Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч С.С*******э, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.С*******эд холбогдох эрүүгийн 2515001360099 дугаартай, 304/2025/0130/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Чи******* овогт С*******йн С*******э, Булган аймгийн Х******* суманд 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн С******* сумын 3 дугаар багийн Б******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эрэгтэй, 24 настай, *******,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч С.С*******э нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн С******* сумын С******* бүрэн 3 дугаар багийн нутаг "*******” гэх нэртэй газарт байрлах ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг босоо “” төрлийн 22.736 м³ модыг 97 хэсэг болгон тайрч, улсын дугаартай, С ачигч ашиглан бэлтгэсний улмаас байгаль экологид 9,602,348 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 28,807,044 төгрөгийн шууд бус хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515001360099 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С*******э нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн С******* сумын С******* бүрэн 3 дугаар багийн нутаг "*******” гэх нэртэй газарт байрлах ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 40 ширхэг босоо “” төрлийн 22.736 м³ модыг 97 хэсэг болгон тайрч, улсын дугаартай, С ачигч ашиглан бэлтгэсний улмаас байгаль экологид 9,602,348 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 28,807,044 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд /Базагч механизм/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бензин моторт хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 01/456 дугаартай албан бичиг, иргэний нэхэмжлэгч Б.Бямбаа, А.Амарсайхан нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Батзориг, Г.Хандсүрэн, Г.Өнөрбат, Д.Хашбат нарын өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 9001897 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ОРХ-912289 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0325/3375 дугаартай дүгнэлт, Булган аймгийн С******* сумын С******* бүрэн 3 дугаар баг гэх газар N49°39'24.0, E104°29'48.0 солбицлыг ArcGIC программд оруулан Монгол улсын аймаг, сумдын хилтэй давхцуулан зураглахад Булган аймгийн С******* сумын нутагт хамаарч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А/156 тушаалын хавсралтаар гуравдугаар мужлалд хамаарч байна...” гэсэн дүгнэлт, яллагдагч С.С*******ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч С.С*******э нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С*******э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас 9.602.348 төгрөгийн хохирол байгаль орчинд  учирсан бөгөөд 3 дахин өсгөж тооцох 28.807.044 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхийн шатанд 12.000.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч С.С*******ээс 16.807.044 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч С.Соёл-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч А.Амарсайханы өмчлөлийн Бүгд найрамдах Хятад ард улсад 2021 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, 69-96 улсын дугаартай, арлын дугаартай, модел, загварын авто ачигч тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийн үнэ 10.000.000 төгрөг  болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад ард улсад  үйлдвэрлэсэн YD-98 загварын, шар алаг өнгийн, хуучин, хэвийн ажиллагаатай 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 40 ширхэг босоо “” төрлийн 22.736 м³ модыг 97 хэсэг болгон тайрч бэлтгэсэн модыг тус тус хурааж улсын орлого төсөвт шилжүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Чи******* овогт С*******йн С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С*******ийн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч С.С*******э нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.С*******ээс байгаль экологид учруулсан хохирол 16.807.044 /арван зургаан  сая найман зуун долоон мянган дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч А.Амарсайханы өмчлөлийн Бүгд найрамдах Хятад ард улсад 2021 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, 69-96 улсын дугаартай, арлын дугаартай, модел, загварын авто ачигч тээврийн хэрэгслийг өмчлөгч А.Амарсайханы эзэмшилд үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөгийг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 40 ширхэг босоо “” төрлийн 22.736 м³ модыг 97 хэсэг болгон тайрч бэлтгэсэн модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

7.Шүүгдэгч С.Оргиохүүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад  үйлдвэрлэсэн YD-98 загварын, шар алаг өнгийн, хуучин, хэвийн ажиллагаатай 1 ширхэг цахилгаан хөрөө 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт оруулсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ