Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 108

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                  А.Энхтуяа     

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн дарга                          Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномваанчигийн Мөнхзоригт холбогдох 1731000220004  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 16-нд Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 028 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, сэтгэцээр грүппд байдаг, Боржигон овогт Содномваанчигийн Мөнхзориг /РД:НФ-77092535/

 

  Шүүгдэгч С.Мөнхзориг нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонгаатай маргалдаж улмаар толгойн тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч С.Мөнхзоригийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 13 цагийн үед худаг дээрээ сууж байхад манай охин Пүрэвсүрэн 11 настай усан буугаар тоглоод байж байсан. Тэгсэн манай охин Пүрэвсүрэн нь тэнд байсан Түшиг гэх хүүхэд рүү усан буугаар шүршиж усаар буудсан. Тэгсэн тэр хүүхэд “далжигнаад байгаарай” гэж хэлэхээр нь би “чи яагаад жаахан хүүхэд рүү дайраад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би “таныг ахдаа хэлнэ дээ, хараарай” гэж хэлээд дугуйгаа унаад явсан. Би худагны хажууд байсан тоосгоны хэлтэрхий аваад “яасан хэгжүүн хүүхэд вэ" гээд айлгах санаатай араас нь шидчихсэн юм. Тэгээд худгаа хаачихаад явж байгаад замд Отгонгаатай тааралдсан. Отгонгаа нь “яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би “танай хүүхэд том хүүхэд байж жаахан хүүхэд усан буугаар шүрсний төлөө уурлах хэрэг байсан юм уу?” гэж хэлсэн. Тэгсэн  намайг тэгээд “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг бариад авахаар нь би заамдаж аваад 2 удаа цохьсон. Тэгээд Отгонгаа нь “би чамайг цагдаагийн газар хэлнэ” гэхэд би “тэг цагдаагийн газар хэлээрэй” гэж хэлсэн минь үнэн. Би тухайн үед хэтрүүлээд 2 удаа цохьсон, тэрнээс өөр байдлаар би Отгонгааг цохиж зодсон асуудал байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би Отгонгаатай маргалдаж, муудалцах болсон шалтгаан нь 2 хүүхдийн асуудлаас болоод маргалдсан. Отгонгаа нь Түшиг гэх дүүгээ өмөөрч ирсэн юм шиг байна лээ. Би тэрнээс Түшигт гар хүрч, цохиж зодсон асуудал байхгүй. Манай охин Түшиг руу усан буугаар цацсны төлөө Түшиг нь уурлахаар нь “жаахан хүүхэд ус шүрсний төлөө чи яасан сүртэй юм бэ?” гэж хэлсний төлөө Түшиг намайг “ахдаа хэлнэ” гэж хэлээд дугуйгаа унаад явахаар нь би араас нь жаахан бухимдсандаа тоосго шидснээс өөр зүйл байхгүй. Би Отгонгааг ямар нэг зүйл ашиглаж цохиж, зодсон зүйл байхгүй. Харин гараараа 2 удаа цохьсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,

2.Шүүгдэгч С.Мөнхзоригийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад Отгонгаагийн бие эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилго шалтгаан байгаагүй. Д.Отгонгаатай хүүхдүүдээсээ болоод маргалдаж бухимдсандаа хүзүүг нь багалзуурдаж, 2 удаа цохьсон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж, зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. Отгонгаатай маргалдах болсон шалтгаан нь манай бага насны хүүхэд усан буугаар Д.Отгонгаагийн дүү рүү усаар шүршсэн юм. Түшиг нь манай охин руу “далжигнаад байгаарай” гэж хэлэхээр нь би “ чи яагаад жоохон хүүхэд рүү дайраад байгаа юм бэ” гэж хэлээд уурласан чинь”Би таныг ахдаа хэлнэ дээ” гэж хэлээд дугуйгаа унаад явахад нь би худгийн хажууд байсан тоосгоны хэлтэрхийг аваад айлгах санаатай тоосго шидсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/,

3. Шүүгдэгч С.Мөнхзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Худаг дээр ус өгөөд зогсож байтал манай охин гүйгээд ирсэн. Охиноо гүйгээд ирэхээр нь охиныхоо хажууд сууж байсан. Миний хажууд усан буу байсан, тэрийг манай охин аваад хохирогчийн дүү рүү ус цацчихсан. Тэгэхээр эргээд харсан чинь “чацга минь чамайг ална шүү” гэхээр нь “чи доороо дүүтэй байж яах гэж  ингэдэг юм бэ?” гэсэн чинь “ахдаа хэлнэ” гээд дугуйгаа унаад явсан. Ус дуусахаар нь худгаа хаагаад айл руу очдог юм уу гээд явж байтал Д.Отгонгаа усны тэргээ түрээд хашаанаасаа гарч ирсэн. Д.Отгонгаа усны саваа тэрэгтэйгээ хашааныхаа үүдэнд орхиод гүйж ирээд “яагаад манай дүүг зодсон бэ?” гэхэд нь “зодоогүй шүү дээ, насанд хүрээгүй хүүхэд насанд хүрсэн хүүхэд хоёр  өөр шүү дээ, хөгшин нь зодож барьсан зүйл байхгүй” гэхэд “тэгээд яах гээд байгаа юм бэ?” гээд намайг мөрнөөс бариад авахаар нь шилэн хүзүүнээс нь барьж аваад цааш нь түлхсэн. Энэ хүнийг түлхсэндээ гэмшиж байна, миний буруу. Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг,

4.Хохирогч Д.Отгонгаагийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Намайг “жоохон хүүхдүүдийн учрыг олж чадахгүй өдий насны хүн байж” гэж хэлсний төлөө л над руу уурлаж уцаарлаж, намайг цохиж зодох болсон байх гэж бодож байна. Би зүгээр Мөнхзоригт хандаж “чи гажигтай юу? би гажигтай юу” гэж л хэлсэн асуудал байгаа. Өөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Миний биеийн байдал хэвийн сайн байна. Надад одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй...Надад гаргах хүсэлт, гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

5. Хохирогч Д.Отгонгаагийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...С.Мөнхзоригтой би гудамжинд тааралдаж хоорондоо маргалдаж байгаад С.Мөнхзориг миний хүзүүг гараараа базаж аваад цээж рүү гараараа 2 удаа цохьсон. Дараа нь толгой руу гараараа цохьсон. С.Мөнхзориг намайг гараараа цохьсон, ямар нэг эд зүйл барьсан зүйл байхгүй. С.Мөнхзориг бид хоёрын хооронд өмнө нь маргаантай хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Өс хонзонтой маргалдаж муудалцаж байгаагүй. Надад гаргах хүсэлт, гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албанд гэмтлийн дүгнэлт гаргуулах гэж үзүүлсэн. Төлбөр болох 8.500 төгрөгийг С.Мөнхзоригоос гаргуулан авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй.  ...гэх мэдүүлэг, /ХХ-ийн 13-р ху/,

6. Хохирогч Д.Отгонгаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд манай дүү тоглох гээд дугуйгаа унаад гарсан. Удалгүй уйлаад ороод ирсэн. “Яасан юу болов” гэсэн чинь худаг дээр зогсож байсан чинь С.Мөнхзориг ахын охин над руу ус цацаад, тэгэхээр нь “далжигнаад байгаарай” гэсэн чинь С.Мөнхзориг ах чулуу авч шидээд “бөгс минь чи” гэж хараагаад “ахыгаа аваад ир ахтай чинь ална шүү гэж байна” гээд орж ирсэн. “За чи байж бай ах нь ус авангаа уулзая” гээд 30 гаран минутын дараа гэрээсээ гараад гудманд С.Мөнхзоригтой таараад уулзаад “өдий 40 хүрч яваа хүн байж, яагаад арван хэдтэй хүүхэдтэй учраа олж чадахгүй байгаа юм бэ?” гэсэн чинь “юун сүртэй бааснууд вэ? хүүхэд ус цацсаны төлөө” гээд “танай хүүхдийн буруу ч байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “чамтай хэрэлдэж маргалдах гэж ирээгүй, учраа олох гэж ирлээ, болохгүй бол хэлдэг газар нь хэлнэ шүү” гэтэл “чи тэр шүүх цагдаадаа хэлэхгүй юу” гээд барьж авсан. Миний цээж нүцгэн байсан болохоор хоолойноос боож унагаагаад дээрээс хоёроос гурван удаа цохьсон. Би босч ирээд би “өөрөөр ярина цагдаа сэргийлэхэд хэлнэ” гэсэн чинь “цагдаа сэргийлэх надад үйлчлэхгүй” гээд дахиад бариад авсан. Хашаанаас ах эгч хоёр нь гарч ирээд салгасан. Тэгээд хашаа руугаа аваад орсон. Би гудамжинд эгчтэй нь болсон явдлын талаар яриад зогсож байтал хашаанаасаа чулуу бариад “тархины гажигтай юмнуудыг удмаар нь устганаа” гээд гараад ирсэн. Тэгээд хашаанд намайг шахаад миний хоолойг гараараа дарж байгаад цээж рүү хоёроос гурван удаа цохьсон. Тэр үед С.Мөнхзоригийн хамаатны 2, 3 залуу гарч ирж салгаж аваад хашаа руу чирээд ортол бас хашаанаас хадаастай мод аваад гарч ирэхэд нөгөө залуус модыг нь булааж аваад С.Мөнхзоригийг цаашаа аваад орсон. Ийм л асуудал болсон. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.  гэх мэдүүлэг,

 7. Насанд хүрээгүй гэрч О.Пүрэвсүрэнгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний төрсөн эцгийн Мөнхзориг гэдэг. Би эмээгийнхээ нэрээр овоглож явдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед худаг дээр усан буугаар тоглож байсан. Тэгээд би худаг дээр сууж байсан Түшиг гээд манай эгчийн ангийн хүүхэд рүү усан буугаараа шүршсэн чинь намайг “далжигнаад байгаараа ална шүү” гэж хэлсэн. Тэгсэн манай аав Түшигт хандаж “чи өөрөө доороо дүүтэй байж яаж байгаа юм бэ? жоохон хүүхэд чам руу тоглоод ус цацсан байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Түшиг “ахдаа хэлнээ, харж байгаарай” гэж хэлээд дугуйгаа унаад цааш яваад өгсөн. Би тэгээд худаг руу яваад орчихсон юм. Би аавыг яагаад тоосго шидсэн талаар хараагүй. Мэдэхгүй байна. Намайг “далжигнаад байгаарай” гэхээр нь худаг руу яваад орчихсон юм.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

6. Гэрч Д.Ганцэцэгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн үед байгаагүй. Мөнхзориг хүний насанд хүрээгүй хүүхдийг янз бүрийн хэл амаар доромжлоод, зодох гэж хөөж байхаар хүүхдээ “боль” гээд хэлчихгүй байсанд нь гомдолтой байна. Үнэхээр сэтгэцийн өвчнөөрөө далимдуулаад байгаа бол зохих журмынх нь дагуу энэ хүнд албадлагын /эмчилгээний/ арга хэмжээ авахуулмаар байна. Цаашид энэ хүнээс айж эмээж байна. Тэр тоосгоор хүүг маань цохьчихсон бол яах байсныг мэдэхгүй байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 8-р ху/,

7. Насанд хүрээгүй гэрч Г.Түшиг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Отгонгаа ах Мөнхзориг ахад хандаж “та яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? хүүхдүүдийн явдалд оролцох хэрэг байгаа юм уу” гэж хэлсэн чинь “наад пизда чинь өөрөө эхэлж том дуугарсан шүү дээ” гэж хэлээд Отгонгаа ахыг Мөнхзориг ах “чи тэгээд яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд Мөнхзориг ах Отгонгаа ахыг заамдаж, барьж аваад газар унагаагаад цохьсон үгүйг нь би харж амжаагүй юм. Цааш юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Би хараагүй гэр рүүгээ гүйгээд явчихсан юм.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

8. Насанд хүрээгүй гэрч Б.Батбаатарын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад усанд явж байхад Түшигтэй тааралдаад бид 2 хамтдаа худаг руу явсан юм. Би худаг дээр ус хийж байхад Түшиг цаана худгийн сүүдэрт сууж байхад Пүрэвсүрэн гээд охин Түшиг рүү усан буугаар буудчихсан чинь Түшиг “далжигнаад байгаарай” гээд хэлсэн чинь цаанаас нь аав гарч ирээд “юун сүртэй юм бэ?” гэж хэлсэн чинь “би чамайг ахдаа хэлнэ дээ” гэж хэлсэн чинь Пүрэвсүрэнгийн аав нь газраас тоосго авсан чинь Түшиг дугуйгаа унаад явж байхад нь араас нь тоосгоо шидсэн. Тоосго хаана оносон талаар нь мэдэхгүй байна. Би тэгээд усаа авчихаад гэр рүүгээ явсан. Худаг дээр Пүрэвсүрэн, Түшиг, би Пүрэвсүрэнгийн аав бид 4 байсан. Өөр хөндлөнгийн хүмүүс байгаагүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  № 237 тоот актын дүгнэлт хэсэгт:

1. Д.Отгонгаагийн биед тархи доргилт, хүзүү, зүүн мөр, баруун тохой, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.               

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт,  /хх-ийн 22-р ху/,

 

         10.Шүүгдэгч С.Мөнхзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 42-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 25-26-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 28-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 29-30-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 24–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 23–р ху/, хэрэг бүртгэлтийн үед хийсэн тодорхойлолт, /хх 25-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 43-р ху/, шүүгдэгчийн талаархи багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44-45-р ху/, шүүгдэгчийн хавтаст хэрэгтэй танилцаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт  /хх-ийн 50-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, /хх 52-р ху/, зэрэг болно.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч   С.Мөнхзоригийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонгаатай маргалдаж улмаар толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаархи мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл,  зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Отгонгаатай маргалдаж улмаар толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  нь зүйтэй.

        Шүүгдэгч С.Мөнхзориг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

            Шүүгдэгч С.Мөнхзориг нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь  төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Содномваанчигийн Мөнхзоригийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Боржигон овогт Содномваанчигийн Мөнхзоригийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч С.Мөнхзоригт мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч . С.Мөнхзориг нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5. Шүүгдэгч  С.Мөнхзоригтод урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН