Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2022/00062

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/01041/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..... хот, ...... дүүрэг, 2 дугаар хороо ..... байр ..... тоотод оршин суух, О овогт Ц Б /РД:......, утас:....., ....../-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... аймгийн ...... сум, ...... дугаар баг, ..... дүгээр хороолол, ..... дугаар байр, ..... тоотод оршин суух Б овогт Г Ц /РД:......, утас ....../-т холбогдох

"Хохирол ....... төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ц.Л, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хэрэг гарах үед Г.Ц нь миний “Норт бенз”/North benz/ маркийн ..... улсын дугаартай машинаар тээвэр хийж байсан. Энэ хүн над дээр хуучин миний машин тэргийг барьж байсан жолоочоор дамжуулж танилцаж ирсэн, тэгээд би ажилд авсан. Намар нь машиныг маань бариад тодорхой хэмжээний цалин хөлс авсан. Цалингийн урьдчилгаанд шинэ жилээр 1,000,000 төгрөг, цагаан сараар бас урьдчилж 500,000 төгрөг тус тус авсан байсан. Анх 2019 оны намар дээр ирээд тэгээд миний машиныг барьсан. Тухайн машинаар 1 рейс явахад 500,000 төгрөгийн үнэлгээтэй, ерөнхийдөө хамгийн өндөр үнэлгээтэйд орно. Г.Ц нь 4 рейс хийгээд 3,900,000 төгрөгийн цалин авсан байсан. Тэгээд урьдчилгаа авсан байсан, түүнийгээ суутгах уу? гэхэд миний хүүхдийн сургалтын төлбөр хийгдэх учраас суутгуулахгүй гэсэн. Тэгээд би цалинг нь суутгаагүй өгсөн. Гэтэл түүнээс хойш 3 дахь рейс дээрээ Г.Ц нь машины араас орж, осол гаргасан. Тэгээд цагаан хадны цагдаа нар хэмжилт хийгээд энэ хүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зайгаа барьж яваагүй улмаас зам тээврийн осол гаргасан, энэ хүнийг буруутай гэж тогтоосон. Урьд талд явсан машины жолооч нь гомдолгүй гэсэн. Тэгээд би хотоос машинаа зайчилж холдуулах, янзлах гээд очиход миний машин замын хажууд, мөргүүлсэн байдалтай байсан. Тэгээд цагдаагийн хүн намайг дуудаад надад цагдаагаар шийдүүлэх юм уу?, эсхүл өөрсдөө тохирох юм уу? гэсэн. Би энэ хүнээс тухайн үед яах юм бэ? гэж асуухад тухайн үед энэ хүн тохиролцъё, би 100/нэг зуу/ хувь хариуцна гэсэн. Тэгээд би мөнгө, төгрөг ч авъя гээгүй, оронд нь чи надад ажилла, цалингаас чинь тодорхой хэмжээний, санхүүгийн дарамт болохгүйгээр хасаад байж болно гэхэд за гэсэн. Мөн хот руу ороод эмнэлгээр явахдаа манай эхнэрийг дагуулж яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлээд ирээрэй, чи машиныг янзлахгүй, зүгээр хажууд нь багаж энэ тэр бариад байж бай гэсэн.” гэв.

Хариуцагч Г.Ц нь шүүхэд  гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “Би энэ хүний машиныг бариад цалин хөлс авч байсан. Тухайн үед урд явж байсан миний урд талын машин гэв гэнэт зогссон, такси зам дээрээс хүн авч байгаа юм шиг. Тэгээд хий алдаад ямар ч аргаггүй, миний урд, хойно цуваа байсан. Тэгээд л урд талын машинаа мөргөсөн. Тэгээд аваар хийчхээд даатгалаа дуудах уу? гэхэд эзэн рүүгээ залгаж хэлэхэд байж бай гэсэн. Гэтэл 2 цагдаа аваар гарсныг хараад ирсэн. Цагдаа нар аваар гаргачхаад дуудахгүй яасан юм гэсэн. Тэгэхээр нь харин эзэн байж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн, тухайн үед би бас эвгүй оргиод, бас халуураад хөндүүр байсан. Тэгээд цагдаа эзэн чинь ирсэн үү гэсэн. Тэгэхэд ирсэн байсан. Цагдаа дээр ирэхэд тохиролц гэсэн. Энэ хүн 5,000,000 төгрөг өг гэсэн. Тэгье гэсэн.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Ц-с хохирол төлбөр ..... төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хариуцагч авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг миний бие хариуцахаар гэрээ хийж тохироогүй, хуулиараа өмчлөгч, эзэмшигч нь хариуцна гэж үзэж байгаа, мөн 5 сая төгрөгийн хохирол гарна гэж хэлчихээд ...... төгрөг нэхэмжилж байгаад гайхаж байна, мөн зөвшөөрөхгүй, энэ осолд өөрийн ур чадвараа гаргаж хүний болон өөрийн амь насыг эрсдэлд оруулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргадаг болно.

Нэхэмжлэгч Норт бенз маркийн ...... УБЧ улсын дугаартай өөрийн өмчлөлийн машинаа “.......” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21/01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж Монгол Улсын Эрдэнэс таван толгой уурхайн зүүн цанхиас БНХАУ-ын ...... боомт хүртэлх чиглэлд нүүрсийг тогтоосон чиглэлээр, заасан хугацаанд хариуцлагатайгаар тээвэрлэхээр тохиролцож, 2020 оны 9 дүгээр сараас Г.Ц дээрх машинаар тээвэр хийж эхэлсэн, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч машины араас мөргөж осол гаргасан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ц.Б өмчлөлийн автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан ...... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хариуцагч Г.Ц ...... хэлтэст гаргаж өгсөн хүсэлт, фото зураг зэргээр тогтоогджээ.

Ц.Б нь машинд учирсан хохирлын хэмжээг автомашинаа засуулах зорилгоор ....... ХХК-иас ...... төгрөгийн кабин худалдаж авахаар тохиролцсон нэхэмжлэх, Б.О сэлбэг ..... төгрөгөөр худалдаж авсан зарлагын баримт, Ноц авто сэлбэгийн газраас сэлбэг хэрэгсэл ....., ..... төгрөгөөр худалдаж авсан зарлагын баримтууд, И.А сэлбэг хэрэгсэл ..... төгрөгөөр худалдаж авсан зарлагын баримт зэргээр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү үнэлгээ нь автомашиныг засварлахад гарсан зардалтай нийцэж байгаа, харин кабинийг худалдаж авахаар тохиролцсон боловч авч чадаагүй байгаа гэж тайлбарладаг бол хариуцагч Г.Ц нь осол болох үед ..... төгрөг болох байх гэж байсан атлаа одоо ..... төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд осол болсны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, буруутай этгээд болох Г.Ц нь түүнийг арилгах үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч кабиныг худалдаж аваагүй ..... төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож нэхэмжлэх бичиж өгсөн нь шууд гарсан зардал хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул ....... төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаан дээр “...цагдаагаас надад цагдаагаар шийдүүлэх юм уу эсхүл өөрсдөө тохирох юм уу гэсэн, би энэ хүнээс тухайн үед яах юм бэ гэж асуухад тухайн үед тохиролцъё, би 100 хувь хариуцна гэсэн. Тэгээд би мөнгө, төгрөг ч авъя гээгүй, оронд нь чи надад ажилла, цалингаас чинь тодорхой хэмжээний, санхүүгийн дарамт болохгүйгээр хасаад байж болно гэхэд за гэсэн. Тэгээд хот руу яваад эргэж ирээгүй...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, ....... хэлтэст хандан хариуцагчийн бичиж өгсөн хүсэлтээс үзэхэд нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн жолоочоо эрхийг нь хасуулбал өөрийнх нь бизнесийн үйл ажиллагаа тасалдах, мөн хариуцагчийг цааш үргэлжлүүлэн ажиллуулж төлбөрийг төлүүлж авах гэсэн санаа зорилго байсны улмаас замын цагдаагийн хэлтсээр энэхүү ослын дүгнэлтийг гаргуулаагүй, жолоочид зохих шийтгэлийг оногдуулаагүй байна гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Г.Ц нь өөрийн тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Л “хариуцагч хүний машин эвдсэн учир хохирлыг төлөх ёстой байх” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж ..... төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж ...... төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Ц ...... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б...... олгож, үлдэх хэсэг болох ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж ...... төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж ....... төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЖАВХЛАНТӨГС

 

          ШҮҮГЧИД                              Д.АЛТАНТУЯА

 

                                                            З.ТУНГАЛАГМАА