Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00053/И |
Дугаар | 136/шш2022/00067 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 136/шш2022/00067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** оршин суух, Б овогт Л.Н (РД:)-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багт 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил 11 сар, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдан явж ирээд 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд мөн 1 дүгээр багтаа ямаачнаар томилогдон 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 5 сар 25 хоног ажиллаж байтал тус сумын Говийн хөгжил нэгдэл тарж малаа малчдадаа хувьчилсан юм. Ингээд одоог хүртэл хувиараа мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах нас болоход 1995 оноос 2000 оныг дуустал 6 жил мал малласны А данс сум болон аймгийн архивд байхгүй юм. Иймд намайг Говийн хөгжил нэгдэлд 5 жил 4 сар 25 хоног, мөн хувиараа мал маллаж байсан 6 жил, нийт 11 жил 4 сар 25 хоног ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь 55 настай. 1985 оны 06 сард цэргийн албанд татагдаж 1988 онд халагдсан. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хүсэлт гаргагч нь 1992 онд нэгдэл тарах үед хувиараа мал малласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход 1992-2005 оны мал тооллогын бичиг нь архиваас олдоогүй учраас одоо 1985-1992 хүртэл 6 жилийн хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгох тухайн нэхэмжлэл гаргасан гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Сайхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 86 тоот албан бичиг /хх-6/, Дорноговь аймаг, Засаг даргын Тамгын газар, Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 546 тоот албан бичиг /хх-7/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 29 тоот Илгээлтийн эздийг ажилд томилох тухай, 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 46 тоот Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалууд /хх-8-10/, гэрч Д.Н, Н.Снарын хөдөлмөрийн дэвтрийн болон иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-11-24/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-25, 26/, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-27, 28/, хүсэлт гаргагчаас Б.Сд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-32/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Н, Н.Снарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ннь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Ннь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж байсан болох нь:
- 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Сайхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 86 тоот албан бичиг /хх-6/, Дорноговь аймаг, Засаг даргын Тамгын газар, Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 546 тоот албан бичиг /хх-7/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 29 тоот Илгээлтийн эздийг ажилд томилох тухай, 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 46 тоот Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалууд /хх-8-10/, гэрч Д.Н, Н.Снарын хөдөлмөрийн дэвтрийн болон иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-11-24/, хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн фото зураг /хх-27, 28/,
- Гэрч Н.Сын шүүхэд мэдүүлсэн: ... Л.Ннь 1983 онд Сайхандулаан сумын 8-р ангийг төгсөөд илгээлт аван тус сумын Говийн хөгжил нэгдэлд ямаачнаар ажилд орон 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 06 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдан ирээд 1988 оны 06 дугаар сарын сүүлээр Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд ямаачнаар ажилд орон нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Нэгдэл татан буугдсанаас хойш одоог хүртэл Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутагт хувиараа мал маллан амьдардаг. гэх мэдүүлэг /хх-36, 37/,
- Гэрч Д.Бын шүүхэд мэдүүлсэн: ...Л.Ннь 8-р ангиа төгсөөд 1983 онд Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд илгээлтээр ямаачнаар ажилд орон 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 06 дугаар сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1985 онд миний төрсөн дүү Батдэлгэрийн хамт цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдан ирээд 1988 оны 07 дугаар сараас Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд ямаачнаар ажилд орон нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Нэгдэл татан буугдсанаас хойш одоог хүртэл Сайхандулаан сумын 1 дүгээр баг буюу Улаан шороот багийн нутагт хувиараа мал маллан амьдардаг. Улаан шороот баг нь өмнө нь Завсар бригад нэртэй байсан. гэх мэдүүлэг /хх-38, 39/, болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт Л.Н (РД:)-ыг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ