Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00051/И |
Дугаар | 136/шш2022/00068 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 136/шш2022/00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, А овогт Г.Н (РД:)-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г.Н миний бие нь их барилгад 1983 оноос 1999 он дуустал нормчноор, дараа нь заслын бригадад мужаанаар ажиллаж энэ хугацаанд Хөвсгөл сум, Хатанбулаг сум, Улаанбадрах сумдад 36 айлын орон сууц, сургууль, дотуур байр, мөн 120 хүүхдийн цэцэрлэг, шинэ ахуйн үйлчилгээ, анагаахын дотуур байр болон 2 давхар орон сууц гэх мэт олон ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт хийж явсан. Иймд хөдөлмөрийг минь үнэлж хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 280 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-3/, 2012 онд авсан Их барилга-90 хүндэт тэмдгийн үнэмлэх /хх-4/, 409998 дугаартай цэргийн батлахын хуулбар /хх-5-6/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот Архивын тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 178 тоот Орон тооны тухай, 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 150 тоот Ажлаас чөлөөлөх тухай, 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 тоот Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар /хх-8-10/, Хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн албанаас халагдах үеийн фото зураг /хх-11/, Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн фото зураг /хх-12/, иргэн Д.Л, Ц.Бнарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13-20/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-21, 22/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Л, Ц.Бнарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Н нь Барилга, барилын материалын үйлдвэрийн яамны Дорноговь дахь барилга угсралтын конторт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Г.Н нь Барилга, барилын материалын үйлдвэрийн яамны Дорноговь дахь барилга угсралтын конторт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан болох нь:
- Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 280 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-3/, 2012 онд авсан Их барилга-90 хүндэт тэмдгийн үнэмлэх /хх-4/, 409998 дугаартай цэргийн батлахын хуулбар /хх-5-6/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот Архивын тодорхойлолт /хх-7/, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 178 тоот Орон тооны тухай, 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 150 тоот Ажлаас чөлөөлөх тухай, 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 тоот Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар /хх-8-10/, Хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн албанаас халагдах үеийн фото зураг /хх-11/, Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн фото зураг /хх-12/,
- Гэрч Ц.Бн шүүхэд мэдүүлсэн: ... Г.Н нь 1983 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдан ирээд Дорноговь аймгийн барилга угсралтын конторт мужаанаар ажилд орон 1999 оны 08 дугаар сарын дунд үе хүртэл буюу 10-ны үе хүртэл ажиллаж байсан. 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүсэлт гаргагч нь хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа. гэх мэдүүлэг /хх-28, 29/,
- Гэрч Д.Лн шүүхэд мэдүүлсэн: ...Намайг 1984 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн барилга угсралтын конторт мужаанаар ажилд ороход Г.Н нь тухайн газарт мужаанаар ажиллаж байсан ба барилга угсралтын контор тарах хүртэл буюу 1999 оны намар хүртэл ажиллаж байсан. гэх мэдүүлэг /хх-30, 31/ болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Г.НИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Барилга, барилын материалын үйлдвэрийн яамны Дорноговь дахь барилга угсралтын конторт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Нас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А овогт Г.Н (РД:)-ыг Барилга, барилын материалын үйлдвэрийн яамны Дорноговь дахь барилга угсралтын конторт 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Нас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ