй байна. Би хагалгаанд орж эрүүл хөлтэй болмоор байна. Би бүтэн 4 сарын хугацаанд гэртээ байсан лист байгаа. Иймд 4 сарын хугацааны цалингаа гаргуулж авмаар байна...” гэв. 

Хохирогч Д.Бын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхэд 2 хуудас баримт гаргаж өгч байна. Хохирогч Д.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр тамга дарагдаагүй гээд буцаасан. Одоо тамга даруулсан баримтаа шүүхэд гаргаж өгч байна. ...” гэв.

Шүүгдэгч Р.Нгийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжилсэн бодит хохирлыг төлж барагдуулсан. Ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүхээс нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн бүрдэл зүйлчлэлийн талаар давж заалдах гомдолд дурдаагүй учраас хэлэх тайлбаргүй байна. Хэргийн бүрдэл, зүйлчлэл тохирсон. Хохирогчийн зүгээс 6.054.432 төгрөгийг анх нэхэмжилсэн. Эмчилгээтэй холбоотой 1.093.462 төгрөг, бусад зардал 432.570 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс эмчилгээтэй холбоотой 1.093.462 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй байдлаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна. Хохирогчийн цалингаа нэхэмжилсэн асуудлыг яагаад анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй бэ гэхлээр  нотлох баримтын хувьд дутуу байсан. Тухайн хүн цалин авч байсан. Ажилд ороод гэмтэх хүртэлх хугацаанд цалин авч байсан нотлох баримт байхгүй байсан. Цалин нийгмийн даатгалын зөрүүг нэхэмжилж байгаа юм уу, эсвэл бүтнээр нь нэхэмжилж байгаа юм уу гэх мэт нотлох баримт дутуу байснаас шүүхээс энэхүү шийдвэрийг гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Р.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт 57-55 УАВ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа 82-05 УБУ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Бтай маргаан үүсгэн гэрлэн дохион дээр шахаж зогсон түүнийг бууж ирэх үед жийж унагаах, зүүн хөлөнд дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Д.Бын өвчний түүх /хх 50-58/, хохирлын баримтууд /хх 68-70, 100-101/, хохирол төлсөн баримт /хх 99/ зэрэг нотлох баримтууд болон,

Хохирогч Д.Бын “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 9 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42-7 тоотод байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн 82-05 улсын дугаартай Приүс 20 загварын машинтай эхнэр хүүхдийн хамт гараад Эх нялхас руу явж байсан. Дөлгөөн нуурын гэрлэн дохиотой уулзварт би чигээрээ явах эгнээнд чигээрээ явах гээд зогсож байсан ба миний хажууд зүүн тийш эргэх эгнээнд байсан 57-55 УАВ улсын дугаартай Приүс 20 загварын машин зогсож байсан. Чигээрээ явах ногоон гэрэл асах үед хамт хөдлөөд миний урд шахаад ороод ирсэн ба би тормоз гишгээд, сигналдсан. Тэгэхгүй бол осол гарах байсан. Тэгээд цонхоороо толгойгоо гаргаж ирээд хойшоо буюу над руу хараад “сүртэй пизда вэ” гээд хурдтай яваад өгсөн. ...Гандангийн уулзварт гэрлэн дохион дээр улаан гэрэл асаж байхад миний урд шахаж орж ирээд зогссон. Тэгээд тэр залуу /өндөр, хар өнгийн хүрэмтэй, жинсэн өмдтэй, барзгар нүүртэй/ бууж ирээд над руу алхаад ирж байхаар нь би машинаасаа буугаад ирсэн чинь намайг шууд жийгээд унагасан. Яг намайг унаж байх үед миний зүүн талын хөлийн урд хэсэгт нь дэвссэн. Аль хөлөөрөө дэвссэнийг нь санахгүй байна. Би босож ирээд тэр залууг бэлхүүсээр нь тэврээд өргөх гэж үзэхэд миний хөл өвдөөд би буцаад газар унасан. Тэгээд би “хөл хугарчих шиг боллоо” гээд хэвтэж байхад шууд миний баруун нүдний хэсэг рүү өшиглөсөн. ....Гэмтэл согог судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн хөл сарвууны 2 дугаар тасгийн 2 дугаар палатанд хөлөө гипстүүлээд, 7 хоногийн хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд би 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хагалгаанд орсон ба миний хөлний хугарсан гэх тулгуур яс нь дээр ялтас тавьж 7 хадаас тавьсан. Тэгээд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтээд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлгээс гарсан. ...хөл хугараад 2 сарын хугацаанд ямар ч ажил хийж, орлого олох боломжгүй болсон. Эмчилгээний төлбөр болох 1.654.432 төгрөг, мөн ажилгүй гэртээ байсан үеийн /2 сарын цалин 2.400.000 төгрөг/ зэрэг төлбөрийг нэхэмжилж байна. ...Намчин гэх залуу миний нүүрний баруун хэсэг, нүд орчим руу өшиглөсөн. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 1.654.432 төгрөг дээр 2 сар цалингүй гэртээ байсны мөнгө болох 2.400.000 төгрөг /сарын цалийн 1.200.000 төгрөг/, нийт 4.054.432 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн ирээдүйд дахин хагалгаанд орох зардал 2.000.000 төгрөг гээд нийтдээ 6.054.432 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 6-9, 10-11, 12/,

гэрч Ц.Нямзаяагийн “...Дөлгөөн нуурын уулзварт ирээд гэрлэн дохиогоор чигээрээ явах эгнээнд зогсож байсан ба ногоон гэрэл асаад чигээрээ явах гэтэл зүүн тийш явах эгнээнээс Приүс 20 загварын машин урдуур дайрч орж ирэхэд нь манай нөхөр сигнал дарах үед нөгөө машины жолооч цонхоороо “сүртэй юм бэ пизда минь” гээд орилчихоод яваад өгсөн. ...Тэгээд Баянбүрдийн тойрог дээр нэг нэгнийгээ шахаж явсан ба нөгөө машины жолооч цонхоороо самарны яс шидсэн нь манай хүүхэд бид хоёрыг оносон. Тэгээд манай нөхөр уурлаад яваад байсан. Тэгээд Гандангийн гэрлэн дохионы уулзварт улаан гэрэл асаад зогсох үед тэр залуу манай урд ирж зогсоод буугаад ирсэн ба манай нөхөр бас буусан. Тэр залуу түрүүлж манай нөхрийн нүүр рүү цохиод дараа нь хавирч унагаасан. Манай нөхрийг унах үед нөгөө залуу хөл дээр нь дэвсэж, толгой руу нь 2 удаа өшиглөсөн. ...Цэнгүүнбаатар нь манай нөхрийг цохиж зодоогүй, Намчин нь зодсон. ...” /хх 13, 14/,

 гэрч Б.Цэнгүүнбаатарын “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 9 цагийн үед охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд хорооллын эцэс рүү өөрийн эзэмшлийн машинтай найз Намчин, Жавхлан нарын хамт явж байсан ба машиныг найз Намчин жолоодож явсан. Дөлгөөн нуурын уулзварт нэг Приүс 20 загварын машин шахаад, сигналдаад яваад байсан. Тэгээд Гандан өгсөөд Тасганы овооны гэрлэн дохиотой уулзвар хүрэлгүй тэр хавьд зогссон ба Намчин болон нөгөө машины жолооч залуу бууж ирээд тэр хоёр заамдалцсан. Тэгээд Намчин тэр залууг хавирч унагаасан. ...” /хх 15/,

яллагдагч Р.Нгийн “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9 цагийн үед найз болох Б.Цэнгүүнбаатар болон Жавхлан, Жавхлангийн найз охин нарын хамт Б.Цэнгүүнбаатарын 57-55 УАВ улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй нь Зүүн дөрвөн замаас 3, 4 дүгээр хорооллын эцсийн чиглэл рүү явж байхад Авто плазагийн урд талын уулзвараас би зүүн эргэх эгнээнд зогсож байгаад тухайн өдөр Баянбүрдийн зам нээгдсэн байхаар нь шууд чигээрээ, баруун тал руу дохио өгөөд нөгөө Д.Б гэх залуугийн машины урд талд гараад аваараа татаад чигээрээ явахад араас Д.Б сигналдаад байхаар нь би цонхоороо хойшоогоо хараад “ямар сүртэй юм бэ” гэж явдал дундаа хэлээд чигээрээ явсан. Тухайн үед Б.Цэнгүүнбаатарын машиныг би жолоодож явж байсан ба харин жолоочийн хажууд талын суудалд Жавхлан унтаад явж байсан. Тэгээд тэр машин Баянбүрдийн тойрог дээр явж байхад гүйцэт түрүүлж ирээд урдуур дараад шахаад чигээрээ машинаараа Тасганы овооны замаар дээшээгээ өгссөн ба араас нь би дахиж гүйцэж түрүүлж очоод урдуур нь эгнээ байраа зөв эзэлсэн. Дахиад тэр машин миний баруун гар талын эгнээнд орж ирэхээр нь би цонхоо буулгаад идэж байсан хуш самарны яс шидсэн. Тэгээд Д.Б болон би машинтайгаа Тасганы овооны уулзварын гэрлэн дохион дээр ар араасаа зогсоод би урд нь зогссон, харин Д.Б миний ард зогссон. Тэгээд би толиндоо хойшоо хараад, цонхоороо толгойгоо гаргаад харахад Д.Б машинаасаа бууж ирж байхаар нь би бас машинаасаа буугаад Д.Бт “яаж яваад байгаа юм” гэж хэлсэн. Ингээд Д.Б намайг түрүүлж заамдсан ба тэгэхээр нь би Д.Бын зүүн хөл рүү нь хавирч унагаагаад нүүр рүү нь өшиглөх гэтэл шүргээд өнгөрсөн. Би ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлгүүд,

“...Д.Бын биед зүүн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10816 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Р.Нг Д.Бтай маргаан үүсгэн гэрлэн дохион дээр шахаж зогсон түүнийг бууж ирэх үед жийж унагаах, зүүн хөлөнд дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Р.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Р.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Баас “...Би Р.Нгаас “Мөнгөн гүүр” эмнэлгээр хийлгэх хагалгааны 1.783.000 төгрөг, 4 сарын цалингийн орлого болох 4.000.000 төгрөг, шатахууны зардал 90.000 төгрөг, нийт 5.873.000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсэж байна. ...Мөн прокурор Б.Чимгээ илтэд шүүгдэгчийн талд үйлчилж байгаад гомдолтой байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч Д.Б “Мөнгөн гүүр” эмнэлгээр хийлгэх хагалгааны 1.783.000 төгрөг, 4 сарын цалингийн орлого болох 4.000.000 төгрөг, шатахууны зардал 90.000 төгрөг, нийт 5.873.000 төгрөг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш тул анхан шатны шүүх шүүгдэгч Р.Н нь хохиролд 1.094.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн уг хэрэгт хяналт тавьж буй прокурор Б.Чимгээ нь шүүгдэгч Р.Нтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй болох талаархи баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ