Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0121

 

Х.Айдынбекийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Х.Айдынбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Айдынбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн ахлах ахлагч цолоор Саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, 26.3, 26.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг тус тус баримтЛан нэхэмжпэгч Х.Айдынбекийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “цагдаагийн ахлах ахлагч” цолоор саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багт оршин суух “Найман” овогт Хумарбекийн Айдынбек миний бие Аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 05-р сарын 24-ний өдрийн “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн ахлах ахлагч цолоор Саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалд эргүүлэн тогтоох тухай" захиргааны хэргийг 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 110/шш2016/0046 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114-р зүйлийн 114.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Тухайлбал:

Нэг:

Болсон асуудал: Х.Айдынбек миний бие Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт Саатуулах байрны жижүүр цагдаагаар ажиллаж байхад 2016 оны 05-р сарын 22-ны шөнө согтуугаар авто осол гаргасан А.Ахмерейг цагдаагийн дэд ахлагч Айболат дуудлагаар очиж, цагдаагийн албаны байранд журамлан авч ирээд надад хандаж "Ахмерей согтолтын 0.18 промиль гарснаар бичүүлж ир гэж Аймгийн Цагдаагийн газрын замын байцаагч, цагдаагийн дэслэгч Тилеухабыл хэлсэн гэхээр миний бие цагдаа Айболатад өөрөө бичиж ав гэж үзэг өгсөн боловч, Айболат нь би бичиж чадахгүй юм байна гэж хэлэхээр тэмдэглэлд 0.18 промиль гэж Айболатын хэлснээр тэмдэглэл үйлдсэн юм.

Цагдаа Айболат нь өөрийн буруугаа "Албаны шалгалт" явуулахад хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэтэл ажил олгогч болох Аймгийн Цагдаагийн газрын дарга 2016 оны 05-р сарын 24-ний өдрийн "Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай" Б/36-тоот тушаалд намайг буруутгасан нь дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзнэ. Үүнд:

1. Цагдаагийн дэд ахлагч Ж.Айболат нь зөрчил гаргагч А.Ахмерейг хамгаалах зорилгоор “0.18 промиль гэж дэслэгч Тилеухабыл хэлсэн гэж Ж.Айболат надад худал мэдээлснийг хүлээн зөвшөөрөөд байхад Айдынбек намайг “хуурамч баримт бичиг үйлдсэн, өргөсөн тангарагыг зөрчсөн” гэж шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.2-д заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэдгийг анхан шатны шүүх зөрчсөн.

2. Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр гэрчээр оролцсон А.Ахмерей нь “Тухайн үед цагдаагийн жолооч Ж.Айболат нь Саатуулах байрны жижүүрийн цагдаа Айдынбект ... согтуурлын хэмжээг 0.18 промиль гарснаар бичье гэсэн” гэж гэрчилснийг 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 110/шш2016/0046 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан мөртлөө “хэрэгт ач холбогдолтой, хамааралтай” талаас үнэлж чадаагүй байна.

3. Цагдаагийн дэд ахлагч Ж.Айболат нь зөрчил гаргагч Ахмерейтэй төрөл садангийн холбоотой, Айболат цагдаагийн байгууллагад ажилд томилогдохоос өмнө зөрчил гаргагч Ахмерейн хадам эцэг Ханатын “Хөх жил” ХХК-ны жолоочоор ажиллаж байсан тул зөрчил гаргагч Ахмерейг хамгаалж, цагдаагийн дэслэгч Тилеухабыл “Согтуурлыг 0.18 промиль гэж бичээд ир” гэж хэлсэн хэмээн ахлагч Айдынбек надад худал хэлснийг дэд ахлагч Айболат болон гэрч Ахмерей нар албаны шалгалт болон шүүх хуралдаанд мэдүүлсээр байхад дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "дээрх тайлбар үндэслэл бүхий биш байна” гэж дүгнэсэн нь хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэснийг илтгэж байна.

Хоёр:

1. Х.Айдынбек намайг ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулахдаа Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016.05.24-ний өдрийн Б/36 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.1, 13.1.4, 13.1.5-д заасан заалтуудыг баримталсан байх бөгөөд эдгээр заалтууд нь ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулахаар тусгаагүй учир ажил олгогч хууль хэрэглээний талаар алдаа гаргасныг шүүх анхаарч үзээгүй байна.

2. “Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам”-ын 623.7.2-ийн “а”-д зааснаар зөрчил гаргасан, согтуугаар саатуулагдсан хүний эрүүл мэндийн байдалд үзлэг хийх, согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг тестээр буюу багажаар шалгах үүргийг байны эмч гүйцэтгэнэ” гэж заасан байхад саатуулах байрны эмч биш, саатуулах байрны жижүүр Айдынбек намайг тухайн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль буруу хэрэглэснийг илтгэж байна.

3. Цагдаагийн дэд ахлагч Айболат нь “Дэслэгч Тилөухабыл нь Ахмерейн согтуурал 0.18 промиль гэж бичээд ир гэж хэлснийг Айболат өөрөө болон гэрч Ахмерей нотолж байгаа бөгөөд Айдынбек миний хувьд цэргийн үүрэгтний хувьд дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг үг дуугүй, ёсчлон биелүүлэх үүргийн дагуу дэслэгч “Тилеухабылын үүргийг биелүүлж байна” хэмээн ойлгож, тангараг өргөсөн дэд ахлагч Айболатын худал хэлсэн "үгэнд" итгэж бичсэн болохоос бус “Өргөсөн тангараг” зөрчсөн явдал байхгүй гэдгийг шүүх дотоод итгэлээр үнэлж үзээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд үл нийцсэн байна.

4. Зөрчил гаргагч А.Ахмерей нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд мэдээллийн албаны ажилтан бөгөөд Согтуугаар машин жолоодож, улмаар авто осол гаргасан “ноцтой зөрчил” үйлдсэн байхад тэр одоо хүртэл албаны ажил гүйцэтгэж, ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байхад албаны байранд ажил үүргээ гүйцэтгэсээр байсан цагдаа Айдынбек намайг “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь сахилгын шинж байдалд үл нийцсэн, хэт хатуудсан арга хэмжээ гэж үзэж байна.

5. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон цагдаагийн дэслэгч, жижүүрийн офицер Т.Нурболатад дэд ахлагч Ж.Айболат нь Ахмерейг хамгаалах үүднээс мөн худал хэлж, Ахмерейн согтолтын байдлыг ахлах ахлагч Айдынбек багажаар шалгахад 0.18 промиль хэмээн худал хэлснийг гэрч Нурболат шүүх хуралдаанд мэдүүлж, бичгийн хэлбэрээр “рапортонд” тусгасан байхад анхан шатны шүүх гэрч Т.Нурболатын мэдүүлгийг үнэлж үзээгүй явдал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.2-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 06-ны өдрийн 110/2016/0046 тоот шийдвэрийг дахин хянан үзэж, хүчингүй болгон нэхэмжлэгч Х.Айдынбек миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Айдынбек нь “2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргасан иргэн А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Аймгийн Цагдаагийн газрын замын байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл зохих журмын дагуу шалгахад 0.18 промилийн согтолттой байсан нь тогтоогдсон одоо түүнийг дахин шалгах шаардлагагүй 0.18 промилийн хэмжээгээр тэмдэглээд аваарай гэж жолооч Ж.Айболатын хэлсний дагуу би тэмдэглэсэн” нэхэмжлэлдээ дурджээ.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас халж, цагдаагийн цол хураах тухай” Б/36 дугаар тушаалаар Цагдаагийн ахлах ахлагч Х.Айдынбекийг төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халж, “Цагдаагийн ахлах ахлагч” цолыг хураасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ““Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам”-ын 623.7.2-ын “а”-д зааснаар “ ... зөрчил гаргасан, согтуугаар саатуулагдсан хүний эрүүл мэндийн байдалд үзлэг хийх, согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг тестээр буюу багажаар шалгах үүргийг байрны эмч гүйцэтгэнэ” гэж заасан байхад саатуулах байрны эмч биш, саатуулах байрны жижүүр Х.Айдынбек намайг тухайн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль буруу хэрэглэснийг илтгэж байна” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсанчлан, саатуулах байрны жижүүр “Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам”-ын 623.7.2-ын “а”-д зааснаар согтуурлын зэрэг тогтоох үүрэггүй бол А.Ахмерейгийн согтуурлын зэргийг шалгаж 0.18 промиль гарсан мэтээр тэмдэглэл үйлдэх ёсгүй байсан байна. Нөгөө талаар, зам тээврийн зөрчил гаргасан этгээд болох А.Ахмерейг саатуулах байранд хүргүүлсэн үндэслэл нь түүний “согтуурлын зэргийг” багажаар шалгуулан тогтоох зорилготой байсан нь Ж.Тилеухабылын мэдүүлгээр тогтоосон байх учир зөрчил гаргасан этгээдийг хүргэж ирсэн жолооч Ж.Айболатын хэлснээр шалгах ажиллагааг явуулалгүйгээр тэмдэглэл үйлдсэн нь буруу юм.

Х.Айдынбек хууль сахиулах тусгай үүрэг бүхий цагдаагийн ажилтны хувьд аливаа хэрэг зөрчилд холбогдсон этгээдтэй харилцаж цагдаагийн байгууллагын чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ тухайн үйл ажиллагаа нь хууль зүйн үр дагавар, нөлөөтэй байдлыг ухамсарлаж, хэн нэгний хэлсэн үг, хүсэлтээр бус холбогдох хууль, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой.

Дээрх байдлаар, нэхэмжлэгч Х.Айдынбек Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хуулийг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх зэрэг үүргээ биелүүлээгүй нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд тогтоогдсон байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ