Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 136/шш2022/00097

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** оршин суух, Ш овогт Х.Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1980 онд Иххэт сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Илгээлт аван Майн нэгэн нэгдэл-ийн 2 дугаар багт мал маллаж байгаад 1982 оны 07 дугаар сард цэрэгт татагдаж, 1985 онд халагдаж ирээд 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн Майн нэгэн нэгдэл-ийн 2 дугаар хэсэгт 1990 он хүртэл мал маллаж байсан. Монгол Улсын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан нэгдэл нийгэм өөрчлөгдөж миний ажиллаж байсан тушаал, шийдвэр олдохгүй байсан тул Майн нэгэн нэгдэл-д 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан. Иймд ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 8 дугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн 2 дугаар багт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл илгээлтийн эзэн авч малчнаар ажилласан. 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлага гаргасан. 1990 оноос хойш хувийн аж , ахуй болж одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай албан бичиг /хх-5/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/, гэрч Н.А тодорхойлолт /хх-8/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-10/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11/, Т.Н тодорхойлолт /хх-12/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тодорхойлолт /хх-14/, 166117 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/ Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай тодорхойлолт /хх-17/, Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-18/, Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-19/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-20/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Т.Н гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Х.Г нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үхэрчнээр томилогдож байсан нь тус нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалаар, 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хоньчноор томилогдож байсан нь тус нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Г нь цэрэгт татагдахаас өмнө болон дараа Майн нэгэн нэгдэлд ажиллаж байгаад гарсан тушаал байхгүй, архиваас олдохгүй байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн 1980-1990 оны даргын тушаалыг шүүн үзэхэд: Халтарын Г ажилд томилсон 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35, 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тушаалыг хуулбарлан баталгаажуулж олгов. Х.Гийг 1982, 1990 онд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй болно. гэж дурдсан байх тул нэхэмжлэгч Х.Гийн дээрх ажлаас гарсан тушаал олдохгүй байна гэх тайлбар үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай Ш овогт Х.Г нь тус багт оршин суудаг багийн иргэн мөн болохыг тодорхойлов. гэх албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай Тус аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан Х.Г1980-1982, 1985-1986 онуудын цалингийн тодорхойлолтыг олгов. гэх албан бичиг хэрэгт авагдсан бөгөөд цалингийн тодорхойлолтод Х.Гийг 1980 оны 09 дүгээр сараас 1982 оны 5 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сар болон 1986 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл цалин авч байсан талаар тодорхойлсон байх тул уг хугацаад түүнийг ажиллаж байсан гэж дүгнэлээ.

Мөн гэрч Т.Нацагсүрэн нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд Би 1980 онд Иххэт сумын 8 дугаар ангийг төгсөж байсан. Тэгээд би Дорнодын Хөдөө аж ахуйн техниккомд сурахаар явсан. 1986-1990 он хүртэл Иххэт сумын Майн нэгэн нэгдэл-д 2 дугаар бригадын хэсгийн дарга хийж байсан. ... Х.Г 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Майн нэгэн нэгдэл-ийн 2 дугаар бригадад илгээлтээр малчнаар очсон. 1982-1985 онд цэргийн алба хаасан. Тэгээд одоог хүртэл хувийн аж ахуй эрхлээд манай багт малаа маллаж байгаа. гэж мэдүүлэн Х.Гийг шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг гэрчилж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Х.Гийг Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт Х.Г /РД: /-ийг Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА