Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136/шш2022/00115

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Н овогт Т.О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.О,

Гэрч: Х.Т/цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би М.Г 2006 оны 10 дугаар сарын 14-ны өдөр танилцаад 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн. ...Хүү О.Н, охин О.Т нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2007 оны 01 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Г гэдэг хүнтэй ханилаад 2 хүүхэдтэй болсон. Тэгээд энэ жил санамсаргүй байдлаар хамтран амьдрагч маань авто ослоор нас барсан. Тэгээд хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтран амьдардаг байсан эсэхээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар болон 4837000002 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-3/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/62 дугаартай албан бичиг /хх-4/, 0350875, 0000566956/07 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, гэрч Д.Жаргалсайханы тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, Х.Цэцэгмаагийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-8/, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4401100000 дугаартай албан бичиг /хх-21/, Мишээл-мана өрхийн эрүүл мэндийн төвийн 022 оны 03 дугаар сарын 21-ни өдрийн тодорхойлолт /хх-22/, Мишээлт-мана өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-23/, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-24/, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/52 дугаартай албан бичиг /хх-25/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Ж, Х.Ц, Х.Т нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь Х овогт М.Г 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талийгаач М.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  4837000002 дугаарт  бүртгэсэн  Нас барсны гэрчилгээ-ний хуулбар/хх-3/-аар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүү О.Н, охин О.Т нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.О нь Х овогт М.Г2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч Х.Ц 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн Т.О нь манай ээжийн эгчийнх нь хүүхэд болох М.Г суугаад тэгээд хамтдаа зам дагуу байрлах хоолны газарт хоол хийж зардаг байсан юм. Тэгээд л манай бэр болж танилцсан... М.Г1962 онд Мядаг гэдэг хүний 3 дахь хүүхэд болж төрсөн. Мядаг гэдэг хүн нь манай ээж Ц төрсөн эгч нь байгаа юм. Талийгаач нь анх 2006 онд танилцаад 2007 онд хамтран амьдарсан. Энэ хоёр маань 2011 он хүртэл Дорноговь аймагтаа амьдарч байгаад 2011 онд Өндөр дов гэдэг газарт цайны газар нээгээд бид 3 хамтарч ажиллаад одоог хүртэл тухайн цайны газраа ажиллуулсаар байгаа. Талийгаач 2022 оны 01 дүгээр сард автын ослоор нас барсан. гэх, гэрч Ж.Ж Т.О нь 2007 оны 10 дугаар сард Г гэдэг хүнтэй танилцаад Төмөр замын 123 дугаар байранд нэг гэрт орсон. Тэгээд хамтран амьдарч байх хугацаандаа 2008 онд хүү Н гаргасан. 2011 онд охин Т гаргасан. Энэ хоёр нь танилцсан цагаасаа хойш муудаж сайндаж байсан удаа байхгүй, байнга хамт амьдардаг байсан. 2011 оны сүүлээр Төв аймгаас Өмнөговь аймар руу явах зам дээр хоол хийж өдийг хүртэл амьдарсан. Тэгээд талийгаач маань 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр автын ослоор нас барсан. гэх, гэрч Х.Т шүүх хуралдаанд гаргасан 2007 оноос хойш амьдарсан. Ихэнхдээ Дорноговь аймагт амьдардаг байсан. Манай ах өмнө нь эхнэртэй байсан. Хүүхдүүд нь том болчихсон өмнөх гэрлэлт нь бүртгэлтэй байдаг юм уу мэдэхгүй. гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.Ог 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Х овогт М.Г хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төслийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Н овогт Т.О /РД: / нь Х овогт М.Г/РД: /-той 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА