Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00080/И |
Дугаар | 136/шш2022/00098 |
Огноо | 2022-03-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 136/шш2022/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *** дүүргийн *** тоотод оршин суух, Б овогт А.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 9 сарын хугацаанд туслах багшаар ажиллаж байсан. Аймгийн архивд тухайн үед ажилд орсон болон ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа тул улсад ажиллаж байснаа тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар 2 жил 9 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 11 дүгээр сараас 1986 оны 8 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Сонгино-Хайрхан дүүргийн Нийгмийн даатгалд өндөр насны тэтгэвэрт гарах гэж хүсэлт гаргаж, Нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн дэвтрүүдээ өгч зөвлөгөө авахад тухайн байгууллагад ажилд орсон болон гарсан тушаалыг авчрах тухай чиглэл өгсөн. Үүний дагуу 2021 онд энэ талаарх баримтыг улсын архиваас шүүлгэсэн боловч олдоогүй. Тухайн архив нь ажиллаж байсан аймгийн архиваас хайлгуулахыг зөвлөж үүний дагуу Дорноговь аймгийн архиваас шүүлгэсэн боловч тухайн ажилд орсон болон гарсан тушаал олдоогүй. Харин 1985 оны цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Үүнд үндэслэж шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай өргөдөл гаргасан. гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 149677 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3-4/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай тодорхойлолт /хх-5/, гэрч Г.Сийн тодорхойлолт /хх-6/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8-9/, гэрч Д.Б тодорхойлолт /хх-10/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12-14/ Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22/81/27 дугаартай албан бичиг /хх-15/, төлбөрийн даалгавар /хх-16/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-17/, 1984 оны 12 дугаар сард авхуулсан гэрэл зураг /хх-18/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 146 дугаартай тодорхойлолт /хх-310/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Г.С, Д.Бнарыг гэрчээр асуусан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгт 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Бын 149677 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дахь талын 1 дүгээрт 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгийн 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалаар, 3-р цэцэрлэгийн туслах хүмүүжүүлэх багшаар ажиллуулав. гэж, 2 дугаарт 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгийн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар сургуульд элсэн суралцах болсон тул хүмүүжүүлэх багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв. гэж тэмдэглэсэн байна.
Гэрч Г.С нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд 1976 оноос эхлээд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт багш хийж байгаад 1985 оны 03 дугаар сараас эхлээд тус цэцэрлэгийн эрхлэгчээр 1993 он буюу татан буугдах хүртэл ажилласан. Тэгээд таньдаг болсон. ... 1983 оны өвөл манай цэцэрлэгт ороод 1986 оны намар хүртэл ажилласан. Эхлээд асрагч хийж байгаад дараа нь туслах тогоочоор ажиллаж байгаад гарсан. гэх, гэрч Д.Бнь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд Би 1971 оноос эхлээд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт 1986 он хүртэл асрагч хийсэн. Манай 3 дугаар цэцэрлэгт 1986 онд ирж ажилласнаас хойш таньдаг болсон. ... Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт эхлээд асрагчаар ажилласан. Дараа нь туслах тогооч хийж байгаад сургуульд явлаа гээд ажлаасаа гарсан. гэх мэдүүлгийг тус тус мэдүүлсэн байх бөгөөд А.Бтай нь Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.
Мөн нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарах ажилд томилсон, ажлаас гарсан тухай тушаал аймгийн архивд байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгийн 1983-1986 оны даргын тушаалыг шүүн үзэхэд А.Б холбогдох лавлагаа гаргаагүй болно. гэх тодорхойлолт, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 146 дугаартай ...1984, 1986 оны цалингийн хүснэгтийг шүүн үзэхэд А.Б холбогдох лавлагаа гараагүй болно. гэх тодорхойлолт зэргээр түүний тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
А.Бын Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байх үеийн 1984 оны 12 сард шинэ жилийн баяраар цэцэрлэгийн ахлах бүлэгт, туслах багшаар ажиллаж байх үеийн зураг гэх тайлбартай гэрэл зургийг хэрэгт хавсаргасан нь түүнийг тус цэцэрлэгт ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр А.Быг Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар А.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт А.Б /РД: /-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА