Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 136/шш2022/00094

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Д овогт Н.М /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдлийн тэжээлийн цехэд ажилласан хугацаа буюу 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, халагдсан тушаал, цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа тул гаргасан нэхэмжлэлийн минь дагуу ажилласан жилийг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Дорноговь аймгийн Шинэ өрнөлт нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны жил нь дутаж одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд дээрх хугацаанд Шинэ өрнөлт нэгдэлд ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай албан бичиг /хх-1/, Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-4/, Эрчим хүч уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай Ажилд авах тухай тушаал /хх-5-7/, гэрч Ц.Бийн тодорхойлолт /хх-8/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх10/, 242217 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-11/, Н.Б тодорхойлолт /хх-12/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, 306412 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-16/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-17/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай албан бичиг /хх-24/, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрэл зураг /хх25/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 152 дугаартай албан бичиг /хх-28/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ц.Б, Н.Бнарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.М нь 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд тэжээлийн цехийн ажилтнаар томилогдсон нь тус нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай тушаалаар, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зуухны машинистаар томилогдсон нь Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар тус тус тогтоогдож байна.

Мөн гэрч Ц.Б 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд Би 1987-1990 оны хооронд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд өрөмдмөл буюу гүний худгийн моторчин хийж байсан. Ер нь 1986 оноос эхлээд манай сумын Г.С гэх гавьяат багшийн хүргэн болсноос нь хойш таньдаг болсон. ... 1987-1990-ээд оныг хүртэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд тэжээлийн боомтыг ажиллуулдаг байсан. Н.М дээр ирж малын тэжээл авдаг байсан. Тухайн үед бол нэлээн ойр ажилладаг байсан. гэж, гэрч Н.Б 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд мэдүүлсэн Би 1987-1990 оны хооронд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд тэжээлийн машины жолооч хийж байсан. 1985 оноос эхлээд таньдаг. Шинэ өрнөлт нэгдэлд тэжээлийн машиныг би анх авчирч байсан юм. ... Ер нь бол намайг 1985 онд тэжээлийн машин аваад очиж байхад ажиллаж байсан. Тэгээд 1990 оноос эхлээд бид нар тус тусдаа байгууллагад ажиллаж эхэлсэн. Тэр хооронд ажиллаж байсан байгууллагууд маань нэг нэгдэл болоод нэг хувьчлалд ороод хэдэн хүмүүсийг хооронд нь нааш цаашаа болгож байсан. Ямар ч байсан анх намайг тэжээлийн машин аваад очиход ажиллаж байсан. Тухайн үедээ би хэдэн хүмүүсийг ахлаад тэжээл хийж байсан юм. Тэгэхэд Н.М нь миний дор ажиллаж байсан. гэж мэдүүлж байх ба нэхэмжлэгч Н.Мтай хамт ажиллаж байснаа гэрчилж байна.

Нэхэмжлэгч Н.М нь Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдлээс гарсан тушаал өөрт нь байхгүй, архиваас олдохгүй байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдлийн 1987-1990 оны цалингийн хүснэгтийг шүүн үзэхэд Н.Мхолбогдох лавлагаа гараагүй болно. гэх, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдлийн 1987-1990 оны цалингийн хүснэгтийг шүүн үзэхэд Н.М холбогдох лавлагаа гараагүй болно. гэх архивын тодорхойлолтоор Н.Мын тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Н.Мыг Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн ажилтнаар, 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт Н.М /РД: /-ийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ өрнөлт нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн ажилтнаар, 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА