| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Н.О,
шүүгдэгч Б.Н*******л нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б*******лд холбогдох эрүүгийн 2515001430122 дугаартай, 304/2025/0131/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С*******д овогт Б*******ын Н*******л, Увс аймгийн ******* суманд 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын ******* 1 дүгээр баг, ******* 2-******* тоотод оршин бүртгэлтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 31 настай, эрэгтэй, /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н*******л нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн сум, Уньт багийн нутаг дэвсгэрт ажлын хамт олонтойгоо салхилж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Н.Ог тогоотой хоол аягалж байхад тогоотой халуун хоол өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогч Н.Огийн нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд түлэгдэж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515001430122 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Н*******лыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн сум, Уньт багийн нутаг дэвсгэрт ажлын хамт олонтойгоо салхилж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Н.Ог тогоотой хоол аягалж байхад тогоотой халуун хоол өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогч Н.Огийн нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд түлэгдэж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н*******лыг дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь
1. Хохирогч Н.Огийн өгсөн: “...Ноднин буюу 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би ажлынхаа хамт олонтой Булган аймгийн сум Уньт багийн нутагт амарч явж байсан юм. Тухайн үед манай ажлынхан голын эрэг дээр хоол унд хийгээд амарцгааж байсан юм. Манай хажууд амарч байсан хүмүүс хоол хийгээд өг гэхээр нь би газ дээр 20 литрийн тогоонд шөлтэй хоол хийчхээд хүмүүст аяглаж өгөөд байж байсан чинь манай ажлын залуу болох Б.Н*******л согтуу унтаж байгаад босож ирээд тогоотой хоолыг маань өшиглөөд халуун хоол цацагдаад миний нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд маань халуун хоолонд түлэгдсэн. Тэгээд би ажлынхаа Уаа гэдэг багшийн хамт хүний машин гуйж манай автобусыг барьж явсан жолоочоор бариулаад сумын Уньт багийн төв орж багийн эмчээс зөвлөгөө аваад сумын эмнэлэг орж тос түрхүүлэн боолт эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Түүнээс хойш би эмчилгээ хийлгээд миний шарх эдгэсэн боловч сорви их хэмжээгээр үлдсэн. Тухайн тогоотой хоолыг өшиглөж миний биеийг гэмтээсэн. Манай ажлын залуу болох биеийн тамирын багш Б.Н*******л нь тухайн үед надаас болон хамт олноосоо уучлалт гуйгаад цагдаа шүүхэд битгий хэлээч би эмчилгээ хийлгэж өгнө гээд надад эмчилгээний зардал болох 4 сая төгрөг өгсөн. Тухайн мөнгө нь эмчилгээндээ зарцуулагдаад хүрээгүй ээ. Гэхдээ би дуугай байж байтал Б.Н*******л нь над руу чатаар намайг та маш муу хүн байна. Намайг хууль мэдэхгүйг далимдуулж надаас залилж их мөнгө авсан байна гээд, танаас би наад мөнгийг чинь буцааж авахгүй, мөн нэмж мөнгө өгөхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,
2. Хохирогч Н.Огийн дахин өгсөн мэдүүлэгт: "... Тухайн үед Г.Уа гэдэг манай сургуулийн эмч надад тариа хийж өвчин намдаах эм өгсөн. Ер нь бол тодорхой мэдэж байгаа нь Г.Уаа эмч болон Н.Уаа багш нар байгаа юм. Тухайн үед голын эрэг дээр манай сургуулийн 40-өөд багш ажилчид байсан бөгөөд ихэнх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байсан. Тэгээд намайг түлэгдээд дуу шуу болонгуут бүгд цугларсан юм... Би сэтгэцэд учирсан гэм хорийн зэрэглэл буюу сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ээ... Би хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Цаашид сорви арилгах эмчилгээний зардал болон хэргийн улмаас Дархан-Уул аймгаас Булган аймаг руу ирж очсон зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
3. Гэрч Н.Чын өгсөн: "...Би ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар 2005 оноос хойш ажиллаж байгаа юм. Н.О манай сургуульд багшлаад 5 жил, Н*******л багшлаад 2 жил болж байгаа юм... Тухайн үед манай сумын сургуулийн алба хаагчид сумын голын баруун талд байх үед хоолонд түлэгдсэн гэж сонссон. Би өөрийн нүдээр хараагүй. Түлэгдчихлээ гэж байхыг нь харахад хүзүү, нүүр нь улайчихсан харагдаж байсан юм... Н*******л согтолттой байсан байх. Ог хэр согтолттой байсныг мэдэхгүй. Урьд өдөр нь ГОК-ын хэдэн залуустай архи уугаад явсан юм билээ..." гэх мэдүүлэг /хавтас хэргийн 48 дахь тал/,
4. Гэрч Г.Уын өгсөн: "... Би 2021 онд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд эмчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанаас эхлэн Н*******л, О нартай хамтран ажиллаж байгаа. Бидний хооронд садан төрлийн холбоо байхгүй... 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллага буюу ******* сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ажилтнууд Булган аймгийн суманд амралтаар явж байсан юм. Би өөр газар майхны дэргэд байж байтал манай ажлын газраас хэн нэгэн нь О түлэгдчихлээ гэж хэлсэн. Би яваад очтол О багш голын усанд орчихсон, хүзүү нүүр орчмоороо түлэгдчихсэн, улайлтын байдалтай байсан. Би анхан шатны цүнхнээс диклоденик уулгаж, тариагаар аналгин, демодрол тарьж өгсөн. Ингээд шууд Булган аймгийн Хутаг-өндөр сумын эмнэлэг рүү Н.Уа багш авч явсан юм. О багш хоол хийж өгөөд бусдад аягалж өгч байсан үед нь Н*******л багш тогоотой хоолыг нь өшиглөж О багшийг түлсэн талаар би сонссон... О багшийг хэр зэрэг согтуу байсан эсэхийг мэдэхгүй юм....” гэх мэдүүлэг,
5. Гэрч Н.Уын өгсөн: "... Биднийг амарч явж байх хооронд Орхон аймгийн Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчид гэх ойролцоогоор 6-7 залуус манай Галтай ойрхон буудалласан байсан. Эдгээр залуустай О болон зарим залуу эмэгтэй багш нар хамт архи дарс ууж идээд явж байсан юм аа. Үүнийг тухайн үед сургуулийн захирал Ч эсэргүүцэж болиулахыг удаа дараа шаардаж байсан. О багш Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуусын хоолыг нь хийж өгч байх үед манай сургуулийн багш Н*******л тогоотой хоолыг нь өшиглөж асгасан юм шиг байна билээ. Би өөрийн нүдээр хараагүй, Н*******л багшийг үйлдвэрийн залуучууд зодоод эхлэхэд нь би салгах гэж очсон. Намайг очиход О багш түлэгдчихлээ гээд гол руу үсэрч орж байсныг санаж байна. О багшийн хүзүү, хоолой нь улайчихсан байсан. Ингээд тухайн архи дарс хэрэглээгүй, эрүүл ухаантай нь би байсан учраас О багшийг ГОК уулын үйлдвэрийн залуусын машинтай Булган аймгийн сумын эмнэлэг рүү авч явж анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.Н*******л багш нэлээд согтолттой байсан. О багш бусдад хоол хийж өгч байх хэмжээний учраас согтолт гайгүй байсан болов уу? гэж бодож байна..." гэх мэдүүлэг болон шинжээч эмч Э.Даваажаргалын БУЛ0725/163 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/,
6.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан БУЛ0725/163 дугаартай “...Н.Огийн биед баруун хацраас хүзүү, цээжний дээд хэсэг, 2 хөх, хэвлийд хүйснээс доош умдаг хүртэл, зүүн гуяны дунд 1/3-ны дотор гадаргууд арьсны түвшинд түлэгдлийн сорви гэмтэл тогтоогдлоо.Дээрх сорви гэмтэл нь халууны үйлчлэлээр I-II зэргийн түлэгдлийг нэг удаагийн үйлдлээр өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр түлэх механизмаар үүснэ.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/ зэрэг нотлорх баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн байна.
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой бодитой байх зарчмын дагуу хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Б.Н*******лыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн сум Уньт багийн нутаг дэвсгэрт ажлын хамт олонтойгоо амарч байх үедээ согтуугаар хохирогч Н.Ог тогоотой хоол аягалж байхад нь тогоотой хоолыг өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Н.Огийн нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд түлэгдэж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, шүүгдэгч Б.Н*******лын тогоотой хоол өшиглөсөн санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Хохирогч Н.О нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, уг өргөдлийн дагуу Булган аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд,
Хохирогч Н.О нь мэдүүлэгтээ... “ Б.Н*******л согтуу унтаж байгаад босож ирээд тогоотой хоолыг маань өшиглөөд халуун хоол цацагдаад миний нүүр, хүзүү, цээж, гэдэс, гуя зэрэг хэсгүүд хоолонд түлэгдсэн, тухайн үед Г.Уаа эмч болон багш Н.Уаа нар байсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлжээ.
Гэрч Г.Уа нь мэдүүлэгтээ... “Би өөр газар майхны дэргэд байж байтал манай ажлын газрын хэн нэгэн нь О түлэгдчихлээ гэж хэлсэн. Би яваад очтол О багш голын усанд орчихсон, хүзүү нүүр орчмоороо түлэгдчихсэн, улайлтын байдалтай байсан. О багш хоол хийж өгөөд бусдад аягалж өгч байсан үед нь Н*******л багш тогоотой хоолыг нь өшиглөж О багшийг түлхсэн талаар сонссон гэхдээ би нүдээр хараагүй гэж,
Гэрч Н.Уа нь мэдүүлэгтээ ... “биднийг амарч байх хооронд Орхон аймгийн Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчид гэх ойролцоогоор 6-7 залуус манай галтай ойрхон буудалласан байсан эдгээр залуустай О болон зарим залуу эмэгтэй багш нар хамт архи дарс ууж идээд явж байсан юм аа үүнийг тухайн үед сургуулийн захирал Ч эсэргүүцэж болиулахыг удаа дараа шаардаж байсан, О багш Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуусын хоолыг нь хийж өгч байх үед манай сургуулийн Н*******л тогоотой хоолыг нь өшиглөж асгасан юм шиг байна лээ, би өөрийн нүдээр хараагүй гэж тус тус мэдүүлжээ.
Нэр бүхий гэрч нар бусдаас дамжмал байдлаар үйл баримтын талаар сонссон, нүдээр хараагүй гэж тус тус мэдүүлсэн бөгөөд хохирогчийн эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч Г.Уа, Н.Уа нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О нь ... “Б.Н*******лыг архи уугаад өөрийн үйлдлийг мэдэхгүй болдог хүн байх гэж бодож байна. Яг над руу чиглэж санаатайгаар түлээгүй байх. Тухайн үед над руу алхахдаа гуйвж байсан. Б.Н*******л урьд орой нь надад өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй болдог гэдгээ хэлж байсан иймд санаатайгаар хийгээгүй, ... өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гуйвж унаад тогоотой хоолыг асгасан байх гэж бодож байна гэх мэдүүлгийг өгсөн.
Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан бөгөөд дан ганц хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “ Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.
Хохирогч Н.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн санаатай тогоотой хоол өшиглөсөн үйлдлийн улмаас эрүүл мэнддээ гэмтэл авсан гэх мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******лыг санаатайгаар хийгээгүй, өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гуйвж унаад тогоотой хоолыг асгасан гэж бодож байна гэсэн мэдүүлгийнг өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн алийг нь үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээ бүхий байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н*******л нь бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг.
Гэм буруу гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан өөрийн гэмт зан үйл, гэмт ажиллагаа болох нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршгийг хэрхэн ойлгож ухамсарласан сэтгэхүйн харьцааг хэлдэг.
Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Н*******л нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болсон явдлыг санахгүй байгаа маргааш нь хүмүүсээс тогоотой хоол өшиглөсөн гэж сонссон, гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй,
16.3 дугаар зүйлийн 8 дэх хэсгийн 8.3 дахь заалтанд яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Б.Н*******л хохирогч Н.О нарын хооронд маргаан, үл ойлголцол болоогүй, үйл баримт болохоос өмнө шүүгдэгч Б.Н*******л нь амарч байсан өөр хүмүүстэй маргалдсан,
Түүнчлэн шүүгдэгч Б.Н*******л нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан болох нь тус тус тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмын хүрээнд шүүгдэгч Б.Н*******лыг гэм буруугүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Б.Н*******лд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н*******л, хохирогч Н.О нар нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул тэдний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдъя.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болохыг тэмдэглэе.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Н.О нь шүүгдэгч Б.Н*******лаас 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Шүүгдэгч Б.Н*******л нь 4.000.000 төгрөгийг хохирогч Н.Од төлсөн байна.
Шүүх Б.Н*******лыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтанд зааснаар хохирогч Н.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон болно.
Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг хөндөхгүй болно.
Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н*******лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,5,6, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1,4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ