Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2022/00285

 

 

 

 

 

          2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2022/00285

                                   Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, 01 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 02 дугаар байр, 3 давхар, “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 02-09 тоотод оршин суух Онолт овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн төлбөр нийт 6,920,554.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол шуудан банк болон хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот “Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр Монгол шуудан банкны зарим эрхийг ******* банкинд шилжүүлсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “******* банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А-153 дугаар тушаалаар “******* банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ******* банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас ******* банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж ******* банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч *******д олгосон чанаргүй зээл хамаарч байна.

******* нь Өвөрхангай аймгийн ******* суманд орших Монгол шуудан банкны 51 дүгээр тооцооны төвтэй 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 10 дугаартай Зээлийн гэрээ, 10 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авч ашигласан.

Зээлдэгч нь адуу 7, хонь 140, ямаа 363, гэр 1 зэргийг барьцаалсан боловч зээлийн барьцаа хөрөнгө бодит байдал дээр байхгүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Банкны зүгээс зээлийг төлөх боломжит хугацаа өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж банкийг хохироож байна.

“******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тус захирамжийг хүлээн аваад “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар хариуцагчийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *******гоос үндсэн зээлийн үлдэгдэл 4,575,085 төгрөг, зээлийн хүү 2,345,469.81 төгрөг, нийт 6,920,554.81 төгрөг гаргуулан “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч *******өөс Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №01 тоот гэрээний хуулбар, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 тоот, А-157, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 тоот, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 тоот, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 тоот, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-214, А-216 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-30 тоот, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-28 тоот, А-258 тоот, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А-202 тоот тушаалын хуулбарууд, 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №10 тоот Зээлийн гэрээний хуулбар, 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №10 тоот Зээлийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, *******, Д.Цэвэлравжаа нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 145/ШЗ2021/01434 тоот захирамжийн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02490 тоот шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39/489 тоот албан бичгийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нь *******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,575,085 төгрөг, зээлийн хүү 2,345,469.81 төгрөг, нийт зээлийн төлбөр 6,920,554.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

*******д 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Шуудан банкны Өвөрхангай аймгийн ******* суман дахь 51 дүгээр тооцооны төв нь *******той 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийг 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байхаар тохиролцон №10 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. /хх-ийн 20, 21 дүгээр тал/

Энэ гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн  хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг.

Үүний дагуу Монгол Шуудан банкны Өвөрхангай аймгийн ******* суман дахь 51 дүгээр тооцооны төв 5,000,000 төгрөгийг 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******д дансаар шилжүүлсэн. /хх-ийн 25 дугаар тал/ Харин ******* нь Зээлийн зээлийн гэрээний 4 дүгээр 4.2.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ зөрчсөн байна.

Монгол Шуудан банкнаас “******* банк” ХХК-д актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлсэн болох нь “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх” 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №01 тоот гэрээний хуулбараар, “Хадгалам банк” ХХК-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсан болох нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 тоот, А-157 тоот тушаалын хуулбараар тус тус тогтоогдож байна.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А-202 тоот тушаал, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нь тус банкийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.

Зээлийн гэрээний хугацаа 2008 оны 7 дугаар сарын 07ы өдөр эхэлж, 2009 оны 7 сарын 07ы өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх 2009 оны 7 сарын 07ы өдөр үүсэж, энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хөөн хэлэлцэх гурван жил 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусжээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх нэгэн зэрэг шилжих бөгөөд Зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд уг гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Гэтэл “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нь 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 9 жил, 02 сар, 15 өдрийн дараа анх шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 145/ШЗ2021/01434 тоот захирамжийн хуулбараар тогтоогдсон.

Үүний дараа *******г эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулан, цагдаагийн байгууллагаар түүний оршин суугаа хаягийг тогтоолгож, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дээрх зээлийн төлбөрийг гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02490 тоот шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39/489 тоот албан бичгийн хуулбар, “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдсон.

Тиймээс дээрх тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч *******ийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан буюу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар шүүхэд нотлоогүй, уг хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “******* хариу тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Энэ заалт нь нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн аваад хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох агуулгатай учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн гэдэг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “. . . үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. . . ” гэж заасан нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн төлбөр нийт 6,920,554.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 100 дугаар зүйл, заалттай танилцсан, эрх үүргийг шүүхээс тайлбарлан өгч, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.” заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн, зохигч Зээлийн барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул шүүх тус гэрээтэй холбоотой дүгнэлт хийгээгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн төлбөр нийт 6,920,554.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу “******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ