Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 136/шш2022/00100

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, И овогт Ж.Ш /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ш нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Материал техник хангамжийн газар 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Говь ХХБК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан. Иймд 6 жил 6 сар ажилласан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 онд сургууль төгсөж ирээд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны томилолтоор Дорноговь аймгийн Материал техник хангамж-ийн газарт 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилд орсон. Тухайн албан газар маань 1992 оны 01 дүгээр сарын 02-ын өдөр зах, зээлд шилжиж аж, ахуй нэгжийн шинэчлэгдсэн хуулиар Говь ХХК гэж байгуулагдсан. Тухайн байгууллагад үргэлжлүүлэн 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн хугацаанд авто сэлбэгийн мэргэжилтнээр, шинээр байгуулагдсан Говь ХХК-д гал, хөдөлмөр хамгааллын байцаагч гэх албан тушаалуудад ажиллаж байсан . гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 795133 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3-4/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай албан бичиг /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, төлбөрийн далгавар үүсгэсэн баримт /хх-7/, Дорноговь аймгийн Говь бүрэн бус хариуцлагатай компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-8-9/, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-10-11/, 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авхуулсан гэрэл зураг /хх-12/, гэрч Ч.Дтодорхойлолт /хх-13/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-114/, 082427 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15-16/, гэрч С.Хтодорхойлолт /хх-17/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-18/, 333978 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19-20/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай албан бичиг /хх-21/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ч.Д, С.Х нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ш нь Дорноговь аймгийн Материал техникийн хангамжийн газар 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл авто сэлбэгийн мэргэжилтнээр, Говь бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гал хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Шын 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нээгдсэн 795133 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дэх талын 1 дүгээрт Дорноговь МТХУГ-ны даргын 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 89 тоот тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сургууль төгсөж яамны томилолтоор ирсэн учир сэлбэгийн барааны мэргэжилтнээр авч томилуулав. гэж, 2 дугаарт Худалдаа зуучлалын Говь компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс байгууллага татан буугдсан учир барааны мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөв. гэж, дэвтрийн 10-11 дэх талын 1 дүгээрт Худалдаа зуучлалын Говь компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалаар 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шинээр байгуулагдсан компанид мэргэжилтэн, гал хөдөлмөр хамгааллын байцаагчаар авч ажиллуулав. гэж, хоёрдугаарт Худалдаа зуучлалын Говь компанийн ерөнхий захирлын 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 тоот тушаалаар 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өөр газар шилжиж ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв. гэж тус тус тэмдэглэсэн нь түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг нотолж байна.

Ж.Ш нь 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Говь бүрэн бус хариуцлагатай компанийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдөр мэргэжилтэн, гал хөдөлмөр хамгааллын байцаагчаар томилогдсон болох нь тус компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тушаалаар тус тус тогтоогдож байна.

Гэрч Ч.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ...Ж.Ш нь 1988 онд сургуулиа төгсөж ирээд шууд материал хангамжийн газрын сэлбэгийн мэргэжилтэн хийж эхэлсэн. Материал хангамжийн газар татан буугдаад 1992 оноос эхлээд Говь ХХК болоод тэр үеэс яг Ж.Шүрэнбатаар нь сэлбэгийн мэргэжилтэн хийж, мөн хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажиллаж байсан гэх, гэрч С.Хадчулуун нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд Анх 1988 онд сургуулиа төгсөөд авто сэлбэгийн мэргэжилтнээр ирсэн. Тэр үеэс хойш сайн таньдаг болсон. Байгууллагын нэр солигдоход давхар хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажиллаж эхэлсэн. 1995 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. гэх мэдүүлгийг тус тус мэдүүлсэн байх бөгөөд Ж.Ш Дорноговь аймгийн материал техник хангамжийн газар болон Говь бүрэн бус хариуцлагатай компанид 1988 оноос 1995 оны 07 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Ш нь Дорноговь аймгийн материал техник, хангамжийн газар ажилд орсон тушаал, Говь бүрэн бус хариуцлагатай компаниас 1995 онд гарсан тухай тушаалууд өөрт нь болон аймгийн архивд байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Материал техник хангамжийн газрын 1988-1992 оны тушаалыг шүүж үзэхэд: Ж Ш холбогдох лавлагаа гараагүй болно. гэх, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай Тус архивд Худалдаа зуучлалын Говь компанийн 1993-1995 оны даргын тушаал, 1988-1995 оны цалингийн хүснэгт архивд шилжиж ирээгүй тул Ж Ш холбогдох лавлагаа гарахгүй болно. гэх тодорхойлолт /хх-46/ зэрэг баримтаар түүний тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Мөн 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь ББХК-ны конторын гадаа ажлын газрын хэсэг нөхдийн хамт гэх тайлбартай гэрэл зураг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Ж.Шыг Дорноговь аймгийн материал техник хангамжийн газар болон Говь бүрэн бус хариуцлагатай компанид ажиллаж байсан гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ж.Шыг Дорноговь аймгийн материал техник хангамжийн газар 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл авто сэлбэгийн мэргэжилтнээр, Говь бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл мэргэжилтэн, гал хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Шын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И овогт Ж.Ш /РД: /-ыг Дорноговь аймгийн Материал техникийн хангамжийн газар 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл авто сэлбэгийн мэргэжилтнээр, Говь бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гал хөдөлмөр хамгааллын байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА