| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ДШМ/26 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/26
*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0050/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Т.Дэлгэрмэнд
Шүүгдэгч ******* /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолтой, *******ийн *******ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1977 оны 01 дүгээр сарын 11-нд Дархан хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, Их Нарангийн 3-р гудамж, 22 тоотод оршин суух, урьд нь :
1994 онд Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3.т зааснаар 1 жил хорих ял,
1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3. д зааснаар 1 жил 3 сар хорих ял,
1999 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1., 183 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 жил 6 сар хорих ял,
2002 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1.д зааснаар 1 жил хорих ял,
2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ял,
2007 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар 2 сар баривчлах ял,
2008 онд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1.д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял,
2009 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар хувьд ноогдох эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 6 сар хорих ял,
2018 онд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 64 дүгээр брак байрны 8 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 1020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокуророос ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2.т заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт хорих ялыг 40 хоногт шилжүүлж, 40 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 сар 10 хоног хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 9 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхээс *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт хорих ялыг 40 хоногт шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7.1.д зааснаар 8 сар хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 10 хоног хорих ялаар тогтоосон.
******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралд үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-р бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зохицуулж өгсөн бөгөөд тус бүлгийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаас үзвэл, энэ заалт нь хүнийг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан бөгөөд шүүгдэгчид энэ заалтыг шүүх хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Мөн шүүх хуралдаанд хохирогч ******* нь “миний зүгээс гомдолгүй, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй” гэсээр байтал 9 сар 10 хоног хорих ял шийтгэсэн нь *******ын эрх зүйн байдлыг дордуулсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.д зааснаар “... тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэснийг үндэслэж ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байна.
Анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1.д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг тусад нь эдлүүлж цагдан хоригдсон хоногт нь оруулан тооцох, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7.1.д зааснаар 8 сар оногдуулсан хорих ял тэнсэж шийдвэрлэж бололцоо байгааг харгалзан хянаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч биечлэн оролцоно гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5. д заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд тусгагдсан "шударга ёсны зарчим’!-ын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуульд тусгагдсан ‘Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмын агуулгыг Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгасан тохиолдолд шүүхээс. эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгаар ойлгох шүүхийн практик тогтож байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт болон уг хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх. урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд. шүүгдэгч *******ын үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг бүхий гэмт хэрэг бөгөөд энэ тохиолдол нь дээрх зарчимд хамаарахгүй юм.
-Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ ... ******* нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдал. эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн атлаа хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 .т зааснаар шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д заасныг баримтлан прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:
Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэлгүй ял шийтгэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч гомдолгүй гэдгээ мэдүүлж байсан. Прокурорын эсэргүүцлийн хувьд үндэслэлгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******ийн *******ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг 2020 оны 10 дугаар сарын 06, 2020 оны 10 дугаар сарын 07, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 64 дүгээр брак байрны 8 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэж мөн эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11 .7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1. болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1 1.1.т зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгэж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт хорих ялыг 40 хоногт шилжүүлж, 40 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сар хорих ял дээр нэмж нэгтгэн *******ад 9 сар 10 хоног хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын ******* нь хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох *******г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримт болох шүүгдэгчийн болон хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, түүнчлэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 825 дугаартай .”.. Хохирогч *******гийн биед тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, баруун тохой, зулайны хуйхны зулгаралт тогтоогдлоо, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...”гэсэн дүгнэлт, /х.хийн 24-25-р хуудас/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, / х.хийн 6-8-р хуудас / Аюулын зэргийн үнэлгээ / х.хийн 46-47-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.
Дээрх нотлох баримтаас үзвэл шүүгдэгч ******* хохирогч ******* нар Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 64 дүгээр брак байрны 8 тоотод хамт амьдардаг бөгөөд гэртээ 2020 -10- 06, 2020-10-07, 2020-10-08-ны өдрүүдэд хоорондоо маргалдаж *******г зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун бугалга, баруун чихний ар хэсэг, зүүн хонго дахь цус хуралт, зулайны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шинжээч эмчид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үзүүлж дүгнэлт гарчээ.
Мөн хэргээс үзвэл хохирогчийн зодуулсан гэх 3 удаагийн үргэлжилсэн үйлдлийн аль үйлдэл нь түүний биед хөнгөн хохирол учруулсныг тогтоох боломжгүй байхад Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт буюу хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй байх бөгөөд хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйл баримтаас үзвэл шүүгдэгч *******ын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар давхар зүйлчилснийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1. болгон өөрчлөн, 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар давхар зүйлчилсэн нь 1 үйлдлийг Эрүүгийн хуульд заасан 2 зүйлд зааснаар зүйлчилсэн шинжтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дугаар заалтыг :
-Дархан-Уул аймгийн Прокуророос ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 гэж өөрчлөн зүйлчилсүгэй гэж,
- Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,
-Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэж, тус тус өөрчлөн тогтоох хэсгийн 4, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.д зааснаар шүүгдэгч ******* нь Давж заалдах шатны шүүх хуралдаан хийх хүртэл нийт 126 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, /126 х 8 = 1008 цаг/ энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
3. Шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.
4.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА