Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 51

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төгс овгийн Батмөнхийн Анхбаярт холбогдох 201717000149 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн харьяат, 1987 оны 03 дугаар сарын 21-нд төрсөн, 30 настай, эрэгтэй,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ЕЭ87122173 регистртэй, Төгс овгийн Батмөнхийн Анхбаяр

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2017 оны 05 сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Батжаргалыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 5 сарын 24-ны орон найзындаа согтуу  унтаж байхад нөхөр нь согтуу орж ирээд эхнэр хүүхэдээ зодно гээд дайраад байхаар нь  би хорьсон.Тэгсэн Батжаргал намайг сандалаар цохьсон би өөдөөс нь нэг удаа цохьсон. Өөр юм болоогүй гэв.

 

  - Хохирогч Ө.Батжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Анхбаяр манай эхнэрийн хамаатан юм. Анхбаяр надад “та эгчийг зодож, хэрүүл хийдэг” гэж хэрүүл өдөж байгаад миний нүүр рүү 3-4 цохисон, миний үүдэн 4 шүд хөдөлсөн, цээжин хэсэгт хөндүүрлэсэн. Би гомдолтой байна, эмчилгээний мөнгө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг, / хх-н 6-7 х /

   - Хохирогч Ө.Батжаргал 2017 оны 07 сарын 24-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Өлзийбаяр овогтой Батжаргал миний бие 2017 оны 5 сарын 24-ны шөнө иргэн Анхбаярт зодуулж  биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Анхбаяр нь эмчилгээний зардалд 360000 төгрөг өгсөн. Бид сайн дураараа эвлэрсэн. Тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхмэжлэх зүйл, гомдолгүй гэжээ. 

 

   - Гэрч А.Саруултуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:... орой 22 цагийн орчимд манай нөхөр Батжаргал согтуу ирээд хаалга балбаад агсраад байшингийн урд талын цонхыг хагалж орж ирээд намайг зодох гээд дайраад байсан. Гэтэл Анхбаяр намайг өмөөрч Батжаргалыг хориход Анхбаярын нуруу хэсэг рүү Батжаргал модон сандлаар цохин унагаасан. Анхбаяр босч ирээд Батжаргалын нүүрэн тус газар 1 удаа цохитол Эрдэнэ-Очир болиулаад тэд нар жижиг өрөөнд орж унтаад өгсөн... гэх мэдүүлэг, / хх-н 9 х / 

 

           - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 207 тоот актын дүгнэлтэнд: 1.Ө.Батжаргалын биед баруун нүдний доод зовхинд  цус хуралт, хамрын уг  хэсэгт зулгаралт, өвчүү хэсэгт цус хуралт, дээд эрүүний баруун 1, зүүн 1 дүгээр шүд, доод эрүүний баруун 1, зүүн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 16 х /

 

- Б.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 28 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн засаг даргын 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 03/113 дугаартай албан тоот, / хх-н 27 х /зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2017 оны 05 сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Батжаргалыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Ө.Батжаргал, гэрч А.Саруултуяа, Г.Эрдэнэ-Очир нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 207 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Анхбаярыг холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Б.Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүгдэгч Б.Анхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Харин шүүгдэгч Б.Анхбаярт ял шийтгэл оногдуулахдаа  2002 оны Эрүүгийн хуулийн  тохирох зүйл заалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Учир нь  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн  Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж  хохирогчтой сайн дураараа эвлэрсэн нөхцөлд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  хуулийн зохицуулалт байхгүй болсон бөгөөд дээрхи зохицуулалт 2002 оны эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгагдан мөрдөгдөж байсан. 

            2016 оны 06 сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  3 дугаар зүйлд шинээр мөрдөгдсөн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөн ялтайг хэрэглэх зарчмийг зааж өгсөн байна. Иймд  шүүгдэгч Б.Анхбаярт 2002 оны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ө.Батжаргал нь  шүүгдэгч Б.Анхбаяртай  сайн дураараа эвлэрсэн  нь тэдний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.Батжаргал нь шүүгдэгч Б.Анхбаяр сайн дураараа эвлэрсэн нь хохирогч Ө.Батжаргалын 2017 оны 7 сарын 24-ны өдөр хүсэлтээр   нотлогдож байна.  

          Шүүгдэгч Б.Анхбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ө.Батжаргалтай сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч Б.Анхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.Анхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ  

 

1. Шүүгдэгч Төгс овгийн Батмөнхийн Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Анхбаярт холбогдох хэргийг хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.    

 

3. Шүүгдэгч Б.Анхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Ө.Батжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэснийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР