Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 52

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуут овогт Бямбажавын Буд, Чулуут овогт Бямбажавын Буджав нарт холбогдох 201717000143 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын  биеийн байцаалтын талаар.

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6,  эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 13-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ86012930, Чулуут овгийн Бямбажавын Буд

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6,  эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 13-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй регистрийн дугаар ЛЮ86012999, Чулуут овгийн Бямбажавын Буджав

           

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нар нь бүлэглэж, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 6-4 тоот хашаанаас иргэн Ю.Баттулгын эзэмшлийн хул өнгөтэй “Даюунг” маркийн мотоцикль, хамгаалалтын малгай зэргийг тус тус хулгайлж, бусдад 515.000 /Таван зуун арван таван мянга/ төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Буд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг 2017 оны 5 сарын 24-ны орой айлаас гараад явж байхад хөдөөний хүн  тааралдаад би бичиг баримтгүй мотоцикллтой явж байгаа юм. Аймагт ямар хэцүү юм цагдаа нар нь барьж авчих гээд байх юм. Ахдаа айл зааж өгөөч гэж учраа хэлсэн. Би түүний ар дээр нь суугаад айлыг нь зааж өгчихөөд буугаад гэртээ очоод нөгөө ихэртээ хэлээд хамт нөгөө мотоциклыг түрж аваачаад амбаартаа хийгээд цоожилчихсон юм. Тэгээд удахгүй цагдаа ирээд мотоциклыг аваад явсан. Энэ миний буруу дахин гэмт хэрэг хийхгүй өөр хэлэх зүйл байхгүй гэх,

 

        - Яллагдагч Б.Будын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгэндээ“...Би 2017 оны 05 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед Баруун-Урт сумын 3 дугаар багт байрлах “Дүүрэн бадрах” нэртэй дэлгүүрийн хойд талд ганцаараа явж байтал миний хажууд мотоцикльтой хүн ирээд айл заагаад өг гэсэн айл заалгасан залууг танихгүй бөгөөд хул өнгийн мотоиикльтой цэнхэр өнгийн монгол дээлтэй байсан бөгөөд хүнтэй утсаар яриад айлынхаа хаягийг надаас асуугаад байсан ингээд Чулуутын 6-4 тоот хашааг зааж өгөөд би хашааны зүүн талд нь буугаад үлдсэн. Айл заалгасан залуу баруун зүгт явж байхад нь эмэгтэй хүн тосч аваад ардаа сундлаад хашааруу орсон. Би буцаж гэрлүүгээ явж ихэр Буджавт хандаж мотоцикльтой хүн айлын хашааруу орсон, мотоциклийг нь авахаар ярьж, мотоцикль жолоодож ирсэн хүн  айл заалгасан залуугийн орсон хашааруу урд талаас нь ороход хашаа нь урдаа задгай байсан. Хашаанд цагаан өнгөтэй байшин байсан, мотоцикль нь байшингийн баруун талд хойшоо харуулаад зогсоосон байхаар нь Буджав бид 2 ээлжилж түрээд байшингийн хойд талаар гарч зүүн талаар нь урагшаа явж гудамжинд ороод зүүн зүгт явж хойшоо эргэж Чулуутын 13-09 тоотод байх өөрийнхөө хашааны хойд талаар нь мотоциклийг түрж хашаандаа байх амбаартаа оруулж цоожилсон. Уг мотоцикль нь улсын дугаар байхгүй байсан. Хул өнгөтэй даюунг маркын мотоцикль байсан. Нэг гарт нь хамгаалалтын каск малгай байсан амбаартаа оруулсанаас хойш мотоциклийн эд зүйлээс авч салгасан зүйл байхгүй” гэв, 

 

- Шүүгдэгч Б.Буджав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Энэ Буд л гадагшаа гараа орж ирээд намайг аваад гарсан. Би мотоциклыг нь түрж ирээд амбаартаа цоожилсон гэв.

 Б.Буджав яллагдагчаар өгсөн мэдүүлгэндээ:“...2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг өнгөрч байх үед гэртээ байж байтал миний ихэр болох Б.Буд гаднаас орж ирээд хөдөөний хүн газар заалгуулаад айлын хашаа руу орсон, тухайн хүний мотоцикль нь бичиг баримтгүй цагдаагаас айгаад явж байна баригдаж магадгүй гэж ярьсан гэж Б.Буд нь надад хэлсэн юм. Ингээд бид хоёр Чулуутын 6-4 тоот хашаа руу урд талаас нь орсон. Хашаа нь урд талдаа задгай юм билээ. Хашаан дотор цагаан өнгөтэй байшин байсан, байшингийн баруун талд хул өнгөтэй Даюунг маркийн мотоцикль байхаар нь би эхэлж гарнаас нь барьж түрж байшингийн хойд талаар зүүн зүгт явж зүүн талаар нь урд зүгт түрж байгаад гудамжинд орж зүүн зүгт явж гудамж дуусахаар нь хойд зүгт гэрийнхээ зүгт явсаар байгаад Чулуутын 13-09 тоот өөрийнхөө хашааны хойд талын хаалгаар нь хашааруугаа оруулж хашаандаа байх амбаартаа хийж цоожилсон юм. Мотоциклийн эд ангийг салгаж аваагүй бөгөөд мотоциклийн гарт цэнхэр өнгөтэй хамгаалалтын каск малгай байсан. Тухайн мотоцикль нь улсын дугааргүй байсан” гэх мэдүүлэг гэв. 

 

- Хохирогч Ю.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэр Сүхбаатар айгмгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг Баянтэрэм гэх газар нутагладаг юм. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед хөдөөнөөс Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өөрийн эзэмшлийн “Даунг” маркын мотоцикль жолоодож ирсэн юм. Миний бие Баруун-Урт сумын төвийг сайн мэддэггүй бөгөөд хөдөөнөөс Баруун-Урт сумруу орж ирэхдээ хойд зүгээс орж очих айлынхаа хаягийг сайн мэдэхгүй байсан бөгөөд нуурын урд байх дөрвөн замын уулзвар дээр явж байгаад очих айлынхаа хүнрүү ярьсан чинь утсаар яриад хаягаа зааж байсан. Миний хувьд олохгүй байсан учир гудамжинд явж байсан бор царайтай залуугаас очих айлынхаа хаягийг хэлж асуухад би заагаад өгье гэхээр нь  мотоциклийн ард сундалдаж суугаад очих айлынхаа хашааны зүүн талд буулгаад би айлруугаа орсон юм. Уг айл нь манай хамаатан бөгөөд Чулуутын 6-4 тоот хашаа гэсэн сүүлд хаягийг нь мэдсэн. Уг айлын хашааны урд тал нь задгай бөгөөд байшингийнх нь баруун талд хойд зүгт мотоциклио харуулаад тавчихаад гэрлүү нь орсон. Байшин руу орж цай уучихаад 30 орчим минутын дараа буцаад гарч иртэл миний мотоцикль байхгүй мотоциклийг түрээд явсан мөр байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Очсон айлд миний мотоциклийг унаад явах хүн байхгүй. Харин цагдаагийн хүмүүс ирж миний мотоциклийн дугуйны мөрийг дагаж явж байгаад айлын амбаараас олж өгсөн бөгөөд хулгайлсан гэх хүн нь надад айл зааж өгсөн залуу байсан. Мотоциклийг дагаж 2 хүний гутлын улны мөр яваад байсан, миний бодлоор хоёр хүн хупгайлсан гэж бодож байна. Миний мотоцикль улсын дугааргүй, хуп өнгөтэй Даюунг маркийн мотоцикль бөгөөд зөв талынхаа гар дээр тольтой буруу талдаа тольгүй, хоёр данхараадны пүрш нь байхгүй уяагаар уясан, суудал нь хүрэн өнгөтэй торон бүрээстэй, шинээр худалдаж аваад 2.5 жил болж байна. Шинэвтэр мотоцикль юм, өөр эвдрэл гэмтэл байхгүй, хулгайлсан гэх залуугийн амбаарнаас гарсан мотоцикль миний мотоцикль мөн, цэнхэр өнгийн хамгаалалтын каск малгай гарт нь өлгөөтэй байсан. Одоо би мотоциклио олж авсан учраас гаргах санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14х /

- Гэрч И.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б.Буд, Б.Буджав нар нь манай ихэр хоёр хүү байгаа юм.  Б.Буд нь эхээс есүүлээ бөгөөд айлын зургаа дахь хүү байгаа юм. Бага насандаа гэр бүлдээ хүмүүжсэн, сургууль цэцэрлэгт явж байгаагүй, цэргийн алба хаагаагүй, төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаагүй хүүхэд юм. Эхнэр, 6 сартай охины хамт хадмындаа одоогоор амьдарч байгаа. Архи, тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ халамж сайтай, зан байдлын хувьд бүрэг даруу үг дуу цөөнтэй, хүнд тусархаг хүүхэд байгаа юм. Буджав нь эхээс есүүлээ бөгөөд айлын долоо дахь хүү байгаа юм. Бага насандаа гэр бүлдээ хүмүүжсэн, сургууль, цэцэрлэгт явж байгаагүй, боловсрол, мэргэжил байхгүй, цэргийн алба хааж байгаагүй, төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаагүй хүүхэд юм. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, архи, тамхи зэрэг муу зуршилгүй, зожигдуу зантай хүүхэд байгаа юм. Б.Буджав урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Харин Буд нь арваад жилийн өмнө хулгайн хэрэгт холбогдож байсан юм. Б.Буд, Б.Буджав нар өрх тусгаарлаагүй болохоор өөрсдийн гэх мал, эд хөрөнгө, машин техник гэх юм байхгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/

- Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 26 дугаартай дүгнэлтээр:

1. Шинжилгээнд ирүүлсэн зураг дээр дүрслэгдсэн №1 ширхэг гутлын мөр нь адилтгалын шинжилгээнд тохирохгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн зураг №2 дээр дүрслэгдсэн 1 ширхэг гутлын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжлэгдэж буй гутлын мөр нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн ботинкны зүүн талын мөртэй тохирч байна.

4. Шинжээчийн дүгнэлтэнд хавсаргасан Гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 18-19/ 

 5. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 03-05х /

 

- Фото зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 06-07 х / зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нар нь бүлэглэж, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 6-4 тоот хашаанаас иргэн Ю.Баттулгын эзэмшлийн хул өнгөтэй “Даюунг” маркийн мотоцикль, хамгаалалтын малгай зэргийг тус тус хулгайлж, бусдад 515.000 /Таван зуун арван таван мянга/ төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Ю.Баттулын мөрдөн байцаалтанд  өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн 26 тоот дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Хэдийгээр тухайн гэмт хэрэг  2017 оны 05 сард үйлдэгдсэн боловч 2017 оны 7 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн  хувьд  эрх зүйн байдал дээрдэж байна.

         

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар Б.Буд, Б.Буджав нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд  хүндрүүлэх   нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 6-4 тоотод байх 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чулуут овгийн Бямбажавын Буд, шүүгдэгч Чулуут овгийн Бямбажавын Буджав нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Будыг 250 / хоёр зуун тавин/ цагийн  нийтэд тустай ажил хийх ялаар, 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Б.Буджавыг 240 / хоёр зуун дөчин/ цагийн  нийтэд тустай ажил хийх ялаар  тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Буд, Б.Буджав нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих  учрыг мэдэгдсүгэй.   

4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-т зааснаар дээрх ялын биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

           5. Шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Ю.Баттулга гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 6-4 тоотод байх 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буд, Б.Буджав нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Буд, Б.Буджав  нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР