Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч А.З******* нарыг оролцуулан

Б******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.З*******д холбогдох эрүүгийн 2515000830104 дугаартай, 304/2025/0132/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, ******* овогт А*******гийн З*******, Б******* аймгийн Б******* суманд 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Б******* аймгийн Б******* сумын Ачуут 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах дүүгийн хамт хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 19 настай, эмэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.З******* нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б******* аймгийн Б******* сум 1 дүгээр баг Бунханы Өвөр 20-2002 тоотод байх өөрийн гэртээ, хохирогч С.А*******ыг “янхан” гэж хэллээ гэснээс үүдэлтэйгээр, хохирогч С.А*******ын толгойн тус газарт сандлаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг, Бунханы Өвөр 20-2002 тоотод байх өөрийн гэртээ, найз залуу гэх Д.Д*******тай мөнгөний асуудлаас болж маргалдаж,  улмаар аяга шидэж хохирогч Д.Д*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515000830104 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.З******* нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б******* аймгийн Б******* сум 1 дүгээр баг Бунханы Өвөр 20-2002 тоотод байх өөрийн гэртээ хохирогч С.А*******ыг “янхан” гэж хэллээ гэх шалтгаанаар  хохирогч С.А*******ын толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг Бунханы Өвөр 20-2002 тоотод байх өөрийн гэртээ найз залуу  Д.Д*******тай мөнгөний асуудлаас болж маргалдаж,  улмаар аяга шидэж түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З*******гийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,

2. Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас / хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.А*******ын өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 04-ний 22 цагийн үед Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багт байдаг танил эгч А*******гийн гэрт очиж золголт хийгээд сууж байхад А******* эгчийн охин З******* нь нөхөртэйгээ хэрүүл маргаан хийгээд гэрээс нөхөртэйгээ гарч яваад хашаан дотор бас З******* нь хэрүүл хийж байгаа нь гэр дотор сонсогдож байсан. Удалгүй З******* нь монгол гэрийн зүүн талын орны урд байсан цагаан өнгийн никель төмөр сандал аваад учиргүй нэг удаа духны дээд хэсэгт цохиж хагалсан бид хоёр ерөөсөө хэрүүл маргаан хийгээгүй байсан. Тэгээд 23 цагийн үед гэртээ ирээд цусаа цэвэрлээд унтаж амарсан өглөө нь буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 08 цагт ажил дээрээ ирсэн манай захирал болох Ану эгч чи эмнэлэг явж үзүүл гэхээр нь яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн чинь эмч нь оёдол тавих шаардлагатай юм байна гээд 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-21 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Б.Чийн өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.А*******д нийт 52.526 төгрөгийн зардал гаргаж эмчилгээ хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

6. Гэрч М.А*******гийн өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 04-ний орой 23:00-00:00 цагийн хооронд манай гэрт А******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн ба тухайн үед Наранбат, Анхбаяр хоёр согтуу унтаж байсан.Тэгээд А*******тай юм ярьж сууж байгаад би бие засах гээд гарахад манай охин З*******, хуучин найз залуутайгаа цуг орж ирж байсан ба тэгээд би бие засчихаад гэрт орж ирэхэд А*******ын толгойг З******* төмөр сандлаар цохиод хагалчихсан байсан. Намайг орж ирэхэд А******* шууд гараад гүйгээд яваад өгсөн. Би З*******гаас юу болсон талаар гэхэд “А******* эгч намайг доромжилсон” гэж байсан өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

7. Гэрч Н.Эын өгсөн: “... А*******д 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 10 цаг 36 минутад үзлэг хийсэн ба эмнэлэгт ирэхдээ толгой өвдөнө гэж байсан ба зулай хэсэгт хуйхны зүсэгдсэн гэмээр шархтай байсан тухайн иргэн “2025 оны 03 дугаар сарын 04-ний 22 цагийн орчимд айлд байхдаа толгойдоо цохиулсан” гэж байсан ба тухайн иргэнд 4 ширхэг оёдол тавьж цэвэр боолт хийж өгсөн ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй жор бичиж гэмтлийн амбулаториор боолтын эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Өөр ямар эмчилгээ хийгээгүй амин үзүүлэлт тогтвортой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

8.Б******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

9. Хохирогч Д.Д*******ын өгсөн: "... Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 11 цагийн орчимд найз охиныдоо манай найз охин болох А.З*******, түүний төрсөн ах Анхбаяр нарын хамт бид 3 байж байгаад би найз охин А.З*******тай мөнгөний асуудлаас болж маргалдсан. Тэгсэн чинь манай найз охин З******* уурандаа миний толгой руу аяга аваад шидээд шидсэн аяга нь миний толгойны ар хэсэгт оноод толгойг маань хагалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед би архи ганцаараа нэг том пиво уусан болохоор дунд зэргийн согтолтой байсан бөгөөд өөрийгөө хянах бүрэн чадвартай болсон зүйлийг бүгдийг санаж байгаа. Харин манай найз охин А.З******* нь ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед манай найз охин А.З*******гаас өөр миний биед халдсан хүн байхгүй. Харин манай найз охин А.З******* уурандаа над руу аяга шидээд миний толгойг хагалсан. Өөр зүйл болоогүй ээ. Бид хоёр урд өмнө нь нээх сүртэй хэрүүл маргаан, зодоон цохион хийж байгаагүй. Манай найз охин А.З******* бид хоёрын хооронд ямар нэг өр авлага болон өш хонзонгийн зүйл огт байхгүй ээ... Надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ээ... Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ээ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

10. Иргэний нэхэмжлэгч Б.Чийн өгсөн: “...гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д*******ын эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 87.912 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

11.Б******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн БУЛ0725/200 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 106-110 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч А.З******* нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б******* аймгийн Б******* сум 1 дүгээр баг Бунханы Өвөр 20-2002 тоотод байх өөрийн гэртээ хохирогч С.А*******ыг “янхан” гэж хэллээ гэх шалтгаанаар  хохирогч С.А*******ын толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг Бунханы Өвөр 20-2002 тоотод байх өөрийн гэртээ найз залуу  Д.Д*******тай мөнгөний асуудлаас болж маргалдаж,  улмаар аяга шидэж түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай   учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч С.А*******, Д.Д******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан болох  нь тус тус  тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.З*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

А.З*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн А.З******* нь бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

******* улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь ******* улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг, .. өөр цаг хугацаа орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр аль алиныг хамааруулан ойлгоно гэж ******* улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаартай тогтоолоор тайлбарласан байна.

Шүүгдэгч А.З******* нь өөр цаг хугацаа орон зайд танхан сэдэлтээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул прокурорын зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.З*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

 

Шүүгдэгч А.З*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч С.А******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй шүүгдэгч А.З******* нь 200.000 төгрөгийг төлсөн,  хохирогч Д.Д******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Хохирогч С.А******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Харин иргэний нэхэмжлэгч /Б.Ч/ Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал хохирогч С.А*******д 52.526 төгрөг, хохирогч Д.Д*******д 87.912 төгрөгийг  тус тус шүүгдэгч А.З*******гаас гаргуулж,  Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.З******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч А.З*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгч А.З******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 126, 128-134 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.З******* нь Б******* аймгийн Б******* сумын Ачуут 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах дүүгийн хамт хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З*******г Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг 1 сарын хугацаагаар хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.З******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт А*******гийн З*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З*******г  1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З*******г Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг 1 сарын хугацаагаар хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч А.З*******гийн нэр хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хохирогч С.А******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З*******гаас иргэний нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан /Б.Ч/-т учирсан хохирогч С.А*******д 52.526 /таван хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөг, хохирогч Д.Д*******д 87.912 /наян долоон мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг  тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ