2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1601

 

                                      

   2025         06           18                                    2025/ШЦТ/1601

     

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Ц.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 2510000000557 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,, тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, овогт гийн ******* (Регистрийн дугаар: ),

2.Монгол Улсын иргэн, ,,*******,*******,,,,,, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 2-36 тоотод хохирогч Г.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зулайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.******* нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 2-36 тоотод хохирогч Ц.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд 4 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн сулрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “...Би дүү нартаа хэнд нь ч үг хэлээд цохиход миний урдаас үг хэлж зодолддог хүн байхгүй. Манай эгч *******ийг тархи толгой муутай юм гэж өмөөрсөөр байгаад энэ хүнийг ийм болгосон. Энэ хүн 60 гарсан настай аавыгаа барьж авч зоддог, эцэг, эхээ зодож цохидог учир би толгой руу нь хоёр удаа цохисон нь үнэн. Энэ хүнд санал гомдол байхгүй. Эцэг, эхээ хайрладаггүй ийм хүнд үг хэлж цохисондоо өөртөө л гомдож байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хүргэн ахын ажил явдал болоод хоол цай уугаад сууж байтал ******* ах өнгөрсөн зүйлийг дахин дахин яриад байхаар нь миний дургүй хүрээд танай д таалагдах албатай юу гэсэн чинь намайг барьж байсан шанагаараа цохисон. Мөн 500 граммын шилэн аягаар миний дандаа толгой хэсэг рүү цохисон. Өөр газар цохиогүй. Би өмнө нь авто осолд ороод толгойдоо хүнд гэмтэл авч байсан, миний толгой хэсэг газраа ясгүй гэтэл толгой руу маш их цохисон. Толгой хагарч маш их цус гарсан. Хэсэг хугацаанд машин барьж чадахгүй өвчтэй байсан, гомдолтой байна. Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 2-36 тоотод хүргэн ахын ажил явдал дээр туслах гэж ирээд хоол идээд сууж байтал нагац ах ******* “Төрөө чи далчигнаад болохгүй байгаа шүү” гэж хэлэхээр нь би “таны ам болохгүй байгаа шүү” гэтэл ******* “манай чамайг үзэхээ байсан. Чамайг харахаар нүд нь хорсоод байгаа шүү” гэхээр нь би “танайт таалагдах албагүй” гэж хэлтэл миний толгой руу шанагаар цохиж, дараа нь шилэн аягаар дахин толгой руу цохиж хүмүүс ирээд салгах үед миний толгойноос маш их цус гарч байсан болохоор түргэн дуудаж Гэмтлийн эмнэлэг орж 5 оёдол тавиулсан. Өмнө нь маргалдаж, зодолдож байсан зүйл байхгүй. Зүүн гар хөндүүртэй, толгой хагарч 5 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Хохирогч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай хүргэн ах бурхан болж ажил явдал нь болоод хамаатан, ах дүүс манайд ирсэн байсан. Тэгээд эгчийн хүү болох Г.******* манай гэрт ирээд хоол унданд туслаад өгөөрэй гэж хэлсэн. Өмнө нь ээжийгээ хагалгаанд оруулах гарын үсэг зуруулах болоход дүү Г.******* явахгүй гээд уурлаад байсан нь санаанд ороод тухайн үйл явдлыг ярилцсан, гадны таних танихгүй хүмүүс харахад муухай харагдаж байсан шүү гэж хэлэхэд нагац дүү Г.******* “хэний нүдэнд тэгж харагдаад байна” гэсэн би хариуд нь “манай ” гэж хэлэхэд “танай архичинт таалагдах албатай юу” гээд миний өмнөөс нагац дүү Г.******* уурлахаар нь цай хийж байсан шанагаараа хацар хэсэг рүү нь нэг удаа цохиход Г.******* босож ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд гараараа цохиход манай төрсөн дүү Ц. салгасан. Тэр үеэр гарт цайтай байсан 500 граммын грушик гэх шилэн аягаар толгой руу нь хоёр удаа цохиод голоор хүмүүс ороод салгасан. Г.*******ийг , нар аваад манай гэрээс гаргасан. Тэгтэл “би чамайг алнаа” гээд чанга орилоод гаднаас гүйж орж ирээд миний хамар, нүүрэн хэсэг рүү 2-3 удаа цохиод дахиад дүү нар салгаад гэрээс гаргасан. Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Өмнө нь маргалдаж, зодолдож цохилцсон зүйл байхгүй, би гомдолгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай ээжийн дүүгийн нөхөр нь нас бараад ажил явдал нь болоод Хан-Уул дүүргийн 6 хороо, Нүхтийн 2 дугаар гудамжны 36 тоотод хамаатан, ах дүүс ирсэн байсан. ахтай хоолны мах бэлтгээд эвдээд хоолныхоор нь янзлаад байж байхад үеэл болох ******* гаднаас орж ирээд хоол идээд сууж байсан. Тэгтэл нагац ах ******* болон ******* нар өмнө нь болж байсан маргаанаасаа болоод харилцан хэрэлдээд байсан. Нагац ах ******* *******ийн ээжийг бие нь тааруу хагалгаанд орох гэж байхад хүү нь ирээд гарын үсэг зур гэхэд ******* хувцас солих гэж гай гэсэн гэж тухайн үедээ маргалдаж байсан зүйлээ яриад миний хажууд бол яах вэ, гадны хүний нүдэнд муухай харагдаж байна гэхэд ******* танайт таалагдах гэж амьдрах уу гэж хэлсэн. Тэгтэл ******* ах цай хийж явсан төмөр шанагаа ******* лүү шидэх шиг болсон, би тухайн үед өөр тийшээ хараад сууж байсан. ******* сандал дээр сууж байгаад босоод ******* ахыг гараараа нүүр хэсэг рүү нь цохисон, тэгээд харилцан бие биеэ цохихоор нь ах очоод салгасан. *******ийг ах аваад гэрээс гарахад ******* ах гартаа 500 граммын шилэн аяга бариад байж байсан. ******* ах бид хоёр гэрт байж байхад ******* дахиж гаднаас орж ирээд ******* ахыг цохиод байсан. ах дахин орж ирээд салгаад гарсан. Тухайн үед *******ийн толгой нь хагарсан цус гарч байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эгчийн нөхөр нас бараад ажил явдал нь болоод Хан-Уул дүүргийн 6 хороо, Нүхтийн 2 дугаар гудамжны 36 тоотод хамаатан, ах дүүс ирсэн байсан. бид хоёр гаднаас мах авчраад эвдээд өөд өөдөөсөө хараад сууж байсан, тэгтэл манай эгчийн хүүхэд ******* гаднаас орж ирээд ******* ах хоол хийж өгөөд бүгд хоолоо идээд сууж байсан. Тэгтэл ах ******* “Төрөө чи хоол хийх үү” гэж хэлсэн. ******* “За тэгье, би гэр лүүгээ яваад хэрэгтэй зүйлсээ аваад ирье, тэгээд хүмүүст тусалъя” гэсэн. Тэрний дараагаар ******* ах 2 сарын өмнө *******ийн ээж хагалгаанд орохоор болоод гэр бүлийнх нь хүн гарын үсэг зур гэхээр нь ах очоод *******ийг цуг явъя, гарын үсэг зур гэж байна гэхэд ******* би алхаад явна машины дугуй хагарсан ээжийг үлдээгээд явчих гэж хэлснээс болоод тухайн өдөр маргалдаж эхэлсэн. Ах болох ******* манай чамайг үзэхгүй байгаа шүү гэхэд ******* танай архичинт таалагдах албатай юу гэж хэлээд ******* ах төмөр шанага барьж явж байгаад *******ийн гэдэс рүү цохих шиг болсон, тэгтэл ******* босож ирээд ******* ахын нүүрэн тус газарт хэд хэдэн удаа харилцан цохилцсон. Би ширээний хажууд сууж байгаад босоод маргалдаж байсан *******, ******* ах нарын голоор ороод хоёр тийш нь салгасан. Би *******ийг гэрээс гаргах гэхэд толгойноос нь цус гарсан байсан. Гадаа гараад толгойг нь усаар угаагаад толгой чинь хагарсан байна хоёулаа хамт гэмтлийн эмнэлэг рүү явах уу гэхэд ******* “би ер нь эдний архичинт таалагдах албатай юу” гэж орилоод миний хажуугаар гүйгээд ******* ахын гэр лүү ороод ******* ахын нүүрэн тус газар луу гараараа цохиод барьцалдаад байж байсан. Би дахин салгаад *******ийг дагуулаад эмнэлэг рүү явсан. ******* ахын хамар хэсэг нь хөхөрсөн, уруулаас цус гарсан байсан. *******ийн толгойг тухайн үед юугаар хагалсныг хараагүй, гараад толгойг нь усаар угааж байх үед ******* надад шилэн аягаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн. ******* “******* ах аягаа баруун гартаа барьж байсан, яагаад миний толгойны баруун талд хагарсан юм бол” гэж асууж байсан. Маргалдаж байх үедээ тэгж таарсан байх гээд яриа дууссан. Би аягаар цохисон байх гэж бодож байна. Шанага барьсан байсныг нь бол харсан. Аягаар цохих үйлдлийг нь бол хараагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/4868 дугаартай: “...Ц.*******гийн биед зүүн дээд 4 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн сулрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/4764 дугаартай: “...Г.*******ийн биед зулайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зулайд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Шүүгдэгч Г.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ц.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах гэртээ Г.*******тэй өмнө нь үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт шанага, шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь зулайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.******* нь дээрх цаг хугацаа, орон зайд Ц.*******тэй маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 4 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн сулрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт гэрч Б., Ц. нарын мэдүүлэг, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/4868, ЕГ0725/4764 дугаартай дүгнэлт, Г.*******, Ц.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд учирсан зүүн дээд 4 дүгээр шүдний хоёрдугаар зэргийн сулрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд учирсан зулайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн ЕГ0725/4868, ЕГ0725/4764 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос, хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай үйлдэл болох шанага, шилэн аягаар цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хоорондоо харилцан зодолдож, идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.*******, Г.******* нарын харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******, Г.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.******* “...надад сэтгэл санааны хохирол учраагүй, мэргэжлийн байгууллагаар тогтоолгохгүй” гэж, Ц.******* “...сэтгэл санааны хохирол учирсан зүйл байхгүй, мэргэжлийн байгууллагаар тогтоолгохгүй” гэж тус тус мэдүүлснээс гадна шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүгдэгч Г.*******, Ц.******* нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж үзэв.

Улсын яллагч “Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.*******ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан 196,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гээс гаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан.

Иргэний нэхэмжлэгч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах учиртай.

Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.*******ийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан зардлын баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ц.*******, Г.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.*******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ц.*******, Г.******* нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.*******, Ц.******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******, Г.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан зардлыг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.*******, Г.******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НЯМДАВАА