Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/217

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 сарын 17-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн А гэх газарт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Б.Б

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Г гэх газраас хууль бусаар шинэс төрлийн босоо модыг огтлон 6 ширхэгт хувааж буюу 0,2311 метр куб мод бэлтгэж, ойн санд 25,365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           *Эрүүгийн ********** тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн өгсөн:  

“...Байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/

 

          *Гэрч Х.М-ын өгсөн:

           “...Би хэзээ бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б сумын байгаль хамгаалагч Д.А-ийн хамт Б сумын Т баг, Б багуудын нутгаар хяналт шалгалт хийж явахад Т багийн Д гэх газар галын түлээний мод бэлтгэж хураасан байсан юм......Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Тамир багийн иргэн Ч.Б гэх хүн надаас 2024 оны 11 сарын эхээр 1 удаа мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичиг бичүүлж авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

         *Гэрч Д.А-ийн өгсөн:

         “...Би хэзээ бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б сумын байгаль хамгаалагч Х.М-ын хамт Б сумын Т баг, Б багуудын нутгаар хяналт шалгалт хийж явахад Т багийн Д гэх газар галын түлээний мод бэлтгэж хураасан байсан юм. Тэгээд бид нар хэн бэлтгэсэн талаар нь судалж үзэхэд Б.Б гэх хүн бэлтгэсэн талаар мэдсэн юм....Т багийн Г гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

         *Гэрч А.-н өгсөн

         ...2024 онд Б сумын хэмжээнд галын түлээний мод бэлтгэх батлагдсан хэмжээнд хүрсэн байсан тул сумын байгаль хамгаалагч нартай ярилцан сумын удирдлагуудад танилцуулан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг зогсоосон юм.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/,

         * Гэрч С.Б-ийн өгсөн:

         ...Хадам дүү Б.Б 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед утсаар залгаад ахаа миний машины мотор эвдэрчихлээ та ирээд чирээд өгөөч гээд би Т багийн нутаг И гэх газарт очин машин модтой чирч яваад Д гэх газарт ирэхэд миний өөрийн машины таван бул эвдэрч цааш чирч хүчрэхгүй болохоор нь модыг нь буулгаад цааш машиныг нь чирээд гэрийн гадна аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59-60 дугаар тал/,

         * Гэрч М.М-гийн өгсөн:

          ...Б сумын иргэн Б.Б гэх хүн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б сумын Т багийн Г гэх газраас тухайн галын түлээний модыг бэлтгэж, өөрийнхөө эзэмшлийн ******** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн тус багийн Д гэх газар байх гэртээ очихоор явж байхад тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл нь эвдэрч явахгүй болохоор нь Д гэх нэртэй газар модон дотор буулгаж орхисон гэж мэдүүлдэг юм. Би тухайн гомдол мэдээллийг шалгаж байхдаа тухайн хууль бусаар бэлтгэсэн галын түлээний мод Д гэх газраас алга болох, тоо ширхгээс нь дутах зэрэг нөхцөл тогтоогдож байсан тул Б.Бийн бэлтгэсэн галын түлээний модыг өөрийнх нь эзэмшлийн ****** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Б сумын цагдаагийн хэсгийн хашаанд авч очиж түр саатуулан тухайн хашаанд хууль бусаар бэлтгэсэн модонд болон тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үзлэгийг тус тус хийсэн. Би тухайн модыг Т багийн Г гэх газраас бэлтгэн, Т багийн Д гэх газар хүртэл тээвэрлэсэн гэх Б.Б-ийн эзэмшлийн ***** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр, Т багийн Д гэх газар буулгасан байсан модыг Б сумын төв рүү тээвэрлүүлсэн, өөр ямар нэгэн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 69- 70 дугаар тал/,

 

         *Яллагдагч Д.Б-ын өгсөн:

         “...Прокурорын тогтоолтой танилцлаа, Би мэдэхгүй байна, эргэлзэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 138-139 дүгээр тал/

 

         *А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 02 сарын 29-ний өдрийн ********* дугаартай: “...Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pineceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй мод нь 10,6% чийгтэй хуурай мод байна. 2.Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Шинжлэгдэж буй модны 1, 8, 12, 17, 21, 22 гэх дугаарласан босоо модноос бэлтгэсэн гэх 6 ширхэг мод нь 0,2311м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 25,365 төгрөг байна. 4. Шинжлэгдэж буй модны 2-7, 9-11, 13-16, 18-20, 23-31 гэж дугаарласан унанги модноос бэлтгэсэн гэх 25 ширхэг мод нь 1,4211м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 155,979 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-н 114-117 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай:

            “...1995 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд  Монгол улсад орж ирсэн Мазда  маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгааны хөрөөний зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 60,000 /жаран мянга/, 1,6522 метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай  модны зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 141,500 /нэг зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөгөөр тус тус үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 124-125 дугаар тал/

 

           *Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Б сумын Т багийн Г гэх газраас Б сумын иргэн Б.Б нь эрхийн бичиггүй хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл /хх-н 2 дугаар тал/,

          *Эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Б сумын Цагдаагийн хэсгийн хашаанд түр саатуулсан ***** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд байх модонд үзлэгийг эхлүүлэв. Уг модын нэг бүрчлэн дугаар тавьж тоолж үзэхэд Б.Б-ийн бэлтгэж, тээвэрлэсэн мод нь 1.40 м урттай 31 ширхэг шинэс төрлийн мод байв. 1-д 1-д 1,40 метр урт 14 см радиустай 2 ширхэг мод, 2-д 1,40 метр урт 22 см радиустай 2 ширхэг мод, 3-д 1,40 метр урт 16 см радиустай 2 ширхэг мод, 4- д 1,40 метр урт 37 см радиустай 1 ширхэг мод, 5-д 1,40 метр урт 11 см радиустай 2 ширхэг мод, 6-д 1,40 метр урт 40 см радиустай 1 ширхэг мод, 7-д 1,40 метр урт 25 см радиустай 1 ширхэг мод, 8-д 1,40 метр урт 30 см радиустай 3 ширхэг мод, 9-д 1,40 метр урт 20 см радиустай 5 ширхэг мод, 10-р 1,40 метр урт 13 см радиустай 1 ширхэг мод, 11-р 1,40 метр урт 17 см радиустай 1 ширхэг мод, 17-р 1,40 урт 30 см радиустай 1 ширхэг мод тус тус байх бөгөөд нийт 3 ширхэг мод байвгэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-11 дүгээр тал/,

         *Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ...Үзлэгийг А аймгийн Б сумын цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд түр саатуулагдсан байх ****** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлд хийв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зулгийн үзүүлэлт /хх- ийн 12-15 дугаар тал/,

         * Хэргийн газрын үзлэг хийсэн “...Б.Б-ийн мод бэлтгэсэн гэх газар нь А аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 32 км зайд байх Б сумын Т багийн Г гэх нэртэй газар байх бөгөөд уг газар нь зүүн талаасаа баруун тал руугаа намсан уулын хажуу газар хуш, шинэс төрлийн мод холилдон ургасан ой байв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-22 дугаар тал/,

         *Эд зүйлд үзлэг хийсэн ...Уг үзлэгийг цагдаагийн газрын 205 тоот албан өрөөнд эхлүүлэв. Б.Б нь мод бэлтгэхэд ашигласан хөрөө нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн 2022 онд худалдан авсан гэх хөрөө нь эх бие бариул хэсгийн урт ЗОсм, ажлын хэсэг буюу шугам төрийн урт бОсм, нийт урт 90см урттай хөрөө байх бөгөөд уг хөрөөний эх бие нь дээд талаараа хар өнгийн металл зүйлээр таглагдаж эх биетэй бэхлэгдсэн дээд талдаа ягаан өнгийн банкны таг, хар өнгийн сэвчээний утас тус тус байрлах бөгөөд хөрөөний зүүн тал буюу хөрөөг асаах зориулалт бүхий хэсэг нь улаан хүрэн өнгийн хуванцар тагаар таглагдаж эх биетэй бэхлэгдсэн татаж асаах зориулалт бүхий уяа нь хар өнгийн бариултай, хөрөөний урд талд утаа гаргах зориулалт бүхий яндан нь байх бөгөөд, ажлын хэсэг буюу шугам төмөр нь хар өнгийн метал зүйлээр хийгдсэн байх бөгөөд шугам төмөр дээр тойрсон хөрөөний ир байрласан байх ба баруун талд шугам төмөр, хөрөөний ирний хамгаалалт нь хар өнгийн метал зүйл нь 2 боолтоор нь эх биетэй боож бэхлэгдсэн байв. хөрөөний хойд хэсэгт хар өнгийн метал бариул эх биетэй бэхлэгдсэн, эх биеийн доод талаас зүүн талаар гарч тойрч баруун талд эх биетэй бэхлэгдсэн метал зүйлээр хийгдсэн бөөрөнхий хэлбэртэй хар өнгийн бариултай хөрөө байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 дугаар тал/

 

            *А аймгийн Б сумын Т багийн Г гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй талаарх албан бичиг /хх-н 24 дүгээр тал/,

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Г гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлийн бичигт заасан талбайгаас мод бэлтгэж тээвэрлэхдээ зөвшөөрлийн бичигт заагаагүй, зөвшөөрөөгүй шинэс төрлийн босоо мод 1 ширхгийг огтлон 6 хэсэгт хувааж буюу 0,2311 метр куб мод бэлтгэж ойн санд 25,365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн өгсөн: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг, гэрч Х.М-ын өгсөн: “...Би хэзээ бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б сумын байгаль хамгаалагч Д.А-ийн хамт Б сумын Т баг, Б багуудын нутгаар хяналт шалгалт хийж явахад Т багийн Д гэх газар галын түлээний мод бэлтгэж хураасан байсан юм......Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Т багийн иргэн Ч.Б гэх хүн надаас 2024 оны 11 сарын эхээр 1 удаа мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичиг бичүүлж авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.А-ийн өгсөн: “...Би хэзээ бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б сумын байгаль хамгаалагч Х.М-ын хамт Б сумын Т баг, Б багуудын нутгаар хяналт шалгалт хийж явахад Т багийн Д гэх газар галын түлээний мод бэлтгэж хураасан байсан юм. Тэгээд бид нар хэн бэлтгэсэн талаар нь судалж үзэхэд Б.Б гэх хүн бэлтгэсэн талаар мэдсэн юм....Т багийн Г гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй...” гэсэн мэдүүлэг, гэрч А.М-ын өгсөн ...2024 онд Б сумын хэмжээнд галын түлээний мод бэлтгэх батлагдсан хэмжээнд хүрсэн байсан тул сумын байгаль хамгаалагч нартай ярилцан сумын удирдлагуудад танилцуулан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг зогсоосон юм.” гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-ийн өгсөн: ...Хадам дүү Б.Б 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед утсаар залгаад ахаа миний машины мотор эвдэрчихлээ та ирээд чирээд өгөөч гээд би Т багийн нутаг Их тээлийн Гурван эрээн гэх газарт очин машин модтой чирч яваад Давхар гэх газарт ирэхэд миний өөрийн машины таван бул эвдэрч цааш чирч хүчрэхгүй болохоор нь модыг нь буулгаад цааш машиныг нь чирээд гэрийн гадна аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг, гэрч М.М-гийн өгсөн: ...Б сумын иргэн Б.Б гэх хүн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б сумын Т багийн Г гэх газраас тухайн галын түлээний модыг бэлтгэж, өөрийнхөө эзэмшлийн ****** улсын дугаартай М маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн тус багийн Д гэх газар байх гэртээ очихоор явж байхад тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл нь эвдэрч явахгүй болохоор нь Д гэх нэртэй газар модон дотор буулгаж орхисон гэж мэдүүлдэг юм. Би тухайн гомдол мэдээллийг шалгаж байхдаа тухайн хууль бусаар бэлтгэсэн галын түлээний мод Д гэх газраас алга болох, тоо ширхгээс нь дутах зэрэг нөхцөл тогтоогдож байсан тул Б.Б-ийн бэлтгэсэн галын түлээний модыг өөрийнх нь эзэмшлийн ***** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Б сумын цагдаагийн хэсгийн хашаанд авч очиж түр саатуулан тухайн хашаанд хууль бусаар бэлтгэсэн модонд болон тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үзлэгийг тус тус хийсэн. Би тухайн модыг Т багийн Г гэх газраас бэлтгэн, Т багийн Д гэх газар хүртэл тээвэрлэсэн гэх Б.Б-ийн эзэмшлийн ****** улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр, Т багийн Д гэх газар буулгасан байсан модыг Б сумын төв рүү тээвэрлүүлсэн, өөр ямар нэгэн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 02 сарын 29-ний өдрийн АРХ0325/067 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

 

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ”-г ойлгоно гэж заасан бөгөөд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлийг  мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 35.4.1-т “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн ” , 35.4.2-т “ зохих гэрээ зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” гэж тус тус заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэх нөхцөлд Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 35.4.1, 35.4.2-т заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх ойлголтууд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд “нүх гарсан мод байсан болохоор унагаасан” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ургах чадвартай мод байсан эсэхийг тогтоосон баримтгүй гэх тайлбар гаргасан боловч зөвшөөрөлд заагаагүй аргаар босоо мод бэлтгэснийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Г гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлийн бичигт заасан талбайгаас мод бэлтгэж тээвэрлэхдээ зөвшөөрлийн бичигт заагаагүй, зөвшөөрөөгүй шинэс төрлийн босоо мод 1 ширхгийг огтлон 6 хэсэгт хувааж буюу 0,2311 метр куб мод бэлтгэсэн шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг зөвшөөрөлгүйгээр,  хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Бийг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 25,365  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /25,365*3=76,095/далан зургаан мянга ерэн тав/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс /25,365*3=76,095/ далан зургаан мянга ерэн тав/ төгрөг  гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 52-49 АРХ улсын дугаартай Мазда маркийн автомашин нь зөвшөөрөлтэйгөөр бэлтгэсэн модоо тээвэрлэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн унанги модноос бэлтгэсэн гэх 1,4211 м3 мод нь зөвшөөрөлтэйгөөр бэлтгэсэн мод тул уг машин болон модыг шүүгдэгчид буцаан олгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 76,095 төгрөгийг /далан зургаан мянга ерэн тав/  төгрөгийг төлүүлэн, хэрэгт битүүмжлэгдсэн 0,2311 м3 шоо метр шинэс төрлийн босоо модыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос байгаль экологид учруулсан хохирол 76,095 /далан зургаан мянга ерэн тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бийн 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 52-49 АРХ улсын дугаартай Мазда маркийн автомашин, 1,4211 м3 унанги модыг шүүгдэгч Б.Б-д буцаан олгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 76,095 /далан зургаан мянга ерэн тав/  төгрөгийг төлүүлж хэрэгт битүүмжлэгдсэн 0,2311 м3 шоо метр шинэс төрлийн хуурай босоо модыг улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН