| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0140/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/149 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/149
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Н.Нармандах,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т нар овгийн С-ийн А-д холбогдох 2528001720123 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан гэр хорооллын ... тоотод Г.Д-ын эрх чөлөөнд нь халдаж биед тархи доргилт, дух, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 08-09 цагийн хооронд намайг гэртээ ганцаараа байх үед хамтран амьдрагч А нь гэрт ирээд агсам тавиад байхаар нь би эмээтэй хамт хашааны гадна зогсож байх үед хүрч ирээд хашаа руу шахаж зогсож байгаад миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод шууд үсдэж аваад татаж унагаагаад гэр хүртэл чирсэн. Тэгээд гэр рүү түлхэж оруулчихаад өөрөө хашаанаас гараад явсан, тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨМГ0725/162 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Д-ын биед тархи доргилт, дух, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Д-ын биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 53 дахь тал)
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/ (хавтаст хэргийн 54 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 64, 65 дахь тал)
Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 35 дугаартай санал (хавтаст хэргийн 69-70 дахь тал)
Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 35 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 67-68 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй. Прокурорын газар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэл гаргасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаан явагдаж байна. С.А-ийн хувьд бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг байгаа. Эхнэр нь хүнд өвчний улмаас нас барсан. Үүний дараа Д гэдэг хүнтэй танилцаад үерхээд сар гаруй болж байх хугацаандаа энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгааны хувьд Д согтууруулах ундаа нэлээн хэрэглэдгээс гадна С.А-өөс Д болон түүний аав нь мөнгө авчхаад өгөхгүй байсан байдлаас болж маргаан үүсэж энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байдаг... гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч С.А нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан гэр хорооллын ... тоотод Г.Д-ын эрх чөлөөнд нь халдаж биед тархи доргилт, дух, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨМГ0725/162 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дын биед тархи доргилт, дух, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуя, шилбэнд цус хуралт, хүзүү, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨМГ0725/162 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч С.А, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д-ын биед хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” (хавтаст хэргийн 16-17 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч С.А-ийн хувьд авто засварын ажил эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл өмчлөх эзэмших эрхийн лавлагаанаас харагдана. Өөрийн нэр дээр хүмүүсээс хуучин тээврийн хэрэгсэл аваад түүнийгээ засварлаад эргээд худалдан борлуулж ашиг орлого олж амьдралын эх үүсвэрээ болгодог. Улсын яллагчийн зүгээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын санал гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, улсын яллагчийн санал болгосон ялыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д-д 200,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т нар овгийн С-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дд 200,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ