Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн  эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Б.З, түүний өмгөөлөгч С.Болортуяа,

шүүгдэгч Д.Нансалмаа, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан

 Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нансалмаад холбогдох эрүүгийн 2315003210194 дугаартай, 304/2025/0120/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, В*******н Овгийн Д*******ийн Нансалмаа, Булган аймгийн Орхон суманд 1964 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Орхон аймгийн Б*******р сум, Д******* баг С******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, эмэгтэй, 60 настай, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Нансалмаа нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчим ******* аймгийн ******* сумаас Орхон аймгийн чиглэлд ******* улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг гэх газрын засмал замд явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчиж тогтоосон хурдыг хэтрүүлж явахдаа засмал замын зорчих хэсгээс гарч замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Б.Згийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003210194 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Нансалмаа нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчим ******* аймгийн ******* сумаас Орхон аймгийн чиглэлд ******* улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг гэх газрын засмал замд явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчиж тогтоосон хурдыг хэтрүүлж явахдаа засмал замын зорчих хэсгээс гарч замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Б.Згийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус  тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

          1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нансалмаагийн өгсөн: Мэдүүлэг гөхгүй. Дансанд нь 5,000,000 төгрөг хийсэн, эмнэлгийн төлбөр 400,000 төгрөг. Эм тан, тос, боолт зэрэг 350,000 төгрөгийн хэрэглэгдэхүүн. Мэдекал эмнэлгийн томограф 190,000 төгрөг, гэрт нь эргэлтээр очихдоо 373,000 төгрөгийн юм авсан. Нийт 6,300,000 төгрөгийг 2023 онд зарцуулсан гэх мэдүүлэг,

          2.Хохирогч Б.Згийн өгсөн: Бид 2 ******* аймаг руу явчихаад 08 дугаар сарын 16-ны өдөр наашаа ирж байсан. Эрдэнэтээс ******* явах замын турш надтай цуг явна гээд ярьж байсан. Тэгээд бид 2 *******өөс буцаад хамт ирж байсан. Бид 2 гарахдаа хүнсний дэлгүүр орж жимс худалдаж авсан. Би гарахынхаа өмнө дүү рүүгээ мессеж бичсэн байсан. Тэр үед цаг 10 өнгөрсөн байсан. Замд явж байхдаа сум руу дөхөөд эгч нэг удаа шарвасан. Тэр үед би эгчээ та яаж байна гэхэд эгч нь зүүрмэглэж байна гэж хэлсэн. Дараагийн удаа шарвахад нь би эгчийг нойрмоглосон байна гэж итгэсэн. Яагаад гэвэл би харахгүй байсан. *******өөс гарахын өмнө эгч машинаа цэвэрлээд суудлын бүсийг хийчихсэн байсан. Би бүслэх гээд чадаагүй оролдож байх үед чи ингээд давуулаад зүүчих нойл ороход амар гэж хэлсэн. Бүсээ буруу зүүсэн шалтгаан нь тэр. Худаг-Өндөр дөхөж байхад нэг шарвасан. 2 дахь дээрээ урдаас ямар ч машин байхгүй байхад эгч ширүүн дараад баруун тал руугаа унасан. Намайг сэрэхэд би машин дотор унасан байсан. Намайг 1 эрэгтэй хүн чирч гаргаж байгааг мэдсэн. Тэгээд намайг газарт хэвтүүлсэн. Тухайн үед бороо шивэрч байсан. Хүмүүс бужигнаж, цагдаа ирсэн байсан. Тэр үед эгч надад хэлэхдээ эгч нь 140 километр цагийн хурдтай явсан байна гэж хэлж байсныг би санаж байна. Эмч нар ирсэн, нэг мэдэхэд оёж байсан. Мэдээ алдуулах тариа хийсэн байх би сайн мэдрээгүй. Тэгээд сумын эмнэлэг рүү очсон. Тэндээ үзүүлж рентген зураг авахуулсан. Би өөрөө хөдөлж чадахгүй байсан болохоор хүмүүс намайг хөдөлгөж байсан. Хэдий мэдээ алдуулах тариа хийсэн ч гэсэн маш их өвдөж байсан. Дараа нь сумын эмнэлгээс Эрдэнэт рүү шилжүүлсэн. Эрдэнэт хотын эмнэлэгт сар гаран эмчлүүлсэн. Энэ хугацаанд 3 удаа хагалгаанд орсон. Хотын эмнэлэг рүү арьс нөхөх хагалгаанд орсон. Яагаад гэвэл зүүн талын өвдөгнөөс арын гуя хүртэл оёсон хэсэг дотроо муудаж арьс, мах, ясны маань дунд хий үүссэн. Тэр нь муудаад байсан учраас бага багаар нээж дотрыг нь цэвэрлэсэн. Арьс нөхөх эмчилгээ нь амжилттай болоогүй учраас хот руу явсан. Хотод арьс нөхөх эмчилгээнд 3 удаа орсон. Гэхдээ эхний 2 удаагийнх хоёулаа амжилтгүй болсон. Сүүлийнх дээр бие маш муудсан учраас хагалгааг зогсоох хэрэгтэй болсон. Улаанбаатар хотод хийсэн эмчилгээ маш сайн хийгдсэн ч гэсэн надад маш их зардал гарсан. Яагаад гэвэл би маш их цус хийлгэж байсан. Уураг хийлгэж байсан. Хагалгаанууд маань нэлээн өндөр зардалтай болсон. Би өөрөө ч хөдөлж чадахгүй тийм нөхцөл байдалтай байсан. 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Эрдэнэтэд ирээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтмээр байсан боловч ор олдоогүй. Тэр үед би П.Нансалмаа эгчээс тусламж гуйсан. Эгч надтай яриагүй, манай эгчтэй ярьсан. Та нар хэргээ шүүхээр шийдүүлж байгаа юм чинь шүүхээрээ шийд би одоо туслахгүй гэж хэлсэн. Тэрнээс өмнө намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байх үед эмчилгээний төлбөр өгсөн, эргэлтээр ирж байсан. Би эмнэлэгт хэвтэж чадаагүй учраас гэртээ байсан. Миний хөлний онгорхой байсан хэсгүүд бүрэн этгээгүй байсан учраас дүү маань боолт хийж, цэвэрлэж, эмчилгээ хийж өгсөн. Түүнээс хойд эмнэлэг намайг аваагүй. Би яг эдгэрч эмнэлгээс гараагүй. Хэвтрийн хэвээр гарч ирсэн. Өөрөө хөдөлж, хажуу тийш харж чадахгүй, сууж чадахгүй байсан. Осолд орохын өмнө 90 кг орчим жинтэй байсан бол эмнэлгээс гарахдаа бараг 60 кг болсон. Ийм болтлоо сульдаж гарч ирсэн. Эмнэлэг намайг аваагүй. Ээж маань намайг хөл дээр маань босгож ирсэн. Дүү маань миний оёдлыг байнга цэвэрлэж байсан. Яагаад гэвэл миний шилбэнээс 3, гуянаас 2 гээд нийт 5 арьс авсан. Тэр хэсгээр цус шүүрээд битүү биш байсан учраас хэцүү байсан. Идээ татна, цус шүүрнэ, бохирдоно. Тэгшхэн байрлал авч хөлөө унжуулах юм бол цус гоожоод байдаг байсан. Тийм учраас босож чадахгүй, хажуу тийш харж чадахгүй. Орноос алчуур уяж байгаад татдаг байсан. Ийм байдалтай удаан хугацаагаар буюу өнгөрсөн зун хүртэл нь байсан. Миний төрсөн өдрийн дараа байсан санаж байна. Би одоо босно шүү гээд өөртөө хэлж байсан. Ээж маань бас намайг асарч байсан болохоор сэтгэл зүйгээр өөрийгөө дэмжиж байсан. 06 дугаар сараас хойш дөнгөж тэргэнцэр дээр суудаг болсон. Өнгөрсөн намраас 2 суга таягтай босож ирсэн. Энэ хугацаанд зүүн талын гуянд мах нь төлжиж ургасан. Гэхдээ энэ хугацаанд цус их гарч байсан учраас хэвтэрт байсан. 9 дүгээр сараас хойш таягтай явж эхэлсэн. Одоо ч гэсэн таягтай байгаа. Яагаад гэхээр миний зүүн талын гуя тал нь байхгүй гэсэн үг. Одоо хүрэх юм бол яс байгаа дотор талын хана махгүй. Цаашдаа таяг тулахгүй бол би өөрийгөө өргөж чадахгүй. Аарцаг ясны хугарал байгаа 2 яс хугарсан, нэг нь одоо хүртэл бороолоогүй байгаа. Одоо суухаар хадаасан дээр суусан юм шиг байдаг. Бас дээр нь нуруу маань маш их өвддөг. Ахар сүүл, нурууны гол хэсэгт сэтэрхий байсан. Сэтэрхийтэй хугарсан байсан. Одоо жаахан бороолсон боловч хэвээрээ. Нурууны суулттай, аарцаг яс бороолоогүй. Зүүн талын гуяны тал нь байхгүй авчихсан. Би энэ хугацаанд маш их төмрийн бэлдмэл хэрэглэсэн. Бас намайг эмнэлэгт байхад надад маш их цус хийж байсан. Би эрчимтийн тасагт 2 ч удаа орж хүндэрч байсан. Арьс нөхөх хагалгаанд орсон ч гэсэн бие нь муу байсан учраас намайг гаргахаар шийдсэн. Би Эрдэнэтийн эмнэлэгт хэвтэхээр эгчээс гуйсан боловч тусламж авч чадаагүй. Та нар шүүхээр явж байгаа юм чинь шүүхээрээ шийд гээд таг алга болсон. Зундаа над дээр 2 удаа ирсэн. 1 удаа ирэхдээ жаахан онцгүй уулзсан. Цаашдаа ямар байдалтай байхыг амбулаторийн карт дээр тодорхойлж өгсөн. Жирэмслэх юм уу хүүхэд тээхэд нуруу ачаалалтай, аарцаг дээр хүүхэд тогтоох боломжгүй гэх эмчийн дүгнэлттэй. Дээр нь зүүн талын хөл дээр бүтэн зогсож чадахгүй учраас ямар нэг ажил хийх тохиолдолд ч юм уу ачаалал авч чадахгүй. Би одоо зүүн талаараа харж хэвтдэггүй, өвдөөд байдаг. Дээшээ харж хэвтэхээр нуруун дээр ачаалал ирээд нурууны 2 цэг дээр хүндэрдэг. Зүүн тал руу хараад хэвтэхээр зүүн талын аарцаг ясны бөөрөнхий нь хавираад байдаг учраас дандаа доошоо харж унтдаг. Удаан сууж чадахгүй, удаан явж чадахгүй. Миний хувьд П.Нансалмаа эгчид гомдолтой байгаа зүйл нь тусламж хүсэхэд туслах боломжгүй байгаа гэдгээ хэлж, та нар өөрсдөө шүүхээр явна гэсэн шүүхээрээ шийд гээд чимээгүй болчихсон. Тэгснээ сая 4 дүгээр сард шүүх шинжилгээний байгууллага руу явж эхэлсэн үеэс мөнгө өгч эхэлсэн. Тэгэхээр шүүх хурал дөхөөд ирэхээр хөдөлгөөнд орж эхэлсэн юм шиг санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд ерөөсөө ирээгүй. Онлайн байна, утас байна. Бие нь яаж байна гэж ерөөсөө яриагүй. Өөрийг нь надад яаж хандаж байгааг харуулсан. Би үүн дээр маш их гомдолтой байгаа. Яагаад гэхээр би эрүүл мэндээрээ хохирсон. Дараа нь ажил хийхэд бие маань хүндрэлтэй. Ийм байхад надад хандаж байгаа хандлага нь буруу байсан гэж бодож байна. Миний хүсэж байгаа зүйл болохоор шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт дээр үндэслэж гаргасан 35,640,000 төгрөг, намайг өвчтэй байх үед 2023 онд эргэж байсан эм тарианы баримтууд байгаа, тэрний дараа ч гэсэн би өөрөө памперс, идэж уух юм. Төмрийн бэлдмэл эмчилгээний зүйл 11,154,699 төгрөг, энэ хугацаанд ажил хийх боломжгүй байсан учраас 2023 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 15,886,200 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Яагаад гэхээр би өөрөө хөдөлмөр эрхлэх чадваргүй өрхийн гишүүн гэж багаас тодорхойлолт авсан. Нийт 62,967,958 төгрөгөөс П.Нансалмаа эгч надад өнөөдрийг хүртэл хугацаанд өгсөн 30,375,000 төгрөгийг хасаж, үлдсэн 32,592,958 төгрөгийг нэхэмжилж байна. Би цаашдаа хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал, миний эрүүл мэндэд хохирол учирсан байдал зэргийг хохирол гэж хараасай гэж хүсэж байна. Ялангуяа П.Нансалмаа эгчийг тэгж хүлээж аваасай гэж хүсэж байна. Дээр нь надад шударга бус хандсан юм шиг санагдсан. Яагаад гэхээр намайг өвчтэй байх хугацаанд эргэж ирэх, надад хандаж байгаа зэргээс шалтгаалсан. Иймд гомдолтой байна гэв.

          Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаархи нотлох баримтууд:

          3. Хохирогч Б.Згийн өгсөн:“..Тэгээд бид хоёр Булган аймгийн сум руу орох гэж явах үед Нансалмаа эгч машинаа жолоодож явж байхдаа үүрэглэхээр нь би Нансалмаа эгчийг амрах уу гэсэн чинь Нансалмаа эгч ойрхон замын хажууд манай найзын зоогийн газар байгаа тийшээ ороод хоол идчихээд хэсэг амарч байгаад цааш явъя гэж хэлсэн. Тэгээд цааш явж байтал замын хажууд нэг зоогийн газар байсан чинь тэр зоогийн газрыг өнгөрч явж байтал Нансалмаа эг өө өнгөрчихлөө сумын төв ороод хэсэг амаръя гэж хэлээд цааш явж байгаад удаагүй Нансалмаа эгч жолооны хүрдийг 2 тийшээ огцом дараад машин замын баруун хөвөө рүү орсон. Тэгтэл машин эргэлдээд эхэлсэн би цааш юу болсныг мэдэхгүй байна. нэг мэдсэн нэг эрэгтэй хүн намайг машинаас татаж гаргаад намайг газар хэвтүүлсэн. Тэгээд би хэсэг газар хэвтэж байтал цагдаа нар ирээд Нансалмаа эгчтэй уулзаад тэд нар 140 км цагийн хурдтай явсан талаар яриад байсан. Нансалмаа эгч ирээд би яана 140 км цагийн хурдтай явсан байна ш дээ гэж хэлсэн. Удалгүй эмч нар ирээд миний биеийн байдлыг үзээд миний зүүн талын өвдөгнй хэсгээс гуяны ар талын хэсэг хүртэл оёдол хийгээд намайг аймгийн төвийн эмнэлэг авч явсан. Нансалмаа эгч тээврийн хэрэгсэл жолоодож явсан харин би жолоочийн эсрэг талын урд сууж явсан. Тээврийн хэрэгсэл замын гол хэсэг рүү даялах шиг болохоор нь би эгчээ яаж байна гэсэн эгч нь жоохон нойрмоглоод байна гэж хэлж байсан... урдаас болон ардаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй хэвийн бага зэргийн бороо шивэрч байсан, зам бага зэрэг нойтон замд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй... Аарцаг гэмтсэн, мөн нуруу, зүүн хөлөнд 25 см 14 ширхэг оёдол тавиулсан. Зүүн гарын шуу, баруун гарын чигчий хуруу хугарч чиг тавьж боосон. Баруун өвдөгний дотор мах тасарч хөхөрсөн нуруу ахар сүүл их өвдөж байсан. Намайг очиход эмч үзээд аарцаг ясны хугарал, зүүн хөлийн булчингийн ар хэсэгт урагдаж зулгарсан ил шархтай гэж хэлж байсан. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж гэмтлийн тасагт хэвтсэн тухайн үед эмч биеийн байдал үзээд нурууны хугаралтай байна гурван ч газар яс үүрсэн байна гэж хэлсэн. Зүүн хөлөнд 2 удаа хагалгаанд орсон... эмч хэлэхдээ цаашид Улаанбаатар орж арьс нөхөх эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Би цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй. Би энэ зам тээврийн ослын улмаас нийт 6 удаа хагалгаанд орсон дахин хагалгаанд орох байсан чинь биеийн байдал дийлэхгүй учраас дахин хагалгаанд орж чадаагүй. Би ослын улмаас ажил хийж чадахгүй хүний гарт сэтгэл санааны хувьд маш хүнд, гомдолтой байна” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 23-26, 29-30 дахь тал/,

          4. Гэрч Т.Бийн өгсөн: “...Би тухайн өдөр сумын төвд өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Ц сумын хойгуур дамжин өнгөрөх асфальтан зам дээр буюу сумын төвийн ертөнцийн зүгээр баруун хойд талд зам тээврийн осол гарсан байна гэхээр нь явж очсон чинь асфальтан замын урд талд ******* улсын дугаартай Тoyota HiLux маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон байдалтай байсан. Тэгээд бид хоёр явж очтол нэг настай эгч машиныхаа хажууд зогсож байсан. Харин нэг эмэгтэй нь машины хажуу талд газар хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад яг юу болсноо санахгүй байна гэхээр нь тээврийн хэрэгслийг хэн гэх хүн жолоодож байсан юм бэ гэсэн чинь тэр настай эгч би жолоодож явж байсан гэж хэлэхээр нь та хэдэн км цагийн хурдтай явж байсан юм бэ гэж асуусан чинь би 80-аас 90-тэй явж байсан байхаа гэхээр нь би та үүрэглээд унтчихсан юм биш үү гэж асуутал үгүй бид хоёр хөгжим сонсоод их сайхан явж байтал замын хөвөө шороо шар хийж дугарахаар нь би цочоод замын гол хэсэг рүү үрүүлээ дарсан чинь гэнэт урдаас машин ороод ирэх шиг болохоор нь жолооны хүрд ээ буцаагаад дарчихсан чинь ийм юм болчихлоо гэхээр нь би 80-аас 90-тэй яваагүй юм биш үү гэж асуутал жоохон бодож зогсож байсан аа 100 гарчихсан байсан байх аа гэж хэлсэн. Тэгээд бид нар байж байтал сумын эмнэлэг ирээд тэр хоёр хүний биеийн байдлыг үзээд газар хэвтэж байсан хүнийг аваад аймгийн төвийн эмнэлэгт хүргэж өгнө гээд аваад явсан, харин дэд ахлагч Ц бид хоёр бүрэлдэхүүнийг иртэл хэргийн газрыг хамгаалаад байж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

          5. Гэрч Б.Цийн өгсөн:“... явж очоод юу болсон талаар нь асуусан чинь юу болсныгоо сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь замын хажуу руу орчихлоо гэхээр нь та хоёрын биеийн байдал ямар байна вэ? гэж асуутал газар хэвтэж байсан эмэгтэй нь ёолоод орилоод байхаар нь очоод хартал аль хөлийг нь сайн санахгүй байна гуя хэсгийн мах нь нилээн гүнзгий язраад өөх нь гарчихсан байхаар нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд би та хоёрын хэн нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан юм бэ гэж асуутал зогсож байсан настай эгч би барьж явсан гэхээр нь хаанаас хаа хүртэл явж байсан юм бэ гэж асуутал ******* аймгаас Орхон аймаг руу явж байсан талаар хэлэхээр нь та хэр зэргийн хурдтай явж байсан юм бэ гэж асуухад тэр жолооч эгч би 70-аас 80 хооронд явж байсан бил үү гэж хэлчихээд, тэгсэн ээ би нээрээ 100 гарчихсан явж байсан байх гэж хэлж байсан. Тэгээд би тэр эгчийг архи согтууруулах ундааны зүйл хүргэлсэн эсэхийг шалгахаар драйгерь багаж руу үлээлгэн шалгахад 0.00 гарч байсан. Тэгээд удалгүй сумын эмнэлгийн түргэний эмч ирээд тэр хоёр хүний биеийн байдлыг үзээд газар хэвтэж байсан эмэгтэйг аймаг руу авч явахгүй бол болохгүй юм байна гээд авч явсан. Би тэгээд 102 луу залгаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

          6. Гэрч Д.ын өгсөн: “... хэргийн газар дээр очиход тээврийн хэрэгсэл замаас гарч өнхөрч хөрвөөсөн байдалтай байсан бөгөөд нэг эмэгтэй нь хөл дээрээ явж нааш цааш яваад байсан. Харин нөгөөх эмэгтэй нь буюу З нь газар хэвтсэн байдалтай өөрийн гэсэн ухаантай хөдөлж тухайн хүмүүст анхан шатны тусламж үзүүлээд улмаар Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

          7. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн “...Магадлуулагч Б.Згын биед: Сээрний Th12 нугалмайн их бие 1 дарагдлын хугарал, их биеийн урд дээд ирмэг сэтрэл. Бүсэлхийн 14 нугалмын зүүн хажуу сэртэн хугарал. Зүүн талын ууц гадна дээд хэсгээрээ сэтэрсэн хөндлөн хугарал. Мөн 2 талын ischigl tuberosity дунд хэсгээр зөрөөгүй шулуун хугарал, 2 талын ууцны доод ramus хэсэгт шулуун хугарал, зүүн гарын шуу, зүүн хөлийн өвдөгний доор шарх, баруун гарын шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хэрэг болсон гэх 2023/08/16-ны цаг хугацаанд үүсгэгдэнэ. 4. Сээрний Th12 нугалмайн их бие дарагдлын хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн 14 нугалмын зүүн хажуу сэртэн хугарал. Зүүн талын ууц гадна дээд хэсгээрээ сэтэрсэн хөндлөн хугарал. Мөн 2 талын ischigl tuberosity дунд хэсгээр зөрөөгүй шулуун хугарал, 2 талын ууцны доод гаmus хэсэгт шулуун хугарал Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хүндэвтэр зэрэгт хамаарна. их биеийн урд дээд ирмэг сэтрэл, зүүн гарын шуу, зүүн хөлийн өвдөгний доор шарх Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна, баруун гарын шуунд зулгаралт Гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

          8. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар 26-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн “...Магадлуулагч Б.Згийн биед: 2 талын умдаг ясны доод салаанд хугарал, баруун шаант ясны дээд булуунд сэлтэрсэн хугарал, зүүн хөлийн гуяны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь 1 удаагийн үйлдлээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 4. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. 2 талын умдаг ясны доод салаанд хугарал гэмтэл нь 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шаант ясны дээд булуунд сэлтэрсэн хугарал, зүүн хөлийн гуяны гадна хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. 6.Магадлуулагч Б.Згийн биед гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

          9. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт “...Магадлуулагч Б.Зд энэ гэмт хэргийн улмаас дээрх сэтгэцийн эмгэг үүссэн байна. Энэ сэтгэцийн эмгэг нь түүнд дараах Айдас түгшүүр, Сэтгэл гутрал, Сэтгэлийн тохиргоо алдагдах хам шинж, Сульдлын хам шинж, Цочролын хам шинж, Сэтгэл тогтворгүйдэл, Нойргүйдэл, Уур бухимдал шинжүүдээр илэрч байна. Магадлуулагч Б.Зд сэтгэцийн эмчийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх/ сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

          10. Д.Нансалмаагийн согтуурал шалгасан тэмдэглэл бүхий баримтад 0.00% гэх /1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/,

          11. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн "Тээврийн салбар"-ын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07/118 дугаартай шинжээчийн “2. ******* улсын дугаартай Тоёота Hilux маркийн автомашины жолооч Д.Нансалмаа нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 5. Автомашинд үзлэг хийгээгүй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцож явсан эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Техникийн шинжээчид хүргүүлсэн 4 дугуйнд үзлэг хийж, 1-ээс 4 тоогоор дугаарлан ашиглалтын хугацаа болон хээний гүнг тогтоолоо. 1-р дугуй: Bridgestone фирмийн, 265/70R16 хэмжээстэй, 2010 оны 50-р 7 хоногт үйлдвэрлэгдсэн, хээний гүн 3 мм, хийтэй. 2-р дугуй: Yokohama фирмийн, 265/70R16 хэмжээстэй, 2014 оны 20-р 7 хоногт үйлдвэрлэгдсэн, хээний гүн 2 мм, хийтэй. 3-р дугуй: Yokohama фирмийн, 265/70R16 хэмжээстэй, 2016 оны 45-р 7 хоногт үйлдвэрлэгдсэн, хээний гүн 6 мм, хийтэй, 4-р дугуй: Bridgestone фирмийн, 265/70R16 хэмжээстэй, 2010 оны 50-р 7 хоногт үйлдвэрлэгдсэн, хээний гүн 4.5 мм, хийгүй. 6. Техникийн шинжээчид хүргүүлсэн 4 дугуйны 4 дугаараар тэмдэглэсэн дугуй хийгүй, бусад дугуйнууд хийтэй байлаа. Зам тээврийн ослын дараа хий нь гарсан резин дугуйнуудыг хийлсэн, шинжилгээнд хүргүүлсэн дугуйнууд нь автомашины аль талд суурилагдаж байсан нь тодорхойгүй зэргээс шалтгаалан зам тээврийн осол болохоос өмнө эсвэл ослын дараа хийгүй болсоныг тогтоох боломжгүй байна. 7. ******* улсын дугаартай Тоёота Hilux маркийн автомашины хурдыг тогтооё. Автомашин замаас гарсаны дараах "1" дугаарын цэгээс ослын дараах байрлал хүртэлх 24.9+10+3.6-38.5 метр зайнд газраас хөндийрч, шидэгдэж туулсан байна. Уг хурд нь тухайн автомашины явж байсан байж болох хамгийн бага хурд юм. ******* улсын дугаартай Тоёота Hilux маркийн автомашин осол болохоос өмнө 98.85 км/цаг-аас их хурдтай явж байжээ. 8. Осол гарахад байгалийн нөхцөл, замын нөхцөл байдал болон бусад хүчин зүйл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Гэм бурууг шүүх тогтооно. Харин ******* улсын дугаартай Тоёота Hilux маркийн автомашины жолооч Д.Нансалмаа нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 204-206 дахь тал/,

12. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээч нарын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №46/1024/159 дугаартай шинжээчийн "Хэргийн материалтай танилцахад Toyota Hilux маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Д.Нансалмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Toyota Hilux маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Д Нансалмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн багш нарын 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 07/118 дугаартай дүгнэлтээр гаргасан тээврийн хэрэгслийн зорчиж явсан байх хамгийн бага хурдыг тооцоолон гаргасан хурдтай /98,85 км/цаг/ танилцахад жолооч П.Нансалмаа нь зорчих хэсгийн өргөн, өөрийн ур чадвартай уялдуулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж чадаагүй, хурд хэтрүүлэн явснаас уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал/,

13. Хэргийн газарт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-19 дахь тал/,

14. Яллагдагч Д.Нансалмаагийн өгсөн: “... Дарханы багийн машиныг гүйцэх гээд баг зэрэг хурдтай явсан, 08 цаг 30 минутын орчимд ******* аймгийн ******* сумаас Згийн хамт гарсан... Машины дунд хайрцаганд ааруул байсан би ааруул руугаа нэг хараад ам руугаа хийх хооронд машины баруун урд дугуй замын хажуугийн хөвөө руу дөнгөж гарч байсан тэгэхээр нь би цочоод тэгээд рүлээ зам руугаа дарсан тэгэхэд машин бага зэрэг тэнцвэр алдаад ирсэн тэгэхээр нь би сандарсан даа нөгөө тийш нь дартал замын хажуу руу орчихсон юм. Тухайн үед бид хоёрын ард явж байсан машинтай хүмүүс ирж бид хоёрт тусалсан. Би бодохдоо З нь хамгаалах бүсийг зөв зүүсэн бол түүний биед учирсан хохирол бага гарах байсан байх гэж бодож байна. Би анх хөдлөх дөө бүсээ бүсэлсэн эсэхийг харахад бүсээ зүүсэн харагдаж байсан гэтэл осол болсоны дараа харахад бүсээ ном журмын дагуу зүүгээгүй давуулсан харагдаж байсан... Би тухайн цагаас хойш Зд эмчилгээндээ зарцуулаарай гээд өөрийн боломжоор 9 сая төгрөг орчим мөнгийг дансаар болон бэлнээр өгсөн байгаа надад баримтууд нь байгаа энэ талаар хэрэгт хавсаргуулна. Ер нь бол З гэмтсэнээс гадна миний бие бас гэмтэл авч 4 сар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хүзүүний хагалгаанд орсон байсан тэр нь болохоо байгаад хүзүүний жийргэвч солиулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

          15. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчдийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 823 дугаартай “..Баасанжавын З (РД: ФМ85060803)-ийн сэтгэцэд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас зэргээр F.43.2 дасан зохицохын эмгэг оношлогдож байна.2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 118-120 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Д.Нансалмаа нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчим ******* аймгийн ******* сумаас Орхон аймгийн чиглэлд ******* улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох явахдаа  Булган аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг гэх газрын засмал замд захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчиж тогтоосон хурдыг хэтрүүлж  засмал замын зорчих хэсгээс гарч замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан  зорчигч Б.Згийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Нансалмаагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Згийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Д.Нансалмаагийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Тодруулбал тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Нансалмаа нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Нансалмаа нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

 

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Нансалмаагийн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  хүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дуръяа.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Нансалмаагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Згийн биед хүнд хохирол учирсан байна.

 Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардал, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 81,950,000 төгрөг нийт 90,358,742.95 төгрөг нэхэмжилсэн. Баримтаар 8,179,254.5 төгрөгийн баримт өгсөн. /1-р хх-н 142-178/ (Нэмэлтээр 2024 оны 08 сарын 16-21-нд Б.Зд эмнэлэгт хэвтсэнээс хойш авч өгсөн зүйлсийн жагсаалт гараар бичиж өгсөн, жагсаалтыг үнийн дүнгээр тооцоход 287,059 төгрөг) шинээр шүүх хуралдаанд 62.967.958 төгрөгийг гаргуулах хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.

            Шүүх хуралдаанд хохирогч Б.З нь 62.967.958 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Нансалмаа нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө төлсөн тул хасаж 32.592.958 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

            Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал,

           Эм тариа, бусад зардалд 11.154.699 төгрөг

            Сэтгэл санааны хохиролд 35.640.000 төгрөг

            Ажилгүй байсан хугацааны хөлс 2.851.200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэсний дагуу хохирлыг дараахь байдлаар тооцсон болно.

Эм тариа, бусад зардалд 11.154.699 төгрөг, өмгөөлөгчийн зардалд гаргасан 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сэтгэл санааны хохиролд учирсан хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу  550,000 төгрөгийг 40 дахин нэмэгдүүлж 22.00.000 төгрөгөөр тогтоов.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 550.000 төгрөгөөр тооцсон болно.  

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан “гэм хор учруулах үед  хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээтэй нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэх зохицуулалтын хүрээнд 2.851.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хохирогч Б.З зам тээврийн осолд орохын өмнө ажилгүй байсан болох нь холбогдох бичгийг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Д.Нансалмаагийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж 2023 оны 12 дугаар сарын 14-ны хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болохыг тогтоолгожээ.

Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь гэм хор учруулах этгээдээс гэм хорыг шаардах эрхийг ерөнхийлөн тусгасан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр хэдий хугацаанд  гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхийг нарийвчлан зохицуулаагүй байна.

Тодруулбал хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд  гэм хор учруулсан этгээдээс  нөхөн төлбөр шаардах эрхтэй юу, эсхүл байнгын сар бүр нөхөн төлбөр шаардах эрхтэй юу гэдэг нь тодорхойгүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдэнээс хойш хор уршиг тогтоолгосон  цаг хугацаа буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 төгрөгөөр тогтоож, нийт 37.309.699 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Д.Нансалмаа нь 30.375.000 төгрөгийг хохирогч Б.Зд төлж барагдуулсан байх тул 6.934.699 төгрөгийг шүүгдэгч Д.Нансалмаагаас гаргуулж хохирогч Б.Зд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч  гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргаж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Нансалмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

1 дүгээр хавтаст хэргийн 232, 234-237 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Нансалмаа нь Орхон аймгийн Б*******р сум, Д******* баг С******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоогджээ.

Улсын яллагчийн зүгээс: шүүгдэгч шүүгдэгч Д.Нансамааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.3-д  зааснаар дөрвөн жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг биелүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: Ял шийтгэл оногдуулахдаа түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүх энэ ял хариуцлагыг оногдуулах эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэх юм бол 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадан арга хэмжээг хэрэглэх гэсэн прокурорын саналын үндсэн дээр энэ зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч С.Болортуяа: Хохирогч Б.Згийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Ял хариуцлагын хувьд тусгайлсан санал байхгүй гэх саналыг тус тус саналыг шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Д.Нансалмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дэх заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч Д.Нансалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч П.Нансалмаад хүлээлгэж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ  гэж  дүгнэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Нансалмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Нансалмаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В*******н Овгийн Д*******ийн Нансалмааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Нансалмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Д.Нансалмаад хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсвэл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ердийн журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Нансалмаад сануулсугай. 

5.Шүүгдэгч Д.Нансалмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нансалмаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.Хохирогч Б.З нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Д.Нансалмаагийн нэр хөрөнгөнөөс хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Нансалмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 574520 тоот үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ