Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

Г.*******д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

                                                               Хэргийн индекс 166/2021/0016/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Т.Дэлгэрмэнд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               З.Энхтуяа

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, *******ын *******д холбогдох, 2018000000477 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн  Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 22-15 тоотод оршин суух, урьд нь :

- 2013 оны 08 дугаар сарын 09-ний 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.д  зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж  2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2.1.т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошуун орчим зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн агаар тэнссэн, уг хэрэгт тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд буюу 2020 оны 09 сарын 23-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын тайлбай дээр дахин Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийг гаран тус газар нь цохиж зодсон.

Сүүлд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Дархан-Уул аймаг н гол сумын Хайрхан багийн 22-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох *******ийн зүүн далан тус газар нь төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн  1.1.д заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3-д тус зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Г.*******д 1 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сар 10 хоног хорих ял дээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 02 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 1 жил 2 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүх шийтгэх тогтоолд ....шүүгдэгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэснээр эрүүгийн хариуцлага тооцсон байх тул дахин түүнд яллах үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд харшлах тул шүүгдэгч Г.*******гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд тусгагдсан “шударга ёсны зарчим”-ын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмын агуулгыг Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгасан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгаар ойлгох шүүхийн практик тогтож байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт болон уг хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд, шүүгдэгч Г.*******гийн үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг бүхий гэмт хэрэг бөгөөд өмнө ял шийтгүүлсэн, хариуцлага тооцсон байдал энэ тохиолдол нь дээрх зарчимд хамаарахгүй юм.

Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Наадмын талбай дээр дахин Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийн гаран тус газар нь цохиж, хэл амаар доромжилсон болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан хохирогч *******ийн мэдүүлгээр тогтоогдсон байхад энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан, зодсон үйлдэл хамаарах бөгөөд, шүүгдэгч Г.*******гийн хохирогчийг хэл амаар доромжилж, түүний гаран тус газар цохисон үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогддог ба энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт эдэлбэл зохих ялын хэмжээг тодорхойлж  дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 2-т заасныг хангаагүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлж, хорих ялыг 70 хоног буюу 02 жил 1 сар 10 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр...” гэж бичсэн заалтыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт зааж тодорхойлж өгөөгүй нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч нь ялтай байх хугацаандаа хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдаг гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Хэргийн зүйлчлэл огт тохироогүй. Энэ гэмт хэрэг огт тогтоогдоогүй. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос  шүүгдэгч Г.*******г  2020 оны 09 сарын 23-ны 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Наадмын тайлбай дээр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийг зодсон гэж Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд  Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн 22-15 тоотод мөн  *******ийн зүүн далан тус газар нь төмөр шанагаар цохиж  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.*******д холбогдох хэргээс  2020 оны 09 сарын 23-ны 17 цагийн орчимд  Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Наадмын тайлбай дээр *******ийг  зодсон гэсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт нь 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2.1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3.д тус зааснаар үүрэг хүлээлгэж,  хуульд заасан хориглосон хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сар 10 хоног хорих ял дээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 02 сар 10 хоног хорих ял оногдуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон  болсон үйл баримт мөн шийтгэх тогтоолоос үзвэл  анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан байна. Үүнд :

-Шүүгдэгч Г.******* урьд нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд  Г.*******  тэнссэн хугацаанд  дээрх гэмт хэргийг үйлдсэн учраас шүүх  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв байна.

Нэгэнт тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон учраас шүүх Г.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2.1.д заасан   торгох,  зорчих эрх хязгаарлах,  3 жил хүртэл хорих ялаас түүний гэм бурууд  тохирсон ялыг сонгож оногдуулан  нэмж нэгтгэх нь зүйтэй.

-Гэтэл шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад ...319 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон атлаа ..319 дүгээр  шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж ял оногдуулсан нь ..., гэж бичсэн,  мөн шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор 560 цаг нийтэд тустай ажил хийлгэн ял оногдуулсан бөгөөд тогтоох хэсгийн 6 дугаар заалтаар  ...энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 10 хоног хорих ял... гэж шууд бичсэн нь буруу бөгөөд  Эрүүгийн хуульд заасны дагуу  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  хорих ялд шилжүүлэн тооцсоны дараа ялыг  нэмж нэгтгэх,

Харин  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  шүүгдэгч Г.******* нь  2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Наадмын талбайд *******ийн гаран тус газар нь цохиж,  зодсон гэсэн үйлдлийн талаар  хохирогч *******  мөрдөн байцаалтын шатанд  нэг удаа мэдүүлсэн  байх бөгөөд өөр зүйл тодруулаагүй,  энэ  талаар ямар нэг нотлох баримт байхгүй, хэрэг мөрдөн шалгах явцад энэ үйлдлийг шалгаагүй  өөрөөр хэлбэл  энэ  үйлдэл нотлогдоогүй байх тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж үйлдлийг хэрэгсэхгүй болгосон  байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, Прокурорын эсэргүүцлийн “...шүүх эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах....” талаар бичсэн хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн “...шүүгдэгч Г.*******д холбогдох хэргээс зарим үйлдлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон  нь буруу...” гэснийг  хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ын *******д холбогдох, 2018000000477 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

            3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                       ШҮҮГЧ                                Ц.ТУЯА

                                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР