Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2022/00101

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** гэх газар оршин суух, З овогт Д.Н /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд ажиллаж байсан. Иймд намайг Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс мал аж, ахуйд малчнаар 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Түүнээс хойш хувиараа мал маллаж эхэлсэн. 2012 оноос сайн дурын Нийгмийн даатгал төлсөн. Одоо 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болоход дээрх ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3-5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-6/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай Хувиараа эрхлэх аж ахуйд шилжих малчин гишүүдийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-7/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал /хх-8/, Б.Эрдэнийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, тодорхойлолт /хх9/, гэрч Б.Эрдэнийн тодорхойлолт /хх-10/, түүний 130492 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/, Н.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-16/ гэрч Н.Сүхбаатарын тодорхойлолт /хх-17/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-18/, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт /хх-19/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай албан бичиг /хх-32/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай Мал аж ахуйн суурийн ахлагчдыг батлах тухай тушаал /хх-33-35/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан бичиг /хх-37/, Аваргын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-38/, Засгийн газрын хүндэт зуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-39-40/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Б.Э, Н.С нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь Д.Нийн 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн 2 дахь талын 1 дүгээрт Нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 50-р тушаалаар 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Говийн хөгжил нэгдлийн 3 дугаар хэсэгт хоньчноор томилов. гэх тэмдэглэгээ /хх-4/, мөн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаартай цалингийн тодорхойлолт/хх-06/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1986 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай /хх-8/, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай Мал аж ахуйн суурийн ахлагчдыг батлах тухай тушаал/хх-33/, Д.Нид олгосон Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн удирдах газрын 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн аваргын диплом, Бүгд найрамдах Монгол Ард улсын Засгийн газрын 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 33818 дугаартай Хүндэт жуух бичиг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Мөн гэрч Б.Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан. Д.Н нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд шууд мал маллаж эхэлсэн. Сайхандулаан сумын 2 дугаар багт хонь малладаг байсан. Би 1985 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд мэргэжлийн мал зүйчээр очиж байсан гэв. Д.Н нь Говийн хөгжил нэгдэлд 1985 оны намраас эхэлж мал маллаад 1991 оны 11 дүгээр сард нэгдэл тартал мал малласан.... гэж, гэрч Н.Сүхбаатар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд Би 1971 онд Дорнодын хөдөө аж ахуйн техниккум төгсөөд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд малын эмчээр очиж, 2 дугаар багийг хариуцаж 1997 он хүртэл ажилласан. Д.Н Говийн хөгжил нэгдэлд 1986 оноос эхлээд 1990 он хүртэл мал малласан. Ээж, аав нь малчин хүмүүс байсан. Д.Н 1985 оноос одоог хүртэл тасралтгүй мал малласан. гэж мэдүүлж байх ба Д.Нтой хамт Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан талаар гэрчилж байна.

Нэхэмжлэгч Д.Н нь Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байгаад 1990 онд гарсан тухай тушаал өөрт нь байхгүй, архиваас олдохгүй байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн архивын баримтаас 1986-1991 оны даргын тушаалыг шүүн үзэж Д.Нхолбогдох 1986 оны 50, 1988 оны 05, 1991 оны 49 дугаартай тушаалыг хуулбарлан олгов. Д.Нид холбогдох өөр баримт гараагүй болно. гэх тодорхойлолтоор Д.Нийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр Д.Нийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З овогт Д.Н /РД: /-ийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА