Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2022/00056

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс: 135/2022/00056/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ****** аймагт оршин суух Ж.Ч -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймагт оршин суух Б.Б-д холбогдох

Гэм хорын хохиролд 272,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Б.Б, иргэдийн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би ******* сумын нутагт лууван тарьсан бөгөөд миний 1,2 га луувангийн талбайд иргэн Б.Б-ын 8 толгой үхэр орж идэн, хохирол учруулсан юм. 2021.09.20-ны өдөр энэ айлын үхэр орж бид хашсан байсныг Б өөрөө ирж гарын үсэг зураад үхрээ хүлээж авсан. Тухайн үед сумын ургацын комисс миний талбайд учирсан хохирлыг шалгаж дүгнэлт гарган, 1 үхэрт 34,000 төгрөгөөр тооцож, 8 үхрийн 272,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Гэтэл Б.Б нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөнгүй. Эвлэрүүлэн зуучлалаар орсон ч маргаанаа зөвшөөрсөнгүй. Иймд Б.Б-ээс 272,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэдэн сард гэдгийг санахгүй байна. Намар ургац хураалтын үеэр манайх 1 га талбайн луувангаа хураах гээд аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэс ургац хураалтад хүн авах зар өгсөн байтал тэндээс залгаад ногоо хураалтад ажиллах 5 хүнээ ирж аваарай гэхээр нь тэднийг Дархан орж аваад буцаад орчиж байтал манай хажуугийн айлын хүн .. танай талбайд битүү үхэр орсон байна гэхээр нь нөгөө таван хүнтэйгээ талбай руугаа очоод талбайд орсон үхрийг хөөгөөд дийлээгүй. Тэгээд 2 морьтой хүүхэд дуудсан. Мөн ******* сумын фейсбүүк зарын группт үхрээ ирж аваарай тэгэхгүй бол хашлаа шүү гэхэд нэг ч хүн ирээгүй. Нөгөө 2 морьтой хүүхдээ тус бүр 20.000 төгрөг өгч түрээслээд талбайгаас үхрийг хөөж гаргасан. Сумын Засаг даргын тамгын газрын хохирол тогтоох комиссыг дуудаад бүгд зураг хөргийг аваад цуг талбайгаас үхрийг гаргаад Засаг даргын тамгын газрын урдуур туугаад үйлдвэрийн хоосон байшинд хашсан. Засаг даргын тамгын газрын Тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгээс 1 га талбайд ногдох ургацын хэмжээг тогтоосон. Энэ жил ургац хураалт муу байгаа учир 50 хувиар бодлоо гээд 3 сая хэдэн зуун мянган төгрөг гарлаа байз. Тэгэхэд Б.Б гуай ирж байсан. Манай үхэр байна гэж яриагүй. Би бүх үхрийг хашаанд тууж оруулаад хаалгыг нь хаагаад үүдэн дээр нь машинаа тавьсан. Нийт 10 айлын үхэр орсон байсан. 10 айлын хохирлыг шаардаад Эвлэрүүлэн зуучлалд өгсөн. 8 айл эвлэрээд хэргээ шийдвэрлүүлсэн. Хоёр хүн нь маргаад байсан.

Тухайн үед Засаг даргын тамгын газрын Тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн гишүүн хөдөө аж ахуйн мэргэжилтэн ... наад хэдийнхээ талбайд орсон үхрийн тоог нь бичээд гарын үсэг зуруулж байж өгөөрэй. Дараа нь маргаад байдаг шүү гэж сануулж байсан. Б.Б гуай ирээд манай 10 үхрээс 8 үхэр байна гээд гарын үсгээ зураад хүлээж аваад явсан. Ингээд нийт хохирлоо тогтоогоод нийт орсон үхрийн тоонд хуваагаад нэг үхэрт ногдох хохирлыг гаргасан. Баасанжав гуайн 8 үхэр нийт 272000 төгрөгийг хохирол учруулсан гэсэн тооцоо гарсан тул энэ хохирлоо шаардаж байна. гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Ч-ийн хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь өөрсдөө ногооныхоо хашааны хаалгыг онгойлгон мал оруулж, 2-3 цагийн дараа хөөж гаргахад нь би очиж гаргалцахад манай хүүгийн 1 ч үхэр байгаагүй /манай гэрээс ногооных нь талбай сайн харагддаг, хэрвээ ногоо нь хураах хэмжээнд ургасан байсан бол би адуу ороход эзэнд нь хэлэх байсан/ манай хүүгийн үхэр өвөл зунгүй байдаг үйлдвэр дотор сүүдэрлэж байхад дээр нь хашсан байсан. Тухайн үед нь би учир байдлыг хэлж байсан. Орой нь хүмүүс үхрээ авахад нь очиход хүү Э.Н нь гар утсан дээрээсээ ногооны талбайд байх үед нь авсан үхрийнх нь зургийг хүмүүст үзүүлээд өгч байсан. Манай хүүгийн үхрийн зураг ногооны талбайд байсан бол маргаж байгаа тэр үед нь надад үзүүлэх байсан. Урьд жил нь зэрлэгэнд бариулж хураах лууван байгаагүй. Түрүү жил дулаан жил байж лууван сайн ургасан жил ургац алдсан. Тиймээс энэ жилийн хувьд лууван муу ургасан сэрүүн зун болсон тул хураах лууван байхгүй нь тодорхой. ******* сумын хохирлын акт тогтоодог хамтарсан баг комиссоор акт тогтоолговол Э.Н-ын талбай болон ургацыг сайн мэднэ. Би акт тогтооход нь очно гэсэн боловч акт тогтоох үеийг мэдээгүй. н.Наранбатынх 50 сот газартаа сонгино тарьсан мөн үлдсэн 50 сот газарт луувсан тарьсан. Энэ 50 сот газрыг Б.Б газрын татвараа жил болгон төлж байгаа надад өрөндөө өгье гэж зөвшөөрсөн тул би сумын газрын даамалд хүсэлт гаргаж хөөцөлдөж байх зуур н.Наранбат хураалган авч өөрийнхөө нэр дээр хууль бусаар авсан. гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тэр өглөө эдний талбайд урд талаасаа адуу мал орсон байсан. Тэгээд би тэр талбайгаар хаячихаж дээ гэж бодож байсан. Үд өнгөрөөд би үхрээ төмөр зам давуулаад туугаад үйлдвэр рүү явж байсан. Тэр үед төмөр замын ажилчид таарсан. Ингээд үхрээ туугаад ирэхэд Э.Н талбай дээрээ ирсэн. Машинтайгаа 2-3 хүнтэй байсан. Хаалгаа онгойлгоод ард хашаагаараа үхэр оруулаад байсан. Тэгээд жаахан байж байснаа хаа хөж болоод байсан чинь энэ хоёр үхрээ хөөгөөд гаргаж чадахгүй болохоор нь би өөрөө очсон. Тэнд манай нэг ч үхэр байгаагүй. Би хөөж гаргаж байгаа юм байна гэж бодоод үхрийг хөөгөөд торыг нь татах гэтэл өрөөсөн гартай хүн уяж болдоггүй. Эдний ээж Ж.Ч хажууд байсан хэр нь уяж өгөөгүй. Тэгээд үйлдвэр дээр очсон. Тэгэхэд манай үхэр тэр хашаанд байхад нь хашсан уу гээд тухайн үед нь хамт хашсан байна гэж би хэлсэн. Орой болоод хүмүүс үхрээ аваад байхаар нь очтол намайг гарын үсэг зур гээд байхаар нь байхгүй гэж бичээд үхрээ гаргаж авсан. Манай үхэр тэнд өвөл зунгүй л үйлдвэрийн тэр хашаанд байдаг. Манай үхэр ногооны хашаанаас бол туугдаж гараагүй. Талбайгаас үхэр хөөж гаргахад би тэр үхрүүдийг туулцаж гаргасан. Тэр талбайд манай үхэр байгаагүй. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Б.Ба-с гэм хорын хохирол 272,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ч ****** аймгийн ... орчим байрлах 0,729 м.кв талбайд шар лууван тариалсан, тариалангийн талбай Ж.Ч-ийн талаар болон 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шар лууван тариалсан 0,729 м.кв талбайд мал орсоноор ургамлын өсөлт зогсож, хураан авах боломжгүй байдал үүссэн талаар зохигчдын хэн аль маргаагүй.

Хариуцагч тал ...Өөрсдөө ногооныхоо хашааны хаалгыг онгойлгон мал оруулсан, хөөж гаргахад нь би тусалсан. Харин манай 10 үхрийн тухайд үйлдвэрийн дотор сүүдэрлэж байхад нь тэдний хашаанд орсон үхрийг хаших үед нь цуг хашигдсан. Орой хүмүүс үхрээ авах үед зураг үзүүлээд өгч байсан учраас, манай үхэр байсан учраас авсан, мөн тэр талбайд хураах лууван байгаагүй... гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ч нь хүү Э.Н-ын хамт ****** аймгийн ... суманд хүнсний ногооны тариалалт эрхэлдэг, шар лууван тариалсан 0,729 м.кв талбайд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 айлын үхэр орж ургацыг гишгэж, идэж сүйтгэсний улмаас зохих хэмжээгээр ургац хураан авах боломжгүй болж 3,752,668 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан ... сумын ажлын хэсгийн Ургацын хохирол тогтоох ажлын хэсгийн... Үзлэгээр шар лууван тариалсан 0,429 га талбайд бод мал орж, ургамлын массыг идэж гэмтээснээс ургамлын өсөлт зогсож, зах зээлд борлуулах, хураан авах, хадгалах боломжгүй болсон. Бодит хохирол 3,752,668 төгрөг гэсэн 07 тоот дүгнэлт /хх04-08 дугаар хуудас/ 10 иргэнд мал хүлээлцсэн ...Б.Б ... гарын үсэг... гэсэн баримт /хх 09 дүгээр хуудас/, гэрэл зураг/10 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

... сумын Ургацын хохирол тогтоох ажлын хэсгийн 07 тоот дүгнэлтэд ...2021 оны сумын ургацын урьдчилсан балансаар 1 га талбайгаас хураан авах ургацын шар лууван га талбайгаас 120 ц буюу 12 тн хураан авахаар гарсан. Ажлын комисс шар лууванг идэж талхалсан байдал, талбайн хашааны зургийг авч баримтжуулсан, сумын ургацын дундаж балансаар тооцвол иргэн Э.Н 0.429 га талбайгаас 5148кг ургац хураах боломжтой байсныг тогтоов. Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Сангийн Яамны сайд нарын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалан үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын дагуу хохирлыг тооцсон... гэж дурдсанаас үзвэл хариуцагч Б.Б-ын ...тэр талбайд хураах лууван байгаагүй, энэ жилийн хувьд лууван муу ургасан, сэрүүн зун болсон тул хураах лууван байгаагүй, зэрлэг шарилжид бариулсан газар... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

10 иргэнд сумаас хашаалсан малыг хүлээлгэн өгсөн баримтад ...Б.Б гэж гарын үсэг зурж баталгаажуулсаныг шүүх хуралдаанд миний гарын үсэг мөн, үхрээ авсан учраас зурсан, манай үхэр өмнө нь үйлдвэрийн байранд өнжиж байсан учраас хашигдсан гэж марган ...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өртөөний зам дээр ажиллаж байхад Б.Б ах үхрээ үйлдвэрийн ар талаар 2 цагийн үед тууж явсан нь үнэн... гэх төмөр замын ажилтан Б.Э., Б.В., н.Н., н.С гэсэн бичвэрийг шүүхэд нотлох баримтаар ирүүлснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай мэдээллийг агуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Ч-ийн талбайд мал орсон үйл явдал тогтоогдож байхад дээрх бичвэрт ...Б.Б ах үхрээ үйлдвэрийн ар талаар 2 цагийн үед тууж явсан... гэж бичсэн, мөн хариуцагч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргаагүй болно.

Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна, 20 дугаар зүйлийн 20.2.1-т Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй бөгөөд тариалалтын үед бусдын халдлагаас хамгаалах үүргээ Ж.Чулуунхүү биелүүлээгүй тухайлбал хашааны цоожийг өөрсдөө онгойлгож мал оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б.Б нь мал бүхий иргэний хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэх заалт болон малаа байнгын хариулгатай бэлчээж ургацын талбайд таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх гэж заасан үүргийг тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ж.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н ... сумын Ургацын хохирол тогтоох ажлын хэсгийн 07 тоот дүгнэлтээр тогтоогдсон нийт хохирол 3,752,668 төгрөгөөс хариуцагч Б.Б-т ногдох төлбөрийг 272,000 төгрөг гэж тооцон шаардаж байгаа үндэслэлээ ...10 айлын /4+14+13+4+15+13+2+2+28+8+4/ 107 үхэр орсныг нийт хохирлын дүнд тооцон, 1 үхэрт ноогдохыг тооцон гаргаад Б.Б-ын 8 үхэрт үржүүлэн тооцсон, 8 айл нь эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлэн төлбөрөө төлчихсөн болно... гэж тайлбарласан.

Дээрхи тайлбарт дурдсанаар тооцвол хохиролын дүн 3,752,668 төгрөг, 107 үхэр, 1 үхэрт ногдох төлбөрт 350.71 төгрөг тооцогдохоор боловч нэхэмжлэгч Ж Чулуунхүү нэхэмжлэлинй шаардлагын дүнг 272,000 төгрөг гэж тооцсон, хариуцагч Б.Б дээрх нэхэмжлэлийн дүнг буруу тооцсон гэх талаар маргаагүй болно.

Иймд дээрхи үндэслэлээр хариуцагч Б.Б-с 272,000 төгрөг гаргуулан нээхмжлэгч Ж.Ч-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 03 -ны өдөр төлсөн 8,810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 8,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.Б-с 272,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 8,810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Б-с 8,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ОЮУНДАРЬ

 

ШҮҮГЧИД                                  З.ТУНГАЛАГМАА

 

                                               Т.ЖАВХЛАНТӨГС