Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

хохирогч Д.*******,

шүүгдэгч Ц.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б*******д холбогдох эрүүгийн 2515001740139 дугаартай, 304/2025/0141/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1976 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг,

урьд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Сум дундын 4-р шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 49 настай, эрэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх хохирогч Д.*******гийн гэрийн гадаа  хохирогч Д.*******гийн зүүн нүд орчимд цохиж, цээжинд нь өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515001740139 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх хохирогч Д.*******гийн гэрийн гадаа  хохирогч Д.*******тэй маргалдан улмаар түүний  зүүн нүд орчимд цохиж, цээжинд нь өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баясгаоангийн өгсөн:Би Д.*******гийн гэрт архи уугаад хохирогч Д.*******гийн биед хохирол учруулсан нь үнэн. Би тухайн үед болсон үйл явдлыг санахгүй байгаа, согтуу байсан. Үйл явдал болсноос хойш 3 хоногийн дараа хохирогч Д.******* чи намайг зодсон, бэртээсэн гэж ирсэн. Би урьд хохирогчийг зодож гэмтээсэн асуудалгүй. Миний мотоциклийн 2 толь хагарсан, миний хөмсөг язарсан, цээж хөндүүр болсон байсан. Мотоциклоос унаад босгож явснаа санаж байгаа ч бусад зүйлсийг санахгүй байна. Хөмсөг язарсан байсан тул зодсон гэж бодсон. Тухайн үед согтуу байсан гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******гийн өгсөн: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ц.Б******* манайд халамцуу ирсэн. Авгай хүүхэд байхгүй Улаанбаатар хот явсан гээд ирсэн. Би хоол хийж өгсөн. Манайд 1 шил архи уусан. Архи ууж байхдаа бүсээ тайлаад ширээ рүү шидээд байсан. Тэгээд хонь чинь явчихлаа хониндоо яв гээд мотоцикль руу нь авч явж байхад миний нүд рүү цохиж, ойртсоны дараа намай өшиглөсөн. Тэгээд би босоод гүйх гэсэн чинь намайг элдэж хөөсөн. Би нөхрөө дуудсан. Ц.Б******* мотоцикль дээрээ очоод унаж байсан. Мотоциклынхоо толинд хөмсгөө цохисон байх. Манай нөхөр гарч ирээд яваач гэсний дараа явсан гэх мэдүүлэг,

3. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******гийн өгсөн: “…Би Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт мал маллаж  амьдардаг юм. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ байж байтал манай гэрт гаднаас нутгийн зүс таних *******, эхнэр Ганганцэцэг нар ирсэн. Тухайн хүмүүс манай гэрт ирээгүй удсан учраас би хоол цай хийж өгөөд сууж байтал манай нутгийн зүс таних Амарб******* мотоцикльтой манай гэрт ирсэн. Ингээд би тухайн хүмүүстэй ойр зуурын юм ярилцаж байгаад гэрт байсан 0,5 литрийн Агар нэртэй архи гаргаж өгсөн. Уг архийг *******, Ганганцэцэг, Б******* бид дөрөв хувааж уусан. Архи ууж дууссаны дараа Б*******г би чи гэртээ харьж хонио эргүүл гэж хэлээд гэрээс гаргаж өгөөд мотоциклд нь суулгах гээд явж байтал Б******* үгийн зөрүүгүй намайг гараа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү цохиод авсан би уг цохилтоос болоод газарт унасан, тэгтэл миний баруун талын цээж хөх хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгэхээр нь би гэрт байсан нөхөр *******ыг дуудсан. Манай нөхөр гэрээс гарч ирээд юу? болов гэж хэлээд Б*******г мотоциклд нь суулгаад явуулсан ийм л зүйл болсон. Амарб******* мотоцикльд суух гэж байгаа, мотоцикльтойгоо газарт унаад нэг талын нүд нь хөхөрсөн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,

4. Гэрч Д.*******ын өгсөн: “…Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай гэрт нутгийн зүс таних *******, эхнэр Ганганцэцэг нар ирсэн. Тухайн хүмүүсийг гэрт ирлээ гэж манай эхнэр Д.******* цай хоол хийж өгөөд байж байтал гаднаас манай гэрт саахалт айлын Б******* ирсэн. Тухайн хүмүүст ******* гэрт байсан Агар нэртэй 0,5 литрийн архи гаргаж өгсөн. Уг архийг *******, Ганганцэцэг, Б*******, ******* нар хувааж уусан. Архи ууж дууссаны дараа *******, Б*******г одоо гэртээ харьж амар хонио эргүүл гэж хэлээд гэрээс дагуулаад гарсан. Ингээд би гэрт сууж байтал ******* намайг зодчихлоо гэж чанга орилсон. Тэгэхээр нь би гэрээс гараад иртэл *******гийн нүд нь хөхөрсөн байдалтай Б******* намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гэж хэлээд Б*******г мотоцикльд нь суулгаад явуулсан…” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 11 дэх тал/,

5. Гэрч Л.*******ын өгсөн: “…2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мал хайж яваад нутгийн зүс таних ******* гэх айлд эхнэр Ганганцэцэгийн хамт орсон юм. Тухайн айлд ороод сууж байтал мөн нутгийн зүс таних Б******* гэх хүн ирсэн. Б******* тухайн үед бага зэргийн архи уусан гэхээр байдалтай ирсэн. Б******* *******ын гэрт орж ирээд сууж байгаад *******ад чи манай хаваржааны газарт буугаад байна гэх мэтчилэн зүйл ярьж байгаад хоорондоо маргалдаад байсан. Ингээд *******ын эхнэр ******* нэг шил Агар нэртэй 0,5 литрийн архи гаргаж өгсөн. Уг архийг Б*******, *******, Ганганцэцэг бид дөрөв хувааж уусан. Архины ихэнх хэсгийг Б******* бид хоёр уусан. ******* мал харж байгаа гээд архи уухгүй байсан. Ингээд архи ууж дууссаны дараа Б*******, ******* нар хамт гэрээс гарсан. Гэрээс гараад удаагүй ******* намайг зодлоо гэж чанга дуугарсан.Тэгтэл манай эхнэр Ганганцэцэг гэрээс гараад *******г дагуулаад орж ирсэн. ******* гэрт орж ирээд Б******* мотоциклоосоо уначхаад миний нүд рүү цохилоо гэсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Дгийн 7258 дугаартай дүгнэлт “.. Д.*******гийн биед баруун 5-р хавирганы далд хугарал, зүүн нүд, баруун хөхний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Ц.Б******* нь согтуугаар  2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх хохирогч Д.*******гийн гэрийн гадаа  маргалдаж хохирогч Д.*******гийн зүүн нүд орчимд цохиж, цээжинд нь өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Б*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Б*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Ц.Б******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Б*******гийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Ц.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Ц.Б*******, хохирогч Д.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул тэдний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг тэмдэглэе.

 

Хоёр: Хохирлын талаар

Шүүгдэгч Ц.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.******* нь мөрдөн байцаалт болон шүүхэд 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт хохирогч Д.******* нь 2.372.694 төгрөгийн эмчилгээ болон бусад зардалд гаргасан гэж баримтыг хавсаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэсний дагуу хохирлыг тогтоов.

Шүүх хуралдааны явцад хохирогчийн хэрэгт хавсаргасан баримтыг хохирогч Д.*******тэй нэг бүрчлэн тулгасан болно.

Шүүх 2.372.694 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.224.694 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эх сурвалж нь тодорхойгүй 148.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч Д.******* нь цаашид  эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарах зардал мөн шүүхийн шатанд баримтгүй нэхэмжилсэн 545.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тус тус  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч Ц.Б******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 46-62 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоол, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Б******* нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******г 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ц.Б*******гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******гаас 2.224.694 /хоёр сая хорин дөрвөн мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Барга овогт Дамдинсүрэнгийн ******* /РД:ГЕ75122601-д олгож, нотлох баримтгүй нэхэмжилсэн 545.000 /таван зуун дөчин таван мянган/ төгрөг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ