| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/138 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б*******ид холбогдох эрүүгийн 2515000000121 дугаартай, 304/2025/0138/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Э*******ийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Хулст 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 28 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000000121 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын /Хулст/ 6 дугаар багийн нутагт хохирогч Х.О*******тэй бэлчээрийн асуудлаар хоорондоо маргалдаж түүний унаж явсан хохирогч Б.Х*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн урд болон хойд гупер хэсгийг өөрийн унаж явсан мотоциклоор мөргөж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******ийн өгсөн: 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр билүү 18-ны өдөр болсон санагдаж байна. Ээж бид хоёр зусландаа буухаар болсон. Х.О******* эгч ээж бид хоёрыг буулгахгүй гээд хэл ам хийгээд байсан. Тэр өдрөөс хойш би хэдэн өдрийн дараа сумын төв дээр ганц, хоёр пиво ууж, архи уучихаад харьж явахад О******* эгч таарахаар нь хэлэх зүйлээ хэлсэн чинь хэл амаар доромжлоод бидний хооронд маргаан болсон. Тэгээд би мотоциклоороо урд талын болон хойд талын гуперийг нь мөргөсөн юм. Энэ нь миний буруу гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Х.О*******ийн өгсөн: “...Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын Хулст 6 дугаар багт Ногоон ази төслийн ажилчдын гэрт байж байхад Б******* гэх ******* сумын залуу согтуу ирээд шалтгаангүй миний нүүрний эрүү хэрсэгт нэг удаа гараараа цохиод гадаа байсан Приус 20 загварын машины маань урд болон хойд гүпер хэсгийг хагалаад гөлөг минь алнаа чамайг алга гэх зэргээр доромжлоод яваад өгсөн. Б******* манай гэрийн ойролцоо буугаад хонио манай хоньтой нийлүүлээд байсан болохоор би манай гэрээс хол буу мал нийлээд хэцүү байна гэж хэлтэл ална хядна гээд хэл амаар доромжилж цохисон. Б******* намайг гараа атгаж байгаад 1 удаа миний эрүү хэсэгт цохиод гараараа боосон мөн шуунаас базаж хөхрүүлсэн байна лээ намайг цохиж байхыг болон Пагамсүрэн нар харж байсан Б******* миний машины гүпер хэсгийг мотоциклоор дайрч байгаад хагалж эвдсэн миний машин Toyota Prius гэдэг загварын машин би өөр хүмүүстэй ерөөсөө маргалдаагүй Б*******оос архи үнэртэж байсан. Б******* бид 2-ын дунд өр авлага байхгүй урьд өмнө бэлчээрийн асуудлаас болж маргалдаж байсан. Би удаа дараа манайхаас хол буу хонь мал нийлээд байна гэж хэлж байсан ерөөсөө тоохгүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулахгүй. Б*******оор машинд учирсан хохирлоо төлүүлнэ. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлнэ машины хохирлоо төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
Хохирогч Б.Х*******ийн өгсөн “...Би эрх, үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Надад эрх үүрэгтэйгээ холбогдуулж асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Миний хувьд ээжийг зодуулаад миний тээврийн хэрэгслийг эвдүүлсэн талаар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу хэрэг болсон өдрөөс хойш 7 хонгийн дараа мэдсэн манай ээж миний сэтгэл санаа зовно гээд тухайн үедээ надад хэлээгүй юм байна лээ.Миний хувьд яг юу? болсон талаар мэдээгүй ямар учраас миний ээжийг зодож тээврийн хэрэгслийг маань мотоциклоор дайрч эвдсэн талаар мэдээгүй байна хоорондын таарамжгүй харилцаанаас болсон гэсэн ямар ч байсан машины хохирлоо барагдуулна. Би машинаа эвдүүлсний төлөө сэтгэл санаанд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Манай ээж маань одоогоор бие нь гайгүй байгаа манай ээж мөн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Би шүүх хуралд оролцохгүй яаралтай машины хохирлоо төлүүлмээр байна..” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Гэрч Жы өгсөн: “...Би гэрчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна. 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байхаа манай хүү О******* гэх манай сумын эгчтэй хэрүүл хийсэн юм байна лээ. О******* тухайн хэрэг гарахаас өмнө хэд хоногийн өмнө над руу залгаад чи муу алуурчин та нар наад газраасаа нүү чи хүн алсан алуурчин биз дээ чи намайг алаад манайхтай ойр буугаарай гэх зэргээр шууд хараагаад загнаад унасан юм. Уул нь манайх О*******ийн гэрээс 1 км зайтай буусан юм. Хуулиндаа бол 500 метр зайд бууж болохгүй юм байна лээ.Тэгээд хүү бид 2-оос малын бэлчээр харамлаад хөөгөөд байгаа юм. Тухайн үед намайг утсаар загнахдаа алуурчин нөхрөө алсан гэх зэргээр дайрч доромжлоход манай хүү хажууд сонсож байсан юм. Тэгээд архи уугаад согтуудаа манай хүү О*******тэй хэрүүл маргаан үүсгэсэн байна лээ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Гэрч Ж.гийн өгсөн: “...О******* ирээд цай уугаад байж байсан удаагүй нэг үл таних залуу гэрт орж ирээд гэнэт О******* рүү дайраад аяга аваад шидсэн. Би ямар шалтгааны улмаас О******* рүү дайрсныг мэдэхгүй. Тэгээд настай эмэгтэй хүнийг заамдаад түлхсэн. Тэгээд гэрээс буцаж гараад О*******ийн унаж ирсэн машиныг нь Мотоциклоороо 2-3 удаа мөргөөд буцаад хашаанаас гараад явсан. Тухайн залууг би танихгүй хараагүй залуу байна лээ... “ гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэрч Т.ийн өсгөн: “... бид 2-ыг ажил дээрээ байж байхад О******* орж ирэн цай уусан. Тэгээд удаагүй араас нь би лав хараагүй юм байна лээ, танихгүй жаахан залуу орж ирээд О******* рүү агсан тавиад заамдаж аваад гэрийн хана руу шахаад аяга аваад шидсэн аяга нь бол О*******ийг оноогүй. Тэгээд гадаа гараад мотоциклоо асаагаад О*******ийн машины ар "Гүпер" хэсэгт нь 2-3 удаа дайрч байхыг нь бол харсан. Тэгээд тухайн залуу согтуу мотоциклоо унаад хашаанаас гараад явсан өөр зүйл болоогүй. Тухайн залуу ямар учраас О*******ийг заамдаж машиныг нь мөргөснийг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Орхон аймгийн шинжилгээний газрын Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №: Орх 912386 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.О*******, Б.Хулан, гэрч Ж, Ж., Т. нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шинжилгээний газрын Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №:Орх 912386 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч Э.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын /Хулст/ 6 дугаар багийн нутагт хохирогч Х.О*******тэй бэлчээрийн асуудлаар маргалдаж түүний унаж явсан, хохирогч Б.Х*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн урд болон хойд гупер хэсгийг өөрийн унаж явсан мотоциклоор мөргөж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн материаллаг бүрэлдэхүүнтэй, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт учруулсан байхыг шаарддаг.
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох “Орхон аймгийн шинжилгээний газрын Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №: Орх 912386 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 500.000 төгрөгөөр үнэлсэн ба гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж бусдад хохирол учруулсан байдаг онцлогтой.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Б******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Б*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хуланд 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Б******* хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Б*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.Б*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б*******ийг учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 81-88 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлсэний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Б******* нь Булган аймгийн ******* сумын Хулст 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэж талууд шүүхэд саналаа гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Э.Б*******ийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Э*******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож, солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй,түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ