| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Б*******д холбогдох эрүүгийн 2515000000023 дугаартай, 304/2025/0121/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д*******л аймгийн Дархан сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг Ингэт шанш 4 дүгээр гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б******* овогт Д*******ий Б******* РД:*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2515000000023 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Б******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/935 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.43 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ******* ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баттулгын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
3.Д.Баттулгын согтолтын зэргийг шалгахад 1.43 хувь гэсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл / хавтаст хэргийн 3 дахь тал/,
4.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/935 дугаартай “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар Б******* овогт Д*******ий Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар / хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
5.Уг согтуурал хэмжих төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 9-15 дахь тал/,
6.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “...1.43%-тай Хюндай портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д*******ий Б******* жолоодсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэсэн магадалгаа, / хавтаст хэргийн 22-25 дахь тал/,
7.Гэрч Д.Нгийн “...Би Булган аймгийн Сэлэнгэ суманд хэв журмын цагдаа хийдэг. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Сэлэнгэ сумын 5 дугаар баг доод хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн ачааны портер загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хурдтай явж байсан. Ингээд шалгах гэтэл доод хорооллын гэрэлтэй, тасархай гудмаар Ингэт толгойн зүгт явсан. Араас нь дагаж яваад айлын хашаан дотор орж зогсоход нь жолоочийг шалгахад Д.Б******* гэдэг хүн өөрийнхөө гэрийн хашаа руу орсон байсан. Уг хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир жолоодох эрхийг шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан. Ийм учир Д.Баттулгыг цагдаагийн хэсэг дээр авч ирэн согтолтын зэргийг шалгахад 1.43 хувийн согтолттой байсан. Д.Б******* нь ганцаараа явж байсан. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
8.Яллагдагч Д.Баттулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
9.Цагдаагийн газрын нэгдсэн санд ******* регистрийн дугаараар хайлт хийсэн зөрчлийн бүртгэл, лавлагаа / хавтаст хэргийн 39-45 дахь тал/,
10.Яллагдагч Д.Баттулгын өгсөн: “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмгөөлөгч аваагүй байгаа. Одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн байгаа тухайн мэдүүлэгт болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Ер нь бол 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай эхнэр С.Т надад тамхи авч татаарай гэж хэлээд 10.000 төгрөг өгсөн юм. Тэгэхээр нь би гэрээс гарахдаа өөрийн эзэмшлийн 13-36 ******* улсын дугаартай ачааны Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод манай гэрээс 1 км гаран зайтай байх "Оргил" нэртэй хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүрээс 0.33 гр шилтэй “Хараа” нэртэй архи аваад гэр рүүгээ буцаж яваад баруун урд талын айлын өвөлжөөний гадаа зогсож байгаад тухайн авсан архинаасаа 2 балгаад хашаа руугаа ороод унаж явсан тээврийн хэрэгслээ унтраахад сумын цагдаа орж ирээд намайг согтолт хэмжигч багажаар үлээлгэхэд согтолттой гарсан. Ийм л зүйл болсон. ...Би өмнөх өдөр нь болон дэлгүүр явахаасаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би ганцаараа явж байгаад тухайн архинаасаа 2 балгасан. Манай баруун урд айлын өвөлжөө манай гэрээс 300 орчим метр зайтай байдаг. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 53 дахь тал/,
11.Гэрч Г.Дгийн өгсөн: “...******* ******* улсын дугаартай цагаан өнгийн ачааны портер маркийн тээврийн хэрэгслийг мэднэ. Тухайн тээврийн хэрэгслийг одоогоос 10 гаран жилийн өмнө би өөрөө худалдаж авч байсан. Одоо санаж байгаагаap 2013 он билүү 2015 он хавьцаа авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч 2021 онд би өөрийн хүү болох Д.Б*******д амьдралдаа хэрэглэ гээд өгсөн. Тухайн цагаас хойш манай хүү Д.Баттулгын эзэмшилд байгаа юм. Би хүүхдэдээ бүр мөсөн өгсөн юм. ...Д.Б******* нь миний төрсөн хүүхэд учраас би тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөх талаар ерөөсөө бодож байгаагүй. ...Манай хүү Д.Баттулгынх манайхаас хэдэн гудамж зайтай байдаг юм. Тухайн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үед нь би мэдээгүй. Харин маргааш нь цагдаад баригдсаныг нь мэдсэн. ...Манай хүү сүүлийн 3-4 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд байдаг болсон. Гэхдээ ажил хийж байгаа цагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Манай хүүхэд Хавар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд эхнэр хүүхэдтэйгээ барилгын ажил хийгээд явдаг юм. Тэр хоорондоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Өвөл сумандаа амрахаараа хааяа уучихдаг юм. ...”Оргил” нэртэй хүнсний дэлгүүр нь Баттулгынхаас ойролцоогоор 1 км орчим зайтай байгаа байх би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 57 дахь тал/,
12. Гэрч С.Тын өгсөн: “...Би Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт задгай тоотод өөрийн нөхөр Д.Б******* болон 3 хүүхдийн хамт амьдардаг юм. ...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр модонд яваад харуй бүрий болсон байхад ирсэн. Тухайн үед одоо санаж байгаагаар 19-20 цаг болж байсан байх. Тэгээд манай нөхөр бид хоёр авч ирсэн модоо буулгаад дуусахад манай нөхөр “тамхигүй болсон, тамхинд явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10.000 төгрөг өгөхөд манай нөхөр портертойгоо дэлгүүр явсан. Тэгээд уул нь нэг их удаагүй буцаж ирж байгаа бололтой байсан. Гэрт орж ирэхгүй байхаар нь би гэрээс гараад хартал байхгүй байсан. Тэгээд буцаад нэг их удаагүй манай нөхөр гэртээ орж ирээд “тамхи авах гэж байсан мөнгөөрөө 0.33 гр шилтэй архи авч уугаад, жолоо бариад явж байгаад цагдаад баригдаад үлээчхээд ирлээ” гэж хэлсэн. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 59 дахь тал/,
13.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 61-66 дахь тал/,
14.Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/24 дугаартай “Тус сумын 5-р багийн доод хорооны зам нь гэр хороолол дахь шороон зам болохыг тодорхойлов.” гэсэн албан бичиг / хавтаст хэргийн 69 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Д.Б******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/935 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.43 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ******* ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтан Д.Нгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн согтуурал шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч Д.Баттулгын согтуурлын зэргийг драйгерь багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 1.43 хувийн согтолт илэрсэн байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.
Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Баттулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 35, 37-45 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг Ингэт шанш 4 дүгээр гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Д.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Д*******ий Баттулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б*******д сануулсугай.
5.Шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч Д.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ