Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 110

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                      Л.Энхтайван

      Хохирогч                                                О.Рагчаа

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Б.Сэржмядаг

      Нарийн бичгийн дарга                             Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарам овогт Мөнх-Эрдэнийн Мөнх-Оргилд холбогдох 1731000230005  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 120 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Гарам овогт Мөнх-Эрдэнийн Мөнх-Оргил, /РД:МЮ98092231/

 

  Шүүгдэгч М.Мөнх-Оргил нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Рагчаагийн нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч М.Мөнх-Оргилын 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 19-ны орой 23 цагийн үед Буурын голын сагсны шийдэн дээр тоглож байсан чинь шүдэнзний арын 3,4 залуу манай дүүг манай найз Тэнгисболдоос асуухаар нь би очоод “манай дүүг яах гэж байгаа юм” гэж хэлээд хамар руу нь 1 удаа мөргөсөн. Тэгсэн чинь мөргүүлсэн хүүхэд цаана оччихоод утсаар яриад хүн дуудаад байсан. Тэгсэн ах нар ирээд хэрүүл, маргаан хийгээгүй, намайг зодож цохисон асуудалгүй салсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,

2. Шүүгдэгч М.Мөнх-Оргилын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2017 оны 07 дугаар сарын 19-ны орой 23 цагийн үед Буурын голын сагсны шийдэн дээр тоглож байсан чинь шүдэнзний арын 3,4 залуу манай дүүг манай найз Тэнгисболдоос асуухаар нь би очоод “манай дүүг яах гэж байгаа юм” гэж хэлээд хамар руу нь 1 удаа мөргөсөн. Тэгсэн чинь мөргүүлсэн хүүхэд цаана оччихоод утсаар яриад хүн дуудаад байсан. Тэгсэн ах нар ирээд хэрүүл, маргаан хийгээгүй, намайг зодож цохьсон асуудалгүй салсан. Өөр нэмж ярих зүйлгүй ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р ху/,

         3.Шүүгдэгч М.Мөнх-Оргилыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын 19-ны орой хэсэг бүлэг хүүхдүүд Буурын голд ирсэн. Урьд өдөр нь О.Рагчаа манай дүүтэй маргасан гэсэн. Тэгээд 2017 оны 07-р сарын 19-нд шийдэн дээр тоглож байхад манай дүүг хэсэг хүүхдүүд хайж ирсэн. Би очоод “Манай дүүг хайдаг хэн бэ” гээд энэ хүүхдийн хамар руу нь  мөргөсөн. Өөрөөр зодоон хийгээгүй. Хэсэг хугацааны дараа  ах нар нь ирэхэд ах нарынхаа хажууд О.Рагчаа намайг 3 цохьсон. Тэгээд салсан. Хохирогчийг мөргөснөөс болоод энэ хүнд хамарны гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хамарны эмчилгээний зардалд 400.000 төгрөг өгсөн. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсч байна. гэх мэдүүлэг,

4. Насанд хүрээгүй хохирогч О.Рагчаа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 18-нд өөрийн найз болох Насанжаргалын хамт Буурын голд явж байгаад сагсны шийдний хажуу талын дэлгүүрийн урд ангийн хүүхэд сууж байхаар нь би очоод юм ярьсан чинь 4 дүгээр сургуульд явдаг нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних хүүхэд бид хоёрыг “дошин дээр яаж явж байгаа  бэ” гээд хэрүүл өдөөд, “цусаа гартал, үхтлээ зодолдох уу” гээд байхаар нь бид тухайн үедээ ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 сарын 19-ний орой 23 цагийн үед Ганзориг, Нямдорж нарын хамт голын компьютер тоглоомын газар тоглож байгаад цагаан худагны хажуу талын сагсны шийдэн дээр очоод Буурын голын хүүхдүүдээс Насанжаргал бид нарт томроод, хэрүүл өдөөд байсан хүүхдийг асуугаад “бид хоёрт томроод байсан юм аа уулзах гэсэн юм” гээд яриад зогсож байсан чинь Буурын голын Оргио гэх залуу босч ирээд “манай дүүг хайдаг хэн бэ” гээд миний хамрыг мөргөсөн. Тэгээд дахиж цохиж зодолдоогүй салсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6-р ху/,

        5. Хохирогч О.Рагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 18-нд найзындаа очихоод явж байтал хэдэн хүүхдүүд надад томорсон. Тэгээд маргааш нь хэсэг найзуудтайгаа PC-нд тоглож байгаад Буурын голын шийдэн дээр очоод өчигдрийн томроод байсан хүүхдийг асуусан. Гэтэл М.Мөнх-Оргил ирээд “Манай дүүг хайдаг хэн бэ” гээд мөргөсөн. Би уураа барьж чадахгүй цохьсон. Мөнх-оргилын найз нь “Ах нар байдаг юм бол дууд” гээд байсан. Тэгээд манай найз миний хамрыг хараад “Одоо боль. Маргааш цагдаад хэл” гэсэн. Тэгээд бид явсан. Хамраа засуулах эмчилгээний зардал гэж 400.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. ...гэх мэдүүлэг          

      6. Гэрч Э.Ганзоригийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Рагчаа бид хоёр буурын голд явж байсан чинь 4 дүгээр сургуульд сурдаг зүс үл таних залуу бид хоёрыг “дошин дээр яаж явж байгаа юм бэ” гээд хэрүүл өдөөд, “цусаа гартал, үхтлээ зодолдох уу” гээд байсан. Бид хоёр тухайн үедээ ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ны орой 23 цагийн үед Рагчаа, Нямдорж нарын хамт Буурын голын компьютер тоглоомын газар тоглож байгаад цагаан худагны хажуу талын сагсны шийдэн дээр очоод буурын голын хүүхдүүдээс бид хоёрт томроод өдөөд байсан залууг асуугаад “бид хоёрт томроод байсан юм аа уулзах гээд” гэж яриад зогсож байсан чинь Буурын голын Оргио гэх залуу босч ирээд “миний дүүг хайдаг хэн бэ” гээд Рагчаагийн хамар руу мөргөсөн. Тэгээд дахиж зодолдоогүй салсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8-р ху/,

    7. Насанд хүрээгүй гэрч Б.Нямдоржийн 2017 оны 07 сарын 21-нд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:..2017 оны 07 дугаар сарын 19-ны орой 23 цагийн үед Рагчаа, Ганзориг нарын хамт Буурын голын компьютер тоглоомын газар тоглож байгаад цагаан худагны талын сагсны шийдэн дээр очоод Буурын голын хүүхдүүдээс бид хоёртой хэрүүл өдөөд байсан залууг асуугаад “бид хоёрт томроод байсан юм” гэсэн юм яриад зогсож байсан чинь Буурын голын Оргио гэх залуу босч “манай дүүг хайдаг хэн бэ” гээд Рагчаагийн хамар руу мөргөсөн. Тэгээд цохиж, зодолдоогүй салсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р ху/,

   8. Насанд хүрээгүй гэрч Б.Насанжаргалын 2017 оны 07 дугаар сарын 24-нд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 сарын 18-ны орой 22 цагийн үед Буурын гол руу ах руугаа эрүүл мэндийн дэвтрээ хүргэж өгөхөөр өөрийн найз Рагчаагийн хамт явж байсан чинь 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн Мөнх-Амгалан гэх хүүхэд бид хоёроос хэрүүл өдөөд “хоёулаа цусаа гартал зодолдоё” гээд манай найз Рагчаагаас хэрүүл өдөөд байсан. Тухайн үед Рагчааг “хоёулаа явъя” гээд салаад явсан. ...гэх мэдүүлэг,  /хх-ийн 10-р ху/,

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  № 243 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. О.Рагчаагийн биед хамар ясны цөмөрсөн хугаралтай, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хх-ийн 13-р ху/,

 

    10. Шүүгдэгч М.Мөнх-Оргилын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 29-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх-ийн 20-21-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 22-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 23-24-р ху/, хохирогчийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, /хх-ийн 14-15-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 16–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 17–р ху/, Сэлэнгэ аймгийн 8-р багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 25-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 28-р ху/, асран хамгаалагч тогтоох тухай Засаг даргын захирамж, /хх-ийн 30-р ху/, хохирлын баримт, / хх-ийн 31-р ху/, хохирогч төлбөрөө төлүүлсэн тухай баримт, /хх-ийн 37-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 36-р ху/,  шүүгдэгчийн хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 35-р ху/, хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 38-р ху/, хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэхийг татгалзсан тухай прокурорын тогтоол, /хх-ийн 40-р ху/, зэрэг болно.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнх-Оргилыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Рагчаагийн нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогчид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл зэргээр үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч М.Мөнх-Оргилыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Рагчаагийн нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        Шүүгдэгч М.Мөнх-Оргил нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 400.000 төгрөг хэрэг хянагдах явцад төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна..

            Шүүгдэгч М.Мөнх-Оргил нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, гэж байгаа зэрэг байдлуулуудыг харгалзан хуульд заасан нийгэмд тустай ажил хийлгэх  ялын доод хэмжээгээр шийтгэх нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гарам овогт Мөнх-Эрдэнийн Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гарам овогт Мөнх-Эрдэнийн Мөнх-Оргилыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан М.Мөнх-Оргилд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Мөнх-Оргил нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5. Шүүгдэгч  М.Мөнх-Оргил урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН