| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
хохирогч Ц.Г,
шүүгдэгч Э.М******* нарыг оролцу Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М*******д холбогдох эрүүгийн 2415002450137 дугаартай, 304/2025/0143/Э индекстэй хэргийг хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө******* овогт Э*******гийн М*******, Булган аймгийн ******* суманд 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Магсаржавын ******* оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******.
Холбогдсон хэргийн талаар:/ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.М******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт асфальтан замаар ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгслээр зорчин явах үедээ, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино”, мөн 13.4 дах заалтад заасан, дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр...” гэснийг тус тус зөрчиж 69-25 улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Мг зүүн гар тийш эргэж туслах зам руу орох үйлдэл хийх үед гүйцэж түрүүлэн араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415002450137 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.М******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт асфальтан замд ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгслээр зорчин явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино”, мөн 13.4 дах заалтад заасан, дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр...” гэснийг тус тус зөрчиж, 69-25 улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Мг зүүн гар тийш эргэж туслах зам руу орох үйлдэл хийх үед, гүйцэж түрүүлэн араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М*******ийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,
2.Хохирогч Ц.Ггийн өгсөн: 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутаг Урантогоо уулын наад хэсгийн салдаг замд манай жижиг тэргийг ирж мөргөсөн. Машины дугаар маркийг мэдэхгүй байна. Тухайн үедээ мөргүүлснээ мэдээгүй. Сүүлд эмнэлэгт очсоноо мэдэж байна. Байнгын өвчин намдаагч хэрэглэж хөл хавагнаж, зүүн талаа дагаж өвдөг дагаж өвдөж босож суухад хэцүү байна гэв.
3.Нөхөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
4.Хохирогч Ц.Ггийн өгсөн: “...Тэгээд Булган аймгийн ******* сумын нутаг Урантогоо уулын ойролцоо ******* сум руу явах чиглэлд асфальтан замаас шороон зам руу салдаг хэсэг дээр манай бэр дүү холоос зүүн гар тийшээгээ эргэх дохиогоо өгөөд эргээд манай машины урд талын дугуй асфальтан замаасаа буугаад шороон зам дээр гарсан байх үед бид нарын араас нэг машин манай машиныг мөргөөд манай машин замын хажуу тал руу шидэгдсэн байсан. Тухайн үед би ухаан алдаад сэрсэн. Тэгээд ухаан алдаж сэрээд машинаасаа би түрүүлж мөлхөж гараад хүмүүсээс тусламж гуйж 2 дүүгээ машинаас нь гаргуулсан. Мөн манай дүү Б.Цогт-Эрдэнийн зүүн талын нүдний дээд хэсэгт ярагдсан байдалтай байсныг түргэн тусламжийн эмч нар оёдол тавьсан. Тэгээд би түргэн тусламжаар Булган аймгийн төв эмнэлэг дээр хүргэгдэн ирсэн...Тухайн осол болох үед би болон тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.М, түүний нөхөр Б.Цогт-Эрдэнэ бид гурав архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан.Манай бэр дүү Х.М нь аягүй удаан явдаг юм. Тухайн осол болох үед эргэх гээд дохиогоо бүүр холоос өгөөд би иргэж харахад манай ард явж байсан цайвар өнгийн тээврийн хэрэгсэл бид хэдийг эргэх гэж байна гээд бүүр хурдаа хасаад маш удаан явж байсан. Манай урдаас ямар ч тээврийн хэрэгсэл ирээгүй зам чөлөөтэй байсан... Тухайн осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан манай бэр дүү Х.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан... Тухайн осол болох үед бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би хүртэл арын суудал дээр сууж явахдаа бүсээ зүүсэн байсан. Осол болсны дараа бүсээ тайлах гэж зөндөө удсан. Тэгээд би бүсээ тайлаад мөлхөж гарсан... Би зам тээврийн осолд орсны улмаас нааш цаашаа явсан болон үзүүлж харуулсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Мөн уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү? гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хгийн өгсөн: “...Миний төрсөн ах Б.Цогт-Эрдэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр УБ хотод цусны цочмог хавдар гэх өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.Нас барсан шалтгаан нь бол авто тээврийн ослоос болоогүй....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 57-58 дахь тал/ ,
6.Хохирогч Х.Мгийн өгсөн: “...Зам тээврийн осолд орсны улмаас миний эзэмшлийн Тоёото Акуа загварын 69-25 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч надад хохирол учирсан боловч намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч болох Э.М******* нь надад хохирлыг бүрэн барагдуулсан учир надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
7.Гэрч Б.Нгийн өгсөн: “...Тэгээд ******* сумын Уньт баг Уран тогоо уулын ойролцоо асфальтан зам дээр явж байхад манай машины урд 2-оос 3 тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд яг манай урд явж байсан хар өнгийн Ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгсэл баруун тийшээ дохио өгөхөөр нь манай нөхөр Э.М******* тухайн тээврийн хэрэгслийг замаас гарах гэж байна гэж бодоод зүүн гар тал руугаа дохио өгөөд гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгалдаа явж байсан чинь гэнэт тухайн дохио өгсөн хар өнгийн Ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийн урд явж байсан машин гэж би бодож байна одоо сайн санахгүй байна жижиг саарал өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд манай машин зогсож чадалгүй шууд тухайн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөсөн... Манай машинд мөргүүлсэн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу ороод дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тухайн осол болох үед би болон тээврийн хэрэгсэл жолоодож явсан манай нөхөр Э.М******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн осол болох үед танай машин хэдэн км цагийн хурдтай явсан бэ? Танай нөхөр Э.М******* осол болох үед тээврийн хэрэгслийг зогсoox apra хэмжээ авсан уу... Тэгээд урдаа явсан тээврийн хэрэгслүүдийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд явж байхдаа 80 км/цагийн орчим хурдтай явсан гэж бодож байна. Тухайн үед манай нөхөр Э.М******* нь тээврийн хэрэгслийн тормос дээр гишгээд зогсоож чадаагүй Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн.Тухайн осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан манай нөхөр Э.М*******ийн хувьд ядрах болон зүүрмэглэсэн зүйл байхгүй... Бид нарын хувьд бэртэл гэмтэл нээх авсан зүйл байхгүй. Би осол болсны дараа эход харуулахад жирэмсэн байсан болохоор жоохон доргилт өгсөн байж магадгүй гээд эмнэлэгт хэвтсэн. Ураг бол ямар нэг гажиг байхгүй хэвийн байна гэж эмч хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
8.Гэрч Х.Мгийн өсгөн: “...Тэгээд Булган аймгийн ******* сумын нутагт байдаг Урантогоо уулын ойролцоо асфальтан зам дээр явж байгаад асфальтан замаасаа зүүн гар тал руугаа дохиогоо өгөөд шороон зам руу орох гээд эргэж байхад манай машины араас өөр машин ирж мөргөөд манай машин онхолдсон. Би тэгээд шоконд ороод ослын дараа юу? болсон талаар огт санахгүй байсан бөгөөд осол болсны маргааш өглөө нь гэртэй сэрээд юу? болсон талаар мэдсэн. Яагаад юм аа санахгүй байгаагаа огт мэдэхгүй байна. Тухайн үед осолд ороод шоконд орсон байх гэж бодож байна. Тухайн өдөр эмнэлэг орж зөндөө үзүүлж харуулсан байсан. Тэр талаараа юу ч санахгүй байгаа. Тухайн үед тээврийн хэрэгсэл би жолоодож явсан. Тэгээд асфальтан замаас салахын өмнө нэг самбар таарсан. Тэгсэн чинь манай нөхөр салах дөхөж байгаа шүү одоо дохиогоо өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би дохиогоо өгөөд арагшаа толиндоо харахад миний яг ард цайвар өнгийн тээврийн хэрэгсэл явсан. Тэр цайвар өнгийн тээврийн хэрэгслийн ард бас нэг тээврийн хэрэгсэл явж байсан. Тухайн машинууд намайг толинд харахад ямар нэг гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээгүй байсан. Мөн тухайн машинууд намайг эргэх гэж байгааг мэдээд дагаад хурдаа хассан байсан. Тэгээд асфальтан замаас зүүн гар тал руугаа дохиогоо өгч салаад асфальтан замтай нийлж байгаа шороон зам руу бууж байх үед гэнэт араас машин ирж мөргөх шиг болсон тэрнээс хойш яаж онхолдсон талаар юу ч санахгүй байгаа... Тухайн осол болох үед би болон манай нөхөр Б.Цогт-Эрдэнэ, хадам эгч Ц.Г бид гурав архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан... Тухайн осол болох үед тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр ямар нэг хальтиргаа гулгаа үүсээгүй байсан. Үзэгдэх орчин сайн нартай өдөр байсан.Би ер нь шулуун замд тээврийн хэрэгсэл жолоодохдоо 80 км цагаас дээш хурдтай явдаггүй юм. Тухайн үед асфальтан замаас бууж шороон зам руу орох үйлдэл хийж байсан болохоор маш удаан явж байсан ба эргэхээс өмнө 10 км цагийн хурдтай л явж байсан гэж бодож байна... Тухайн зам тээврийн ослоор манай нөхөр Б.Цогт-Эрдэнэ зүүн нүднийхээ дээд хэсэгт оёдол тавиулсан. Манай нөхөр Улаанбаатар хотод цусны цочмог хавдар гэх оноштой эмнэлэгт хэвтэж байгаад энэ өвчнийхөө улмаас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Харин манай хадам эгч Ц. Г нь хүнд гэмтэж шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Аарцаг нуруу нь гэмтсэн. Одоо суга таягтай явж байгаа.Тухайн осол болох үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 79-81 дэх тал/,
9.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Дын “...1.Х.Мгийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шанаагаар зөөлөн эдийн няцрал баруун бугалга, 2 гуя цус хуралт гэмтэл тогтоогдлоо.3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 94 дэх тал/,
10.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Дын “...1.Б.Цогт-Эрдэнэ биед гэмтэл зүүн хөмсгөнд шарх, зүүн хацрын төвгөрт, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 104 дэх тал/,
11.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Дын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 253 дугаартай “...1. Ц.Ггийн биед сүүжний S3-р нугалам их биеийн зөрөөтэй хугарал, цагирган мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн /зам тээврийн осол/ үйлчлэлээр цохигдох, дарагдах, шахагдах механизмаар үүснэ.3. Тогтоогдсон гэмтлүүд нь нэг цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 114 дэх тал/,
12.Хас үнэлгээ ХХК-ны шинжээчийн дүгнэлт “...Х.Мгийн эзэмшлийн Тоёота Акуа 6925 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 10,578,000 төгрөг...” гэх / хавтаст хэргийн 141 дэх тал/,
13.Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн мөрдөгчийн магадалгаа “...Жолооч Хашхүү овогтой М /КК86111001/ нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолооны "В" ангиллын эрх хүчинтэй төлөвтэй байна. Жолооч Э******* овогтой М******* /ГН91060917/ нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолооны “ВСС1”ангилалын эрх хүчинтэй төлөвтэй байна.
Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч Хашхүү овогтой М КЖ86111001/ нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна. Харин жолооч Э******* овогтой М******* /ГН91060917/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно а/ уулзвар болон гарц дээр; Уг осол нь жолооч Э******* овогтой М******* /ГН91060917/ нь гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтсэн, хориглосон газарт гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас уг осол гарсан байна...” гэх / хавтаст хэргийн 147-148 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Г, Б.Х, гэрч Б.Н, Х.М нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Дын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 253 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ны шинжээчийн дүгнэлт, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.М******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт асфальтан замд ******* улсын дугаартай загварын тээврийн хэрэгслээр зорчин явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино”, мөн 13.4 дах заалтад заасан, дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр...” гэснийг тус тус зөрчиж, 69-25 улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Мг зүүн гар тийш эргэж туслах зам руу орох үйлдэл хийх үед, гүйцэж түрүүлэн араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ггийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд зам тээврийн ослоос үйлдэлтэй гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.М*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.М******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.М******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.М*******, хохирогч Ц.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул тэдний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдъя.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.М*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд эмчилгээ болон бусад зардалд гаргасан баримтыг ирүүлээгүй.
Шүүгдэгч Э.М******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Гд 4.000.000 төгрөгийг төлсөн байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ггийн сэтгэцэд учирсан хор уршиг 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон.
Сэтгэл санааны хохиролд учирсан хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 660.000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж 4.620.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Э.М*******эс гаргуулж, хохирогч Ц.Гд олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 660.000 төгрөгөөр тооцсон болно.
Хохирогч Ц.Г нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.М*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хавтаст хэргийн 204-210 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.М******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Магсаржавын ******* оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Э.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг,
Шүүгдэгч Э.М******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Э.М*******эс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө******* овогт Э*******гийн М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******д оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М*******д сануулсугай.
5.Шүүгдэгч Э.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******эс 4.620.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Цэрэндоржийн Г /РД:ТЛ75071366/-д олгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Э.М*******эс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ