Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 136/шш2022/00081

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, *** сум, *** тоотод оршин суух, В овогт Ц.Н /РД: /,

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Уыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Уэрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувиараа хөдөөгөөр явдаг ажилтай. Хөдөөгөөр ажлаар явж байхдаа З.Утай танилцаж ямар ажил хийдэг, хаана ажиллаж байгаа талаар ярилцсан. Тэгээд миний бие 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн 6662 ДГО улсын дугаартай пургон маркийн автомашиныг 3.Ундрахжаргалд сарын 2,400,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан ярилцаж өөрийн биеэр түүний ажиллаж байсан Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрладаг Бээжин-Юни ХХК-ийн ажлын байр болох кэмп дээр аваачиж өгсөн. З.У нь тухайн компанид инженерээр ажилладаг. Түүнээс хойш 1 сар 17 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед өөрийн эзэмшлийн автомашиныг авсан ба энэ хугацааны түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон байсан боловч мөнгөө өгөөгүй бидний хооронд үл ойлголцол гарсан. Үүнээс хойш удаа дараа 08-11 дүгээр саруудад 88083262 утсаар байнга ярьж холбогдож түрээсийн төлбөрийн талаар ярьдаг боловч ямар нэгэн төлбөр төлөөгүй. Тийм учраас би өөрийн оршин суугаа газрын шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч З.У нь хүрэлцэн ирээгүй ба түүний хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар буцаасан. Миний бие З.Утай зөвхөн утсаар холбогдож байсан ба хаана оршин суудгийг нь мэдэхгүй. Тухайн үед ажиллаж байсан компанийн хүмүүсээс холбогдож асуусан боловч иргэн учраас хаягийг нь хэлээгүй. Иймд З.Уаас автомашины түрээсийн төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч түүний хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Уталаар дор дурдсанаар тодорхойлж байна:

З.У нь Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод амьдардаг, 88083262 дугаарын утастай, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Бээжин-Юни ХХК-д инженер ажилтай. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Уэрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-6/, 66-62 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-7, 9/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл /хх-8/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д.Н нь 4,000,000 төгрөгийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Уаар төлүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Н нь З.Уаас 4,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэлээр оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. (хх-8)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж,

мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Уэрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар З.Уэрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар З.Уэрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ