Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 53

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Х.Баатарсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламын гэгээн овогт Хадхүүгийн Баатарсүхэд холбогдох 201717000123 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт  Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛЮ75102638,  Ламын гэгээн овгийн Хадхүүгийн Баатарсүх

           

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Х.Баатарсүх нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” ресторанд 2017 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Цолмонг ямарч шалтгаангүйгээр зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Х.Баатарсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 04 сарын 14-ний өдөр ажлаас тэтгэвэрт гарсан ах бид нарыг гэртээ урьсан юм. Тэндээс айл хүндрүүлээд яахав гээд гараад ажлаараа Энхжин ресторанд орцгоосон. Тэгээд архи пиво аваад сууж байхад Ариунболд, Цолмонтой орж ирээд Батхүүтэй муудалцахаар нь очиж салгах гэтэл хөл алдаад Цолмонгийн эрүүнд нь мөргөсөн. Тэгээд хүмүүс салгаад эхнэр нь орж ирээд Цолмонг авч явсан. Цолмонг Батхүүтэй муудахад хориход дийлдэхгүй болохоор нь мөргөөд дараа нь өшиглөсөн. Цолмонд эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг өгч, уучлалт гуйж эвлэрсэн гэв. 

 

- Хохирогч Ц.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажилгүй амарч байсан юм. Тэгээд өдөр нь найз Буянтогтохтой хамт 2.5 литрийн Боргио нэртэй пиво хувааж уучихаад хамтдаа манай гэр рүү очиж эхнэр Хэрлэнчимэгийг дагуулаад Буянтогтох бид 3 “Энхжин” ресторан руу 23 цаг 20 минутын орчим орж бүжиглэсэн юм. Тэгсэн чинь бүжгийн талбай дээр Цайрт менирал ХХК-нд ажилладаг цахилгааны цехийхэн намайг таниад гар барьцгааж байсан. Тэр үед Ариунболд гэгч нь намайг манай ширээ рүү очих уу гэж надад хэлэхээр нь тэгье гээд хамт кароакены өрөө рүү орсон. Тэгэхэд караокены өрөөнд хэнч байгаагүй. Ариунболд бид 2-ын араас Батхүү гэдэг цахилгааны цехийн залуу орж ирснээ надад хандаж  “чи муу гөлөг чамайг ална” гээд миний өвөр дээр хэвтээд өгөхөөр нь би цааш нь түлхчихээд Ариунболдод “за мань чинь гарлаа, дэмий юм шиг байна”  гээд хаалгаар гарч байтал Батхүү араас татаад миний зүүн мөр рүү зөөлөн цохихоор нь чи чинь яаж байнаа гээд түүнтэй зууралдаад өрөөнөөс гараад кордиорт зогсож байтал Баатарсүх гэдэг нь хаанаас ч юм ирээд бид 2-ыг салгах гэж Батхүүг цааш нь түлхээд дараа нь миний зүүн мөр рүү түлхэхээр нь би хөл алдаад зогсоход тэрээр миний зүүн шанаа руу мөргөчихсөн юм. Тэр үед би шанаагаа бариад доош тонгойтол Баатарсүх миний зүүн хөмсөг рүү өшиглөж,  нуруу руу 2 удаа гараараа цохиод байсан. Тухайн үед миний зүүн нүд хөхөрч зүүн талын арын араа шүд эмтэрч эрүү хугарсан. Баатарсүх нь миний зүүн нүд, зүүн шанаа руу цохисноос  толгой доргисон. Өөр гэмтэл учраагүй. Баатарсүх ах миний эмчилгээний болон бусад зардалд нийт 4000000 төгрөг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан болохоор надад одоо гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

- Гэрч Г.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тэнд бид нар архи, пиво авч уугаад бүжиглцгээсэн юм. Тэгэхэд манай ажлын Цолмон гэдэг залуу, эхнэр, найз нартайгаа хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхаар нь би түүнийг манай ширээ рүү очьё гэж дагуулаад сууж байгаа өрөө рүүгээ орсон. Гэтэл манай цехийн Батхүү орж ирчихээд Цолмонг өдөж хоргоогоод өвөр дээр тэгнэж хэвтчихээд “чамайг би ална шүү” гээд байсан. Тэгсэн чинь Цолмон надад хэлэхдээ “би ер нь явлаа” гэж хэлчихээд өрөөнөөс гарах гэхэд нь Батхүү түүнийг явуулахгүй араас нь хамт гарсан. Тэгээд тэр хоёр муудалцах гээд байж байхад Баатарсүх ах ирээд ямарч байсан Батхүү Цолмон хоёрыг та нар болио гээд Батхүүг булан руу шахаад байсан. Тэгээд Цолмонг Баатарсүх ах цохисон. Яг хааш нь яаж цохисныг бол мэдэхгүй. Тэр жижиг коридор нь гэрэлгүй, бусад газар муухан тусаж байсан болохоор би хараагүй. Энэ асуудал их л хурдан хугацаанд болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг, 

- Гэрч Э.Батхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 04 сарын 14-ний өдөр манай цехийхэн бөөнөөрөө 20 цаг өнгөрөөгөөд “Энхжин” ресторан руу орцгоосон юм. Тэнд бид нар кароакетэй вип өрөөнд орж архи, пиво авч ууцгаахдаа зааланд нь орж бүжиглцгээсэн юм. Би тэр үед гадагшаа гарч хүнтэй уулзчихаад буцаад өрөө рүүгээ ороход манай өрөөнд Цолмон гэдэг манай ажлын залуу манай цехийхэнтэй сууж байсан, тэгэхээр нь би түүнтэй маргаж байтал тэрээр өрөөнөөс гарахаар нь би араас нь гарах гэхэд манай ажлынхан намайг гаргахгүй дараад суулгасан. Тэгээд л маргааш өглөө нь намайг унтаж байхад Баатарсүх ах над руу залгаад Цолмон намайг цагдаад өгчихсөн байна гэж хэлэхээр нь би Цолмон руу залгаж юу болсон талаар асуухад Баатарсүх ах намайг мөргөчихсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, 

- Гэрч Б.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Цолмонгийн эхнэр Хэрлэнтэй гудамжинд таарахад тэрээр танай ажлын хүн манай нөхрийг зодсон байна лээ гэж ярихад л би мэдсэн. Тухайн үед би вип өрөөнд бүгдээрээ архи уухад ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад 00-ын өрөө рүү орж утсаар ярьж байхад манай цехийн Нарантуул Энхтуяа хоёр орж ирээд яасан удаан утсаар ярьдаг юм бэ гээд байсан. Тэгэхэд бол ямарч зодоон цохионы талаар юу ч яриагүй юм” гэх мэдүүлэг, 

- Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 04 сарын 14-ний орой 21 цагийн үед манай цехийн ажилчид Энхжин ресторан руу орцгоосон юм. Тэнд бид нар вип өрөөнд орж 1-2 шил архи авч ганц нэг пиво уух хүмүүс нь пиво авч уугаад бүжиглэцгээсэн юм. Тэнд намайг байхад бол ямарч хоорондоо муудах болон зодоон цохион бол болоогүй юм...” гэх мэдүүлэг, 

- Гэрч А.Хэрлэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 04 сарын 14-ний шөнө нөхөр Цолмон найз Буянтогтох хоёртой хамт гурвуулаа Энхжин ресторан руу орж бүжиглэхээр орсон юм. Тэгээд ороход манай нөхрийн ажлын газрын хүмүүс тэнд бөөнөөрөө явж байсан. Бид гурав ороод зааланд нь бүжиглэж байтал Цолмонгийн ажлын газрын Ариунболд гэдэг залуу дуудаад дагуулаад явсан юм. Тэгтэл удалгүй 10-аад минутын дараа Цолмон эргэж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай зүүн нүд нь хөхөрчихсөн, зүүн талын эрүүний хэсэг нь хавдчихсан байсан. тэгэхээр нь яачихсан юм бэ гээд Цолмонгоос асуухад Батхүүтэй муудсан чинь Баадай ах намайг мөргөчихсөн гэж хэлэхээр нь Цолмонг дагуулаад тэр хүмүүс рүү нь яваад очиход Батхүү гэгч нь нилээд согтуу байдалтай түүнийг Баадай буюу Баатарсүх Цогтоо гэдэг хүмүүс хориод зогсож байсан. Тэр үед Батхүү нь манай нөхрийг хараад “би чамайг алнаа гээд орилоод байсан”. Тэгэхээр нь бид хоёр тэр хүмүүстэй уулзалгүй гэр  рүүгээ явцгаасан...”  гэх мэдүүлэг, 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 6 тоот дүгнэлтээр “...Ц.Цолмонгийн биед эрүүний зүүн талын хугарал гэмтэл тогтоогдож, уг  гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоож өгсөн...” зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Х.Баатарсүх нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” ресторанд 2017 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Цолмонг ямарч шалтгаангүйгээр зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн 6 тоот дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. 

         

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Баатарсүхэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Х.Баатарсүхийг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүгдэгч Х.Баатарсүхийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Баатарсүхийг 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.   

Хэдийгээр тухайн гэмт хэрэг  2017 оны 05 сард үйлдэгдсэн боловч 2017 оны 7 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн  хувьд  эрх зүйн байдал дээрдэж байна.

 

       Шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд  хүндрүүлэх   нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

        Шүүгдэгч Х.Баатарсүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ламын гэгээн овгийн Хадхүүгийн Баатарсүхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Баатарсүхийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

           3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчийн хувийн  байдал, цалин хөлс,орлогыг нь харгалзан дээрхи торгуулийн ялыг тогтоол гарсан өдрөөс хойш 10 сарын дотор багтаан төлөхөөр тогтоосугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан торгох  ялыг дээрхи хугацаанд  биелүүлээгүй бол  биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгргийг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Ялтан Х.Баатарсүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хохирогчид эмчилгээний зардал 4.000.000 төгрөг төлсөн, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Цолмон гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Х.Баатарсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Х.Баатарсүхэд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР