Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/491

 

У.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч М.Э-, түүний өмгөөлөгч Д.Нямдорж,

шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Б.Мөнхгэрэл, О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/586 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр У.Б-д холбогдох эрүүгийн 1910027450613 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             У.Б-, 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             У.Б- нь “ТШ” ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй орон сууцыг бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдах, барьцаалах, түрээслэх, арилжих эрхгүй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын Д4 блокийн 9 давхарт байрлах 72.6 мкв талбайтай орон сууцыг иргэн Л.Х-д өөрийн захиран зарцуулах эрхтэй орон сууц гэж итгүүлэн 101.640.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас өөрийн ***  дугаарын данс руу 70.000.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

            - Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын Д4 блокийн 8 давхарт байрлах 72.6 мкв талбайтай орон сууцыг иргэн Т.Э-од өөрийн захиран зарцуулах эрхтэй орон сууц гэж итгүүлэн 110 сая төгрөгөөр худалдахаар тохирч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” төв дотор Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг Т.Э-той байгуулан, түүний өмчлөлийн гаалийн бичигтэй “Toyota C-HR” загварын тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгт, “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгт тооцон авахаар тохирч өөрийн өмчлөлд шилжүүлэн авч Т.Э-од 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

            - Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын Д4 блокийн 8 давхарт байрлах 52.5 мкв талбайтай орон сууцыг иргэн С.Г-д өөрийн захиран зарцуулах эрхтэй орон сууц гэж итгүүлэн 78.750.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд өөрийн 78.750.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

            - “АА” ХХК-ийн захирал Б.Л-тэй 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан төлбөрийн нөхцөлд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын Д4 блокийн 1 давхарт байрлах 83.1 мкв талбайтай орон сууцыг өгөхөөр гэрээнд тусгаж, уг гэрээний дагуу Б.Л- дээрх орон сууцыг 1 мкв-ын 1.650.000 төгрөгөөр иргэн М.Э-д худалдаж 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 50.500.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч У.Б- нь М.Э-тай 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдаж худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч уг байрыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.М-д 108.030.000 төгрөгөөр гурвалсан гэрээ байгуулан худалдаж М.Э-д 70.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

            - Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын Д4 блокийн 2 дугаар орцны 56.6 мкв 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Ц-ид орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдахаар тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 50.0 сая төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 10.0 сая төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар өөртөө шилжүүлэн авч залилж бусдад нийт 379.250.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3, 32.4 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудал, гаргах шийдвэр зэргийг ноцтой зөрчсөн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, эрх зүйн баримт бичиг нь хуульд нийцсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд зааснаар яллагдагчаар татах тухай саналтай ирүүлсэн бол мөрдөгчийн саналыг хүлээж авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол /1хх-25, 94, 177-р тал/ гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд мөрдөгчийн санал байхгүй байхад тогтоол үйлдсэн нь ноцтой зөрчил.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь ямар гэмт хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхтэй. “АА” ХХК-ийн захирал Б.Л-тэй 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан төлбөрийн нөхцөлд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ханбогд хорооллын Д4 блокийн 1 давхарт байрлах 83.1 мкв талбайтай орон сууцыг өгөхөөр гэрээнд тусгаж, уг гэрээний дагуу Б.Л- дээрх орон сууцыг 1 мкв-ын 1.650.000 төгрөгөөр иргэн М.Э-д худалдаж 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 50.500.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч У.Б- нь М.Э-тай 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдаж худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч уг байрыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.М-д 108.030.000 төгрөгөөр гурвалсан гэрээ байгуулан худалдаж М.Э-д 70.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд яллагдагчаар У.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 25-н өдөр мэдүүлэг өгөхдөө ... хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрт холбоотой хэргүүдээ нэгтгүүлэн мэдүүлэг өгөх болно” /1хх-241-р тал/ гэж мэдүүлсэн байхад дээрх хохирогч гэх М.Э-тай холбоотой хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг дахин аваагүй яллагдагч, шүүгдэгчийн эрхийн ноцтой зөрчсөн байна.

            3. 2 дугаар хавтаст хэргийн 6-30 дугаар талд гэрч Б.Л-гээс дээрх хэрэгтэй холбоотой баримт бичиг, Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн ба энэ баримт бичигт аудитын болон шүүх шинжилгээний нягтлан бодох шинжээчийн дүгнэлт оруулах шаардлагатай. Ингэснээр хэрхэн яаж, хэдэн төгрөгийн үнэтэй байр шилжсэн, энэ эрх хэнд яаж, шилжиж очсон эсэх, мөн Б.Л-гийн дансанд мөнгө шилжих болсон талаар, мөн энэ гэмт хэрэгт Б.Л-болон нотариатч Д.А-ын үйлдэл холбогдол байгаа эсэх, холбогдох хууль тогтоомж /нотариатчийн тухай хууль/ зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүний гэрч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд энэ хэрэгт “ТШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-гэх хүний гэрчээр ямар ач холбогдолтой, ямар нөхцөл байдлыг мэдээд байгаа, энэ нь ямар үйл баримтаар дүгнэгдээд байгаа нь ойлгомжгүй байна. Д.М-гэх хүнийг “ТШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон, энэ компани талаарх үйл баримт мэдээлэл хэрэгт байдаггүй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бодит байдал дээр гэрээ байсан уу, ажиллагаа байсан уу гэдгийг үндсээр нь шалгах ёстой, гэрээ хаана доголдсон, санхүүгийн ямар бичиг баримт, актаар тооцоо нийлсэн талаар тогтоогоогүй эргэлзээтэй байна...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Алтанцэцэг тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Шүүх хавтаст хэргийн 25, 94, 177 дугаар талд яллагдагч У.Б-ыг хохирогч Л.Х-, Т.Э-, С.Г- нарыг залилсан үйлдэлд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрт нь тогтоол үйлдэж, У.Б-ыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

            Учир нь, мөрдөгчөөс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн У.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид дурдсан тогтоолуудад 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 139 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг мөрдөгч О.Аюурзана яллагдагч У.Б-д танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Иймд шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тогтоолуудыг прокурорын хяналтаар зөвтгөсөн байна.

            2. Яллагдагч У.Б-ыг бусдыг залилсан гэх 5 удаагийн үйлдэлд тус бүрт нь ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг хуульд заасан хугацааны дотор танилцуулж гарын үсэг зуруулан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангасан байна. Мөн хууль сануулан мэдүүлэг авсан бөгөөд У.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “...М.Э-г хохироосон хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна, өөрт холбоотой хэргүүдээ нэгтгүүлэн мэдүүлэг өгнө...” гэж хуульд заасан эрхээ эдлэн мэдүүлэг өгсөн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглодог тул яллагдагчийн өгсөн мэдүүлгийн хүрээнд мэдүүлэг авах ажиллагааг дуусгажээ.

            Харин прокурорын 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 139 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор У.Б-д холбогдох үйлдлүүдийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгосон бөгөөд хэргийн зүйлчлэл хүндрээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй юм.

            Гэвч яллагдагч нь хэргийн талаар амаар болон бичгээр тайлбар мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй бөгөөд яллагдагч У.Б-ын хувьд дахин мэдүүлэг өгөх талаар хүсэлт гомдол гаргаж байгаагүй болно.

            3. Б.Энхтуяа хохирсон хэргийн хувьд У.Б- нь М.Э-тай 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулан М.Э-гийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн мэтээр итгүүлэн улмаар Б.Л-гийн бетон зуурмаг нийлүүлсэн хөлсөнд М.Э-гийн орон сууц худалдан авсан мөнгийг шилжүүлүүлэн, орон сууц М.Э-гийн өмчлөлд шилжүүлснээ мэдсээр байж уг байрыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.М-д 108.030.000 төгрөгөөр гурвалсан гэрээ байгуулан худалдаж М.Э-д 70.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан гэх үйлдэлд нь ял сонсгож шүүхэд шилжүүлсэн. Харин шүүгчийн захирамжид дурдсан Б.Л-гийн компанитай байгуулсан бетон зуурмагийн гэрээ, бусад баримт бичгүүдэд аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал нь эрүүгийн гэмт хэрэгтэй хамааралгүй, Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой иргэд хоорондын маргаан тул эрүүгийн хэрэгтэй холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

            4. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар У.Б- нь “ТШ” ХХК-тай карказ угсралт, бетон зуурмаг, арматур нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж ажлын хөлсөндөө тус компанийн барьж буй орон сууцнаас орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулан авдаг байна. Уг гэрээний 5.2 дахь заалтад гэрээнд заасан орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх тохиолдолд захиалагч тал буюу “ТШ” ХХК-д мэдэгдэж, гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлэхээр заасан боловч У.Б- нь дээрх нэр бүхий хохирогч нарт шилжүүлсэн орон сууцыг “ТШ” ХХК-д мэдэгдэж, гурвалсан гэрээ хийлгүй шилжүүлж, улмаар хохирогч нарт шилжүүлсэн орон сууцаа “ТШ” ХХК-д мкв тохирохгүй, худалдан авах хүмүүс сонирхохгүй байна гэж орон сууцыг өөрчлүүлэн дахин гэрээ байгуулах зэргээр нэр бүхий хохирогч нарыг залилсан үйлдэлд “ТШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-нь хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх тул гэрчээр мэдүүлэг авсан. Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “У.Б-ын залилан хийж явах шалтгаан нь Д4 блокоос өгсөн 83.1 мкв хоёр ширхэг байрыг өмнө нь жижиг мкв-тай байр болгож өгөөч гэж орон сууц захиалгын гэрээг 2-3 удаа өөрчлүүлсэн байдаг. Над дээр авч ирээд дээрх гэрээг солиулахдаа хууль бусаар эрх шилжүүлэх үндэслэлгүй гэрээг нотариатын газарт очиж эрх шилжүүлэх хоёрлосон гэрээ хийгээд бусдад зарчихдаг байсныг би сүүлд мэдсэн. Харин байр ашиглалтад орох дөхөөд ирэхэд дээрх У.Б-д өгсөн байр орон сууцанд давхар эрх шилжүүлэх гэрээ хийгээд бусдад худалдаалсан байсан” гэж мэдүүлсэн зэргээр тогтоогдсон.

            5. Хавтаст хэрэгт хохирогч тус бүрийн У.Б-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээнүүд хавсаргагдсан байна. Гэхдээ эдгээр гэрээнүүд бүгд хууль бус буюу орон сууцыг хохирогчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн гэрээнүүд биш бөгөөд У.Б-ын хувьд хохирогч нарт “...уг гэрээг байгуулснаар орон сууц ашиглалтад орсноор таны өмчлөлд шилжинэ...” гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоосон гэж үзэж байна.

            Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Б-д холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч М.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч М.Э-гийн өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 6 сарын дараа шүүх хуралдаан явагдсан. Миний үйлчлүүлэгч 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр У.Б-тай гэрээ байгуулсан ба 2 жилийн хугацаанд мөнгө төгрөгөө авч чадалгүй хохирсон. Энэхүү асуудлыг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “ТШ” ХХК, “АА” ХХК, “Азийн барилга” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үйл явц байдаг. Энэхүү үйл явцад У.Б- ажлынхаа хөлсийг зээлээр авч байсан. Хохирогч М.Э-гийн хувьд У.Б-тай хамааралгүй гэж харагддаг. Хохирогч М.Э- Б.Л-тэй гэрээ байгуулж компанид нь 70.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. У.Б-ыг өөрийнхөө хэлцэлд оруулаагүй. Хохирогч М.Э- Б.Л-д мөнгө шилжүүлж байхад У.Б- энэ талаар мэдээгүй хөдөө ажлаар явж байсан. Мөн нотариат дээр очоод У.Б-ын оролцоогүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингэж нэг талын санаачилгаар гэрээ байгуулсан байдаг. М.Э-гийн асуудлаар шүүх хуралдаанд Б.Л-г гэрчээр оролцуулах гэхээр ирдэггүй. Б.Л-д байр авна гэж мөнгө өгчхөөд, огт танихгүй У.Б-ыг буруутгаж байгаа прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “та мэдүүлэг өгөх үү, мэдүүлэг өгөхөөс татгалзах уу” гэдэг хуулийн зохицуулалт байгаа. Энэхүү ажиллагааг огт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж гэрээтэй холбоотойгоор гарч ирдэг. У.Б- өөрөө 80 гаруй ажилтантай, олон барилга барьж байгаа. М.Э- ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй орж ирчхээд У.Б-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Л-, У.Б- нарын хоорондын төлбөр тооцооны асуудал дээр М.Э- өөрөө орж ирдэг. М.Э-д өөрт нь татгалзах эрх нь байсан. М.Э-гийн мөнгийг хэн төлөх ёстой вэ гэвэл Б.Л- авснаараа л төлөх ёстой. У.Б- өнөөдрийг хүртэл Б.Л- болон “ТШ” ХХК-иас авлагатай. Прокурорын зүгээс эрх шилжүүлэх гэрээний 5.2 дугаар зүйлийг баримталж байна. Одоогийн энэ барилгыг барьж байгаа компаниуд бие биедээ зээлээр ажиллаж байгаа. У.Б- 80 ажилтныхаа цалин хөлсийг өгч байна. Арматур нийлүүлсэн, барилга барьсан, 3 компанийн үйл ажиллагаанд шинжээч томилж шалгасны эцэст М.Э-гийн хохирлыг гаргаж ирэх ёстой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн энэ тухай заалт үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээг талууд хоорондоо байгуулж, хөлсөнд тохирсон барилгыг хүлээлгэн өгч худалдах эрхийг нь шилжүүлж байгаа. Иймээс эрх шилжүүлэх гэрээг бүхэлд нь барих шаардлагатай. Нэг заалтыг баримтлан У.Б-ыг хүн залилсан гэж үзэж болохгүй. Гэрч Д.М-ийн мэдүүлгийг прокурор эсэргүүцэлдээ дурдсан байна. “ТШ” ХХК нь өөр хуулийн этгээд, өөр гүйцэтгэх захиралтай. Улсын бүртгэлийн гэрчилгээ огт авагдаагүй байхад Д.М-гэх хүнийг гэрчээр асуусан. “ТШ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж Д.М-ийг үзэж байна. Гэрч Д.М-өөрийн мэдэхгүй гэрээнийхээ тухай ярьж У.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. М.Э- өөрөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. У.Б- гэдэг хүнтэй нотариатын газар очиж гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн. Гэтэл У.Б- нотариатын газар байгаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар талд “АА” ХХК-ийн арматур нийлүүлсэн баримтуудыг хавсаргасан байна. Цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн реформ нийлүүлсэн баримтуудыг оруулахаар “АА” ХХК хамааралгүй байна. 19-31 дүгээр талд авагдсан баримтууд бүгд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш гарсан. Үүнийг шалгах шаардлагатай байна. Б.Л- нь хүний мөнгийг авчхаад байхад яагаад компани нь буруугүй байдаг юм. Шинжээчийн дүгнэлтээр тогтоолгомоор байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ. гэж заасан. Энэ нь мөрдөгчөөс хэрэгт бүртгэлт нээсэн тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг гэж ойлгож байна. Гэтэл 4 үйлдэлд холбогдолтой эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал хэрэгт байдаггүй. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэхдээ мөн хуулийн 30.15 дугаар зүйлд заасан мөрдөгчийн саналыг авалгүйгээр үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхүүдийг зөрчсөн. Прокуророос татгалзсан гэж тайлбар хэлдэг. Бид татгалзаагүй. Хэргээ нэмж нэгтгүүлж байгаад нэг мөр мэдүүлэг өгье гэж үзсэн. Түүнчлэн Б.Л-тэй холбоотой асуудал дээр тооцоо нийлсэн баримтуудыг гаргаж өгөх асуудал байгаа. Гэтэл прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөх боломжгүй болсон. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Б.Мөнхгэрэл нарын гаргасан саналыг дэмжиж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил болно. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй. Хохирогч хэн болох нь эргэлзээтэй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос У.Б-ыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 5 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 5 иргэнд нийт 379.250.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний үр дүнд “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр гэрээ эсхүл ажиллагаа байсан эсэхийг нягтлах, гэрээ хаана доголдсон, санхүүгийн ямар бичиг баримт, актаар тооцоо нийлсэн талаар тогтоох, гэрч Б.Л-гээс гаргаж өгсөн “Бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ, түүнтэй холбоотой баримт бичгийг үндэслэн аудитын болон шүүх шинжилгээний нягтлан бодох шинжээчийн дүгнэлт гаргуулах, Б.Л-болон нотариатч Д.А-ын үйлдэл холбогдол байгаа эсэх, холбогдох хууль тогтоомж /Нотариатын тухай хууль/ зөрчигдсөн эсэхийг шалгах шаардлагатай. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед, холбогдсон зарим хэрэг бүртгэлтийн хэргүүдэд мөрдөгчийн саналгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол үйлдсэн, яллагдагчаас өөрт холбогдох хэргүүдээ нэгтгүүлсний эцэст мэдүүлэг өгөхөө илэрхийлсээр байтал дахин мэдүүлэг аваагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч, прокурор, шүүхээс эрүүгийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг үнэн, зөв шийдвэрлэх зорилгоор тэдний үйл ажиллагааны тодорхой хэлбэрийг баталгаажуулж өгсөн байдаг.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор үндэслэл бүхий дараахь шийдвэр гаргана:”-ийн 2.2 дахь заалтад “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх” гэж,

            - 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэж тус тус заажээ.

            Хэргийн материалыг судлахад, У.Б-ыг хохирогч Л.Х-, Т.Э-, С.Г-, М.Э- нарыг залилсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорт ирүүлснийг хүлээн авч хянаад...” гэж, зарим эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолуудад “...эрүүгийн хэргийг нэгтгэх санал гарган хэргийг прокурорт ирүүлснийг хүлээн авч хянаад...” гэж тусгасан байх боловч хавтаст хэрэгт энэ талаарх мөрдөгчийн саналууд авагдаагүйгээс мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд тавигдах хуулийн дээрх шаардлага хангагдсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

            2. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нь гэмт хэрэг үйлдсэн талаарх баримтат нотолгоог үндэслэн ял оногдуулах үндэслэлийг томьёолж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат билээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр У.Б-ыг хохирогч М.Э-г залилсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авахад тэрээр “...хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрт холбоотой хэргүүдээ нэгтгүүлэн мэдүүлэг өгөх болно...” гэдгээ илэрхийлсээр байхад түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа дахин мэдүүлэг аваагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг хуульчилсан бөгөөд үүнд яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг хамааруулжээ.

            Хэдийгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг У.Б-д танилцуулсан байх боловч түүнээс дахин мэдүүлэг аваагүй нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх болон түүнтэй холбогдсон бусад эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна.

            3. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүнтэй холбогдсон бусад асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтээгүүр, прокурор 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 499 дугаартай яллах дүгнэлтийг үйлдснээс хойш 7 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 139 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин хоёрдугаар бүлэгт заасан “Мөрдөн байцаалтыг дуусгах” ажиллагааны үе шат, цаг хугацаанд нийцээгүй болохыг буруутган тэмдэглэж байна.   

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх У.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх явцад талуудын гаргасан хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлосон атлаа тухайн өдрөө яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-ны журамд нийцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/586 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН