| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0122/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 509
Г.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр магадлалтай, Г.М-д холбогдох 1826001420086 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогт Г-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх намайг 18 насанд хүрсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 18 насанд хүрсэн талаар ямар нэгэн маргаан байхгүй, харин хуульд заасан 21 насанд хүрээгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” заажээ. Энэхүү зохицуулалтад миний нас хамаарч байхад хоёр шатны шүүх уг хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй байхаас гадна хэрэглээгүй үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно. Иймээс дээрх хуулийн заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. 12 ангийг төгсөх жилдээ гэмт хэрэгтээ холбогдсондоо харамсаж, гэм буруугаа ойлгож байна. Миний оюун санаа, сэтгэн бодох чадвар насанд хүрсэн хүний хэмжээнд байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Учир нь миний гаднах байдлаас үзэхэд 157 см өндөртэй, 51 кг жинтэй болно. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгөхийг хүсье” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо хэлсэн саналдаа “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа юм. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж заасны дагуу гомдол гаргасан байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн аваагүй. Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг түүнд оногдуулах ял шийтгэл нь дээрх хуулийн заалтаар ялгагдана гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлд заасан заалтыг Г.М-д хэрэглэх бүрэн боломжтой, 12 дугаар ангид байх үедээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч гомдол саналгүй гэсэн тул гомдлыг хангаж, шийдвэрлэж өгөхийг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл харагдаж байна. Эрүүгийн хуулийн 18.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж, шүүх хуралдааныг нээлттэй явуулсан. Өсвөр насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох асуудал зөрчигдсөн байсан. Хүмүүжлийн илүү ач холбогдолтой заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Уртын хороо 05 дугаар гудамжинд Х.Б-н цээжний баруун доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 24 хоногтой байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Уртын хороо 05 дугаар гудамжинд Х.Б-ын цээжний баруун доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Г.М нь өөрийнхөө биеийн өндөр, жинг зааж биеийн хөгжлийг харгалзан өсвөр насанд хүнд тооцуулж, улмаар уг журмаар ял хасаж оногдуулах агуулгатай гомдол гаргажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.
Энэ нь 18 насанд хүрсэн боловч насанд хүрсэн хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй харьцуулахад өөрийн үйлдлийн нийгмийн аюулын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хөгжөөгүй 21 нас хүртэлх оюуны хөгжлийн байдлыг харгалзан ял оногдуулах тухай зохицуулалт юм. Шүүгдэгчийн оюун ухааны хөгжлийн онцлог нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байж шүүх уг хүнийг өсвөр насны хүнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан тусгай журмыг хэрэглэж ял оногдуулна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.М-ыг өсвөр насны хүнд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН