| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б*******эд холбогдох эрүүгийн 2515000000123 дугаартай, 304/2025/0127/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Г*******ын Б*******, О******* аймгийн Б*******р суманд 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймаг, О******* сумын 1 дүгээр багийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,
Урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,
Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 03 жил тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэж байсан, 44 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн О******* сумын 5-р баг дээд хороо Далтын 1-13 тоотод хамтран амьдрагч Б.Б*******г "бүжигт явах гэлээ гэж уурлан" барианы шилээр толгойн тус газарт нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515000000123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн О******* сумын 5-р баг дээд хороо Далтын 1-13 тоотод хамтран амьдрагч Б.Б*******г "бүжигт явах гэлээ" гэх шалтгаанаар маргалдан улмаар барианы шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ийн өгсөн: Өгнө гээд, Б.Б******* бид хоёр хамтран амьдраад 7,8 жил болж байна. Г.Б******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх сонирхолтой. Түүнийг засрахыг хүлээж байна. Өнгөрсөн хавар түүнийг эмчилгээнд явуулсан. Урьд Б.Б******* уусан байх хугацаандаа нэг удаа халуун цай миний гуя руу асгаж, би 2,3 сар эмчилгээ хийлгэж байсан. Би элэг ,уушгины өвчнөөр эмнэлгийн хяналтад байдаг. Улаанбаатар хот болон Эрдэнэт хотод 3,4 сарын хугацаагаар эмчилгээ хийлгэсэн. Мөн миний ээж өндөр настай, хөл гар өвдөж явж чадахгүй болсон. Зүрх муу, биеийн байдал муу. Мөн сая 2025 оны 05 дугаар сард би дүүгээ алдаж, ажил явдал болсон миний сэтгэл санааны байдал хүнд байсан. Эхнэрийгээ халмаг бүжигт явна гээд байхаар нь айлгах санаатай санамсаргүй байдлаар ийм зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж маш их харамсаж байна гэх мэдүүлэг,
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б*******гийн өгсөн: “...Хохирогч Б.Б*******гийн “... 2025 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Булган аймгийн О******* сумын төв буюу 5 дугаар баг Далтын 1-13 тоот гэртээ хамтран амьдрагч Б*******ийн хамт байж байтал Б******* гэрээс мотоциклоо олж ирнэ гээд гараад явсан. Тэгээд буцаж мотоциклоо авчирсан. Тухайн үед 11 цагийн орчим болж байсан. Тэгээд бид хоёр Цогоогийн гэрт очиж 0.75 литрийн Хараа нэртэй архийг уусан ба тухайн үед би 3 удаа 50 гр аягаар уусан. Тэгээд Б******* бид хоёр Цогоогийн гэрээс гараад сумын төвөөр явж байгаад ахмадын баяр бололтой үйл ажиллагаа сумын соёлын төвд болж байсан. Тэгээд Б******* бид хоёр гэртээ ирээд би орой бүжигт орно гээд хувцас хунараа сольж өмсөөд байж байтал гэнэт Б******* намайг толгойны баруун дээд хэсэг рүү барианы шилээр цохиод хагалчихсан.Тэгээд толгойноос цус гоожоод байхаар нь сумын төвийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн миний толгой хагарсан байна гээд Урангоо гэх сувилагчаар 6 ширхэг оёдол тавиулсан... Миний толгой хэсэг рүү нэг удаа барианы шилээр цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй... Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохирлын шинжилгээ хийлгэхгүй...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
3. Гэрч И.Э*******ын өгсөн: “...Тэгээд би дуудлагын дагуу жолоочийн хамт тухайн дуудлага өгсөн хаяган дээр очиход цагаан өнгийн өнгийн шавар байшин байх бөгөөд тухайн байшин руу яваад ороход гэрэл цахилгаан байхгүй харанхуй орчинтой тоггүй айл байсан. Тухайн айлд Б******* гэх эмэгтэй толгойгоо цагаан өнгийн даавуугаар боочихсон нүүр ам нь нил цус болсон байдалтай байсан... Тэгээд тухайн Б******* гэх эмэгтэйн үсийг угааж байгаад шарханд нь оёдол тавьсан. Тухайн эмэгтэй толгойгоо хагалуулаад нэлээн удсан байсан. Тэгээд үсийг нь угааж дараа нь үзэхэд толгойны орой хэсэг дээрээ 3-аас 4 см болов уу хэмжээтэй юмаар цохисон язарсан шарх байсныг шархны ойр орчмын үсийг нь хайчилж авч байгаад 6 ширхэг оёдол тавьсан... Тухайн Б******* гэх эмэгтэй надад хэлэхдээ манай нөхөр миний толгойг хагалсан гэж, яаж юугаар цохисон талаараа надад ямар нэг зүйл яриагүй ээ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
4.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Дын 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн БУЛ0725/193 дугаартай “ ... Б.Б*******гийн биед зулайн баруун талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 06 өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,
5. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Бгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Б******* ФМ81062671" гэж хаягласан цуснаас 3.2 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.2 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Г.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн О******* сумын 5-р баг дээд хороо Далтын 1-13 тоотод хамтран амьдрагч Б.Б*******г "бүжигт явах гэлээ" гэх шалтгаанаар маргалдан улмаар барианы шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Б*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Б*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Г.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Б*******ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Г.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч Г.Б*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Г.Б******* нь урьд Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээсэн байна. Тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ дуусаагүй байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэж зааснаар урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа шүүхэд гаргасан: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 03 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б*******эд хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2,3 дахь заалтыг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б*******ийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Булган аймгийн О******* сумын нутгаас гадагш гарахыг хориглов.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан барианы шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Г*******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б*******эд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2,3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Шүүгдэгч Г.Б*******эд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ хугацаагаар тогтоож, оршин суугаа газраас буюу Булган аймгийн О******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Г.Б*******ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан барианы шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай..
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ