Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 109

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                        А.Ариунзаяа

 Хохирогч                                         Я.Балжинням

Нарийн бичгийн дарга                    Б.Болормаа нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Сүхбатын Жанчивдоржид холбогдох 1731000330011 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч нарын хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, Бор гүвээ 1-р хэсэг 113б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан саруул үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, Тайж овогт Сүхбатын Жанчивдорж,  Регистрийн дугаар:ИЖ94092218          

 

     Шүүгдэгч С.Жанчивдорж нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хэв журмыг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан Я.Балжиннямыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч С.Жанчивдоржийн  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 сарын 27-ны өдөр 11 цагийн үед өөрийн хоёр найз болох Ганхуяг, Сүхбаатар нарын хамт Орхон гол дээр очоод “Соёмбо” нэртэй 0.75 граммын архи 3-лаа хувааж уусан. Тэгээд манай хоёр найз “Улаанбаатар хот руу явна” гээд надаас салаад явсан. Тэгэхээр нь гэртээ очоод хүргэн ах Энхболд, эгч Элбэгжаргал хүүхэд нарынх нь хамт наадмын талбайн хажуу талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр Дриптийн тэмцээн дээр очоод үзээд зогсож байхад хажууд зогсож байсан танихгүй залууг “жоохон холдчих, харагдахгүй байна” гэсэн чинь тэр залуу намайг түлхэхээр нь би тэр залуутай хэрүүл маргаан үүсгээд зогсож байхад цагдаа нар хүрээд ирсэн. Яг хэдэн цагдаа ирснийг би хэлж мэдэхгүй. Тухайн үед би нилээн согтолттой байсан болохоор сайн санахгүй байна ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

2.Шүүгдэгч С.Жанчивдоржийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 07 сарын 27-ны өдөр 11 цагийн үед өөрийн хоёр найз болох Ганхуяг, Сүхбаатар нарын хамт Орхон гол дээр очоод Соёмбо нэртэй 0.75 граммын архи 3-лаа хувааж уусан. Тэгээд манай хоёр найз “Улаанбаатар хот руу явна” гээд надаас салаад явсан. Тэгэхээр нь гэртээ очоод хүргэн ах Энхболд, эгч Элбэгжаргал хүүхэд нарынх нь хамт наадмын талбайн хажуу талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр Дриптийн тэмцээн дээр очоод үзээд зогсож байхад хажууд зогсож байсан танихгүй залууг “жоохон холдчих харагдахгүй байна” гэсэн чинь тэр залуу намайг түлхэхээр нь би тэр залуутай хэрүүл маргаан үүсгээд зогсож байхад цагдаа нар хүрээд ирсэн. Яг хэдэн цагдаа ирснийг би хэлж мэдэхгүй. Тухайн үед би нилээн согтолттой байсан болохоор сайн санахгүй байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,

3. Шүүгдэгч С.Жанчивдоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Прокурорын газраас санал болгож байгаа 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх бол эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,

 4. Хохирогч Я.Балжиннямын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2017 оны 07 сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Сүхбаатар сумын 5-р багт байрлах Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд авто машин шарвалтын Дриптийн тэмцээний хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байх үед үл таних согтуу залуу /сүүлд С.Жанчивдорж гэдгийг мэдсэн/ миний ард хамгаалалтын олсны ард зогсож байснаа хажуудаа зогсож байсан залууг дээрэлхээд “чи цаашаа хол очиж зогс, наана чинь эгчийгээ зогсоомоор байна, чи зайлаач халтар бацаан минь” гээд нөгөө залууг хэл үгээр доромжлоод хамрыг нь сөргөөгөөд олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгээд хоорондоо зодолдох шинжтэй болоод байхаар нь би очоод нөгөө хоёр залуугийн голоор ороод Жанчивдорж гэх залууг цааш нь түлхээд цуг байсан эгч ах нарт нь “наад хүнээ аваач” гэж хэлээд нөгөө залууг салгаад түлхээд 2,3 алхаж холдох үед нөгөө Жанчивдорж гэх залуу миний араас ирээд миний баруун нүд рүү ашиглөхөөр нь би эргэж хараад Жанчивдоржийн өмднөөс нь зуурсан. Жанчивдорж намайг “чам шиг ийм хачин цагдаа багадна шүү, би чамайг цохино шүү“ гээд над руу баруун гараа далайгаад байсан. Тэр хооронд хошууч Мөнх-Эрдэнэ хүрч ирээд надаас гав аваад Жанчивдоржийн баруун гарт нь гавны нэг талыг нь хийгээд хүмүүсээс холдуулах гэсэн чинь Жанчивдорж орилж, хашгираад “би явахгүй“ гээд эсэргүүцэл үзүүлээд байж байхад цаанаас хошууч Оргилболд, ахлах дэслэгч Анхбаяр нар ирээд саатуулах байр руу авч явах гэсэн чинь Жанчивдорж эсэргүүцээд газраас чулуу атгаж газар суучихсан байхаар нь Жанчивдоржийн 2 гарыг ард нь гавлах гэсэн боловч гавлуулахгүй гээд эсэргүүцээд ноцолдох үед Жанчивдоржтой цуг явж байсан эгч нь гэх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, ах нь гэх согтуу эрэгтэй хоёр  ахлах дэслэгч Анхбаяр, хошууч Оргилболд нарт саад учруулж ноцолдоод байсан. Тэгэхээр нь бид нар Жанчивдоржийг хүчээр машинд суулгаж гарнаас нь гавыг нь авч саатуулсан.....гэх мэдүүлэг, / хх-ийн 16-17-р ху/,           

5. Шүүгдэгч Я.Балжиннямын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгчид Прокурорын газраас санал болгож байгаа 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх бол эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

6.Гэрч У.Анхбаярын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 07 сарын 27-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар сумын 5-р багт байрлах Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд авто машин шарвалтын Дриптийн тэмцээн үзээд зогсож байх үед миний ард зогсож байсан үл таних согтуу залуу миний араас татаад “би наана чинь зогсож үзэж байсан юм” гэхээр нь “хажууд зогсоод үзчих” гэсэн чинь тэр залуу намайг татаж чангаагаад “бацаан минь чи зайл” гэхээр нь “би ажлаасаа буугаад явж байна, миний халтар чамд хамаагүй “ гээд би тэр согтуу залуутай хэрүүл маргаан үүсгээд зогсож байхад хошууч цолтой нэг цагдаа ирээд “та хоёр олон нийтийн газар битгий хэрүүл маргаан үүсгээд бай” гэж хэлээд нөгөө залууг надаас холдуулаад “ахын дүү хэрүүл маргаан үүсгээд яах вэ ингээд явчих” гэж хэлээд зогсож байхад надтай хэрүүл маргаан үүсгээд байсан залуу  миний хажууд зогсож байсан хошууч ахын нүүрэн тус газар нь өшиглөчихсөн. Тэр үед цагдаа нар ирээд нөгөө залууг гавлаад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р ху/

7. Гэрч С.Элбэгжаргалын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Миний төрсөн дүү Жанчивдорж найз нөхөд гэр бүлийнхнийхээ дунд нэр хүндтэй тусархуу ямар нэгэн муу заршилгүй сайн залуу юм. Надтай цуг байхдаа архи уугаад элдэв  муу зан гаргаж эцэг эхийнхээ нэрийг муугаар гаргаад байдаггүй  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

8. Гэрч Н.Мөнх-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 07 сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Сүхбаатар сумын 5-р багт байрлах Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд авто машин шарвалтын Дриптийн тэмцээний хамгаалалтанд үүрэг гүйцэтгэгч албан хаагч нарт хяналт тавиад явж байх үед хэсгийн байцаагч цагдаагийн хошууч Я.Балжиннямын хариуцсан хэсгийн орчим хоёр залуу маргалдаж байхад хошууч Я.Балжинням очоод хууль ёсны шаардлага тавьж нөгөө хоёр залуугийн нэгийг явуулах гээд уулзаад зогсож байхад нөгөө залуу нь хошууч Я.Балжиннямын ар талд зогсож байгаад баруун хөлөөрөө хошууч Я.Балжиннямын баруун нүдэн тус газар  өшиглөхөөр нь би гүйж очоод өшиглөсөн залуугийн өмднөөс бариад станцаар төв рүү дуудлага өгч байхад нөгөө залуу хошууч Балжиннямыг “чи ихдээ л ахлагч биз дээ, миний ах хошууч байдаг, чамайг ална шүү” гээд заамдаж авсан. Энэ үед хэсгийн байцаагч хошууч Д.Оргилболд, ахлах дэслэгч Анхбаяр нар ирэхээр нь би Жанчивдоржийн зүүн гарыг гавласан чинь нөгөө залуугийн ах согтуу залуу, эгч нь гэх хүүхэд тэвэрсэн эмэгтэй нар ирээд “дүүгээ аваад явна” гээд бидэнтэй ноцолдоход нөгөө залуу улам орилж хашгираад эсэргүүцээд байхаар нь би түүний толгойг нь уургалж бариад доош дараад хошууч Д.Оргилболд баруун гарыг нь ард нь гаргаж 2 гарыг нь бугуйгаар нь гавлаад байж байхад хүмүүс ирээд “та нар болил доо наад залуугаа эхнэрт нь өгөөд явуулаач” гээд асуудлыг буруугаар ойлгож байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

9. Гэрч Д.Оргилболдын 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 07 сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Сүхбаатар сумын 5-р багт байрлах Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд авто машин шарвалтын Дриптийн тэмцээн дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед хүмүүс “цагдааг согтуу хүн зодоод байна” гэхээр нь хэсгийн байцаагч ахлагч дэслэгч Анхбаярын хамт морины хөшөөний хажууд очиход хошууч Я.Балжинням, Д.Мөнх-Эрдэнэ нар байхаар нь юу болсон талаар асуухад “намайг энэ согтуу залуу нүүр рүү өшиглөчихлөө” гэхээр нь хошууч Балжинням, Мөнх-Эрдэнэ бид 3 нөгөө согтуу залууг гавлах гэсэн чинь нөгөө залуу эсэргүүцэж “та нар юу юм бэ, манай ах цагдаагийн хошууч” гэж хэл үгээр доромжлоод байхаар нь нөгөө залууг гавлах гээд дийлэхгүй ноцолдож байгаад газар унасан. Тэгээд байж байхад шуурхай удирдлагын төвөөс жижүүрийн машин ирээд аваад явсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/,

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  № 272 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 

  1. Я.Балжиннямын биед зовхи, хамарт зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 30-р ху/,

  11.Шүүгдэгч С.Жанчивдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 52-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 36-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 38-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 39-40-р ху/, хохирогчийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, /хх 31-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 33–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 32–р ху/, Сэлэнгэ аймгийн 5-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50-р ху/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51-р ху/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /хх-ийн 48-49-р ху/, шүүгдэгчийг эрүүлжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 46-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 41-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-р ху/, хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-р ху/, зэрэг болно.

                 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Жанчивдоржийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хэв журмыг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан Я.Балжиннямыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн 23.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул гэсэн үндэслэлээр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч С.Жанчивдорж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт Сүхбатын Жанчивдоржийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Сүхбатын Жанчивдоржийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жанчивдоржид оногдуулсан 06 /зургаан/  сарын  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч  С.Жанчивдоржид оногдуулсан 06 /зургаан/  сарын хорих ялыг 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Жанчивдоржид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Шүүгдэгч  С.Жанчивдорж нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч  С.Жанчивдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН