Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч С.Ц*******н, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулан

Б аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай хангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.Ц*******нд холбогдох эрүүгийн 2515000000126  дугаартай, 304/2025/0128/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ******* овогт С*******ын Ц*******н, Завхан аймгийн ******* суманд 1978 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, Б аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* зуслан гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Б аймаг дах  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан, 47 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ц*******н нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн ******* сумын Х Тосгоны 4 дүгээр  баг “*******”-ын сааданд хохирогч Б.Б, М.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж,согтуурсан үедээ, шалтаг шалтгаангүйгээр агсам тавьж хохирогч Б.Б, М.А нарын гарыг хутгаар зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000000126  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ц*******н нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн ******* сумын Х Тосгоны 4 дүгээр  баг “*******”-ын сааданд хохирогч Б.Б  М.А нартай согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж улмаар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Б  М.А нарын гарыг хутгаар зүсэж тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц*******нгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2.Хохирогч Б.Бы өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б аймгийн ******* сумын 1 дүгээр баг Тариат гэх газарт байрлах өөрийн гэртээ байж байхад манай найз А манайд байдас тавих гээд ирсэн. Тэгээд би өөрийн азаргатай адуугаа Аын гэрийн гадна туугаад очиход А, Ц*******н хоёр үрээ засчхаад байж байсан. Тэгээд би азаргатай адуундаа Аын байдсыг тавиулчхаад байж байхад А 1 шил архи гаргаж ирсэн. тэгээд А, Ц*******н бид гурав тухайн 1 шил архийг хувааж уугаад дууссан. Тэгээд бид гурав ******* дээр ирээд дахиад 1 шил архи хувааж уугаад сууж байхад Ц*******н нь би мөнгөтэй, түрүүндээ хутгатай гэх мэтээр агсраад байсан. Тэгээд гутлын түрүүнээсээ хар, цэнхэр өнгийн иштэй хутга Ц*******н гаргаад ирсэн. Тэгэхээр нь би чи наад хутга шөвгөө далд хий гэж Ц*******нд хэлэхэд барьж байсан хутгаараа миний хэвлий хэсэг рүү хутгалах гэсэн. Тэгэхээр нь би зүүн талын гараараа хутгыг нь бариад авахад хутгаа буцаагаад шувтарсан тэгэхэд миний гарын дунд хуруу зүсэгдэж цус их гарч эхэлсэн. Тэгэхэд А бие засчхаад ирээд юу? болоод байгаа юм гэхэд Ц*******н нь ахиад намайг хутгалах гэхэд А хутгыг нь гараараа хаагаад болиулсан. Тэгээд миний гараас цус их гараад тогтохгүй байхад Ц*******н нь миний гарыг хөлийн жийргээр боож өгсөн. Тэгээд гэрлүүгээ явах гэхэд толгой иргээд байсан болохоор найз Аыг чи намайг гэрт хүргээд өг гээд өөрийн гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэрт очиход миний гараас цус гараад тогтохгүй толгой иргээд байсан бас А гараа эсгүүлсэн байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолттой байсан гэхдээ тухайн үед болсон зүйлсийг гайгүй санаж байна. Ц*******н, А бид гурав хамт архи хувааж уусан болохоор согтолттой байсан. А бид хоёр нэг нутгийн найзууд байгаа юм. Харин Ц*******нг би зүс таньдаг хүн байгаа юм. Би юунаас болж хутга шөвөг гаргаж ирээд агсарсан талаар мэдэхгүй байна. Архи уучихаараа агсам хүн байх гэж бодож байна. Үгүй би халдаагүй. Үгүй тийм зүйл болоогүй. Тухайн хутгийг Ц*******н гутлынхаа түрүүнээсээ гаргаж ирсэн. Үрээ хөнгөлсөн хутгаа түрүүлсэн байсан. Үгүй зүс таньдаг л хүн байгаа юм. Тэр өдөр Аын үрээг засаж өгсөн гээд л хамт архи уусан юм. Бид гурав л байсан. Миний зүүн талын гарын дунд хурууг хутгаар зүсэж 7 оёдол тавиулсан.  Өөр миний биед гэмтэл зовиур байхгүй. Тухайн гэмтлийг Ц*******н хутгаар учруулсан. Би сэтгэл санааны хохирлын зэрэглэл тогтоолгохгүй. Харин өөрийн биед учирсан эмчилгээний зардал болон бусад эм тариа, бензин тосны мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,

3.Хохирогч М.Аын өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Б аймгийн ******* сумын 1 дүгээр багт ойролцоо байдаг Ц*******н, Б нартай хэдэн үрээ хөнгөлсөн. Тэгээд бид гурав үрээгээ хөнгөлж дуусаад өдөр ******* сумын 4 дүгээр багт байдаг ******* орсон. Тэгээд би үрээ хөнгөлж өгсөнд баярлалаа гээд Ц*******н, Б хоёрт Соёрхол нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаж өгсөн. Тэгээд бид гурав *******ын хажуу талд байрлах саравч дотор тухайн Соёрхол нэртэй 1 шил архийг хувааж уугаад дуусахад Ц*******н Хараа нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд бид гурав хувааж уугаад дуусаж байхад би замын эсрэг тал руу гарч бие засчхаад буцаад очиход Ц*******н, Б хоёр хоорондоо маргалдчихсан Бы зүүн талын гараас цус гарч Ц*******н цэнхэр өнгийн лентээр бариулыг нь ороочихсон хутаг гартаа барчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би болиоч яаж байгаа юм гэхэд Ц*******н яадгийн түрүүндээ хутгатай, түрүүвчиндээ мөнгөтэй хүнийг та нар яадаг юм гээд дайраад дахиад Быг хутгалах гээд дайрахаар нь би хутганаас нь бариад авахад миний зүүн гарын хурууг исгэсэн. Тэгээд би Ц*******ны гарт нь байсан хутгийг булааж аваад далангийн чулуу руу шидчихсэн. Тэгэхэд Бы гарын хуруунуудаас цус их хэмжээгээр гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь би Бы хөлийн боолтоор нь гарыг нь боочхоод чулуу руу шидсэн хутгийг нь гялгар уутанд хийж аваад Быг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Бы гараас цус нь тогтохгүй байсан болохоор Б цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний согтолт гэхдээ гайгүй байсан. Би тухайн үед болсон зүйлсийг санаж байна. Ц*******н, Б хоёр архи уусан болохоор согтолттой байсан. Бид гурав зундаа ойрхон зусдаг нутгийн хүмүүс байгаа юм. Ямар нэгэн хоорондоо хамаатан садны холбоо байхгүй. Би Ц*******н, Б хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг бие засчхаад яваад очиход Ц*******н нь Бы гарыг хутгаар зүсчихсэн түрүүндээ хутгатай, түрүүвчиндээ мөнгөтэй хүнийг яах юм гээд дахиад хутгалах гэхээр нь би урдуур нь ороод хутгийг нь булааж авахдаа өөрийн гараа зүсүүлчихсэн юм. би ямар нэгэн хүнтэй маргалдаж биед нь халдаагүй. Тухайн хутга Ц*******нгын хутга байгаа юм өглөө манай үрээнүүдийг засчхаад гутлынхаа түрүүнд хийгээд явж байсан хутга байгаа юм. Тухайн хутганы ишийг цэнхэр өнгийн лентээр ороочихсон 20 орчим см урттай хутга байгаа харагдсан. Би тухайн хутгийг ******* сумын замын цагдаад Ц*******ны хутга гэж хэлээд өгчихсөн. Би тэр талаар мэдэхгүй байна. Бид гурваас гадна өөр хүн байгаагүй. Би маргааш нь та хоёр юунаас болж хоорондоо муудалцсан юм гэхэд мэдэхгүй, санахгүй байна гэж байсан. Миний зүүн талын гарын дунд хурууг хутгаар зүсэж 6 оёдол тавиулсан. Өөр миний биед гэмтэл зовиур байхгүй. Тухайн гэмтлийг Ц*******н учруулсан юм. Үгүй надад хохирлын зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

4.Гэрч Н.Дийн өгсөн: “...Би М.А гэх иргэнээс хамт ууж байсан Ц*******н нь Б бид хоёрыг хутгалчихлаа гэх дуудлага мэдээллийн дагуу очсон талаараа мэдүүлэг өгөх гэж байна. Би 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн ******* суманд байж байхад 20 цаг 10 минутын орчимд А гэх иргэнээс дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагын дагуу Б аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Бы гэрт очиход Б, А хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэгээд юу? болсон талаар асуухад Б нь зүүн талын гарынхаа хуруунуудыг боочихсон Ц*******н, А бид гурав ******* дээр хамт архи уугаад сууж байхад Ц*******н нь түрүүндээ хутгатай түрүүвчиндээ мөнгөтэй гэж уурлаад миний хэвлий хэсэгт хутгалах гэж дайрахаар нь би хутгийг нь гараараа хаахад миний гарыг хутгаараа зүсчихсэн гэхэд хамт байсан А нь Ц*******н дахиад Быг хутгалах гэхээр нь би хутгийг нь булааж авах гэж байгаад гараа зүсүүлчихсэн гээд Б, А хоёр сууж байсан. Тэгээд би хамт архи уусан Ц*******нг хаана байгаа юм гэхэд ******* дээр байж байхад явчихсан хаана байгааг нь мэдэхгүй гэсэн. Тэгээд би Б, А хоёрт эмнэлгийн тусламж үзүүлсэн. Б, А хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц*******н нь Бд үг хаяад уурлаж байгаад хутга гаргаж ирсэн юм шиг байна лээ Б, А хоёрын тухайн үед ярьж байснаар. Би тэр талаар мэдэхгүй байна намайг дуудлагын дагуу очиход Бы гэрт А, Б хоёр очсон байсан. Намайг очиход А, Б хоёр энэ хутгаар бид хоёрын гарыг зүссэн гээд хар, цэнхэр өнгийн иштэй, зус болсон хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би тухайн хутгийг гялгар уутанд хийгээд авсан. Тэгээд би мэдүүлэг өгөх гэж ирэхдээ тухайн хутгийг аваад ирсэн энэ байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

5.Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын 195 дугаартай: М.Аын биед зүүн гарын дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн зүсэгдэх үйлдлээр. Хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүний биед хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо.М.Аын биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

6.Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын  Б.Бы биед шинжээч томилсон 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан дугаартай дүгнэлт: Б.Бы биед зүүн гарын 3-р хуруунд  шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн зүсэгдэх үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний биед хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

7.Иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэгийн өгсөн: “...Б.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.303.044 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна.Харин М.А нь нийт 110.484 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, М.Ариунболд, иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэг, гэрч Н.Д нарын өгсөн мэдүүлэг, Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын 195 дугаартай дүгнэлт, Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын  Б.Бы биед шинжээч томилсон 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч С.Ц*******н нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн ******* сумын Х Тосгоны 4 дүгээр  баг “*******”-ын сааданд хохирогч Б.Б  М.А нартай согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж улмаар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Б  М.А нарын гарыг хутгаар зүсэж тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэргийн  үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Цэдэндашийн гэм буруутай үйлдэл, хохирогч нарын  биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Тодруулбал, гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн  үйлчлэлээр зүсэгдэх үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

 Мөн С.Ц*******н нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц*******н нь нэг цаг хугацаанд хоёр буюу хохирогч Б.Б, М.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Ц*******нгийн  бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ц*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ц*******нгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Б, М.А нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн дүнгээр илэрхийлээгүй, шүүгдэгч С.Ц*******н нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн талаархи Хаан банкны дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Ц*******нг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин иргэний нэхэмжлэгч /Б.Чулуунчимэг/ Б аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд хохирогч Б.Бд 1.303.044 төгрөг, хохирогч М.Ат 110.484 төгрөг зарцуулсан гэх  нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангахгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ  талаар шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх санал үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмлэгч Б.Чулуунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогч хохирогч Б.Б, М.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Ц*******нг хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц*******н нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.Ц*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000  төгрөгөөр торгох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч С.Ц*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 58-63, 92-96 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй,Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б аймаг дах  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Ц*******н  нь Б аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* зуслан гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц*******нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Ц*******н нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар, цэнхэр өнгийн иштэй, хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт С*******ын Ц*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц*******нг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц*******нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч С.Ц*******нд нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар, цэнхэр өнгийн иштэй, хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Иргэний нэхэмжлэгч Б аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан /Б.Чулуунчимэг/ нь нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг, хохирогч Б.Б, М.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа мөн нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ