2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1657

 

                                      

  2025         06           24                                    2025/ШЦТ/1657

     

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Ж.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******ад холбогдох эрүүгийн 2405018480038 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “Миндүг” аудитын газарт нягтлан бодогч ажилтай,*******,*******,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ы ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн үед найзууд болох , дүү нарын хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кастел нэртэй баар луу орж тухайн газар нэг шил Jack нэртэй виски ууж бүжиглэж байсан. Тэгээд найз ын хамтаар тайзан дээр бүжиглэж байхад араас үл таних залуу намайг татаад үгийн зөрүүгүй миний ам хэсэг рүү 1-2 удаа гараа атгаж байгаад цохисон, тухайн үед цохилтоос болоод газар унаад, нэг сэрэхэд баарны гадаа гарсан байсан. Баарны гадаа намайг цохисон залуу чи яахаараа манай найз охиныг өддөгийн гээд маргалдсан, бусдаар ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд хоорондоо маргалдаад байж байхад эргүүлийн цагдаа нар ирээд цагдаагийн газар авчирсан. Би одоо тухайн залууг харвал сайн танина, хэрэг учрал болсны дараагаар уулзаж байсан. Би өөр хүнтэй маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ болсон зүйлийн талаар сайн санаж байна. Би тухайн үед тэр залуугийн найз охиныг нь хараагүй, тийм зүйл болоогүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Тус бичлэг бүхий СД-г OPTIPLEX 3080 загварын ажлын суурин компьютерт тоглуулахад 1 минут 10 секундийн бичиглэлтэй байлаа. Бичлэг дээр Кастел нэртэй баарны дотор талын бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа хүмүүсийн наад захын шал хэсэг нь дөрвөлжин гэрэл асдаг хэсэг дээр хар өнгийн хагас ханцуйтай цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн гуталтай эмэгтэйтэй бүжиглэж буй саарал өнгийн цамцтай залуугийн араас нэг залуу түлхэж байхыг тэмдэглэлд тусгав. Бичлэг дээр Кастел нэртэй баарны дотор талын бүжгийн талбай дээр тухайн саарал өнгийн цамцтай залуу хар өнгийн хагас ханцуйтай цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн гуталтай эмэгтэйтэй бүжиглэж байсан залуу нар хоорондоо нэгнээ түлхэж цохилцож байхыг харуулав” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел нэртэй шөнийн цэнгээний газар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 02 цаг 40 минутын үед иргэн Г. нь бусдад зодуулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй 1-4 гэж дугаарлан байрлуулсан зургаас таны биед халдсан гэх хүн энд байна уу, байвал та заана уу? гэж асуухад танигч ын (РД: ) нь эдгээр хүмүүсийн зургаас 3 дугаартай зурган дээр байгаа******* миний биед халдсан хүн мөн байна, би царайг нь маш тод санаж байгаа тул таньж байна гэв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 5363 дугаартай: “...Г.ын биед зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Кастел нэртэй баар луу найз Мааяа, Дөлгөөн нарын хамтаар орсон, тухайн бааранд ороод ширээ захиалан нэг шил 0,75 литр хэмжээтэй Виски захиалан суусан. Тухайн үед бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних гурван залуу манай найз болох Мааяаг хоргоогоод байхаар нь тухайн үл таних залуусын нэгнийх нь гарыг Мааяагаас холдуулж түлхсэн. Тэгээд тухайн залуусын нэг нь манай найз болох Мааяагийн бүсэлхийгээр нь хүрээд байсан, тэгээд би Мааяаг татаж авахад тухайн үл таних гурван залуу над руу яагаад байгаа юм гэх зэргээр дайрч*******элсэн тэгж хэлэхэд нь би тухайн үл таних гурван залуугийн нэг залууг нь түлхэхэд тухайн залуусын нэг нь болох гэх залуу над руу ухасхийх гэхэд нь би тухайн залуугийн эрүү болон ам хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд тухайн баарны хамгаалагч над дээр ирээд тэвэрч аваад гадагшаа гаргасан. Тухайн болсон зүйл нь миний буруутай зүйлээс болсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний ам хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Г.ын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 5363 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Шинжээчийн дүгнэлт гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Г.ын эрүүл мэндэд учирсан зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 5363 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Г.ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.*******ын хууль бус үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн ам хэсэгт цохисон үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.*******ын бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.******* нь хохирогчид 1,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан, мөрдөн байцаалтын явцад хохирогч Г. “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж мэдүүлснээс гадна шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй, хувийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Г.ын эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрт 93,642 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч Ж.******* нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ж.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ж.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирогчийн эмчилгээнд шаардагдах зардлыг нөхөн төлсөн байдал, хохирогчийн “санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ж.*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ж.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Ж.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ж.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НЯМДАВАА