| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0142/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2515000000135 дугаартай, 304/2025/0142/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б******* овогт Б*******ы Б*******, Булган аймгийн ******* суманд 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн ******* сумын Тээл 4 дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,
урьд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарны 04-ний өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 2.5 дах заалтад зааснаар “зан үйлээ засах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж байсан, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2515000000135 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/1188 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, сумын төвд, эрхийн үнэмлэхгүй, согтуугаар, улсын дугааргүй, “*******” маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 3.05 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбалхагвын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2.Согтолтын зэргийг шалгасан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
3.Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
4.Гэрч Б.Ц*******ын өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганбаярын хамт Хутаг-өндөр сумын 1 дүгээр баг сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед улсын дугааргүй ******* маркийн мотоцикль "Өгөөж" дэлгүүрийн үүдэнд ирээд зогссон тэгэхээр нь бид 2 очиж шалгахад манай сумын иргэн Б.Б******* нь тухайн мотоциклийг жолоодон ард нь гэх хүн суусан байсан тэгээд Бямбалхагвыг цагдаагийн кобан байранд авч ирээд согтуурал хэмжих багажаар согтолтын зэргийг шалгахад 3.05 хувьтай гарахаар нь мотоциклийг түр саатуулж согтуурал шалгах тэмдэглэл үйлдсэн юм. Тухайн үед би Бямбалхагвыг албаны машиндаа суулгаад мотоциклийг нь ахлагч Ганбаяр жолоодоод журмын хашаанд хийсэн. Иргэн Б*******, ахлагч Ганбаяр бид 3 байсан. Намайг тухайн үед шалгахад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Би албанд ашиглаж байгаа согтуурал хэмжих Аlsotest-7510 загварын, 002014 гэрчилгээний дугаартай согтуурал хэмжих багажаар шалгадаг. Албанд ашиглаж байгаа Аlsotest-7510 загварын согтуурал хэмжих багаж нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл стандарт хэмжилтээр баталгаажсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
5. Гэрч Ж.У*******ын өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны орой аймгийн төвөөс Хутаг-өндөр сумын төвд ирэхэд Төмөрдавга эгч залгаад чиний мотоциклийг цагдаад хураалгасан байгаа гэж хэлсэн. Тэгээд би замын цагдаа Ц*******тай очиж уулзаад юу болсон талаар асуухад чиний мотоциклыг Б******* согтуугаар жолоодож яваад надад хураалгасан гэж хэлсэн. Тэгээд би 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөгч Анхтөмөрөөс мотоциклоо хүлээн авсан. Миний мотоцикль цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байгаа юм. Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв рүү ажлаар явсан. Тухайн өдөр явахдаа аав ад өөрийнхөө мотоциклийг үлдээсэн. Тэгсэн харин манай аав , Б******* 2 хамтдаа архи уугаад Б******* нь миний мотоциклийг жолоодон явж байгаад цагдаад баригдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
6. Гэрч Б.ын өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Тээл багаас гэрээсээ 11 цагийн үед гараад сумын төв орж Доржоо гэх хүнээс хүү У*******ын мотоциклийг авах гэж ирсэн. Тэгээд Доржоо бид 2 хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад би согтоод жаахан унтаж байгаад сэрсэн чинь Б******* гэх манай Тээл багт байдаг малчин залуу Доржоогийнд ирчихсэн Доржоо хараа нэртэй 0.5 литрийн 1 шилтэй архи задлаад Б*******, Доржоо бид 3 хувааж уусан тэгсэн Б******* Жавхаа ахаа 2-лаа мотоциклоор чинь дэлгүүр ороод ирий гээд байхаар нь хүү У*******ын мотоциклийг Б******* жолоодоод би ард нь суугаад "Өгөөж" дэлгүүр дээр ирээд зогсоход цагдаа ирээд Б*******ас архи үнэртэж байна гэж хэлээд бид 2-ын мотоциклийг журмын хашаанд хийж Б*******-ын согтолтын зэргийг шалгахаар цагдаагийн байр луу аваад орсон тэгэхээр нь би Доржоогийнх руу явсан. Миний хүүгийн мотоцикль цэнхэр өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл байгаа юм. Б******* бид 2 Доржоогийн гэрээс хөдлөөд "Өгөөж" дэлгүүр дээр очиход 1 км орчим явсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
7. Булган аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.ын гаргасан “.. Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын дугааргүй ******* маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч Б.Б******* / *******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтад "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг зөрчсөн байна..” гэх мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Б.Б******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/1188 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг сумын төвд согтуугаар “*******” маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 3.05 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтан Б.Ц*******ын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч Б.Бямбалхагвын согтуурлын зэргийг драйгерь багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 3.05 хувийн согтолт илэрсэн байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.
Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Бямбалхагвын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Б.Бямбалхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бямбалхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бямбалхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 73-83 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн ******* суманд 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн ******* сумын Тээл 4 дүгээр багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан урьд Б.Б*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох саналыг шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2,3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглов.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Б*******ы Бямбалхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2,3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар сануулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ