Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/532

 

Х.А-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Х.А-,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/339 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908036370045 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Х.А-, 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдэх 2 жил 5 хоногийг биечлэн эдэлж байгаад 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан,

            - Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа 2018 оны 10 дугаар сард биелүүлсэн,

             Х.А- нь 2019 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-гийн толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “дух яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины цус хуралт, няцрал, тархины хаван, дух, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” караокед Д.А-ийн “Samsung S8 plus” загварын гар утас, эрэгтэй хос мөнгөн ээмэг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдгээр ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жилээр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хасаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухаарч байгаа. Хохирогч Б.Н-д эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг, хохирогч Д.А-эд учруулсан 370.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Дахин төлөх төлбөргүй. Миний бие эхийн хамт хоёулхнаа амьдардаг. Эх маань эрүүл мэндийн байдал тааруу, асаргаа хэрэгтэй байгаа. Надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Х.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдгээр ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жилээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Х.А- нь 2019 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй баарны ойролцоо Б.Н-гийн толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “дух яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины цус хуралт, няцрал, тархины хаван, дух, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” караокед Д.А-ийн “Samsung S8 plus” загварын гар утас, эрэгтэй хос мөнгөн ээмэг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

             1. Хохирогч Б.Н- нь “...2019 оны 7 дугаар сарын 8-ны орой 19 цагийн үед эхнэрээ хайгаад Баянхошууны тойргоор явж байгаад олдохгүй байхаар нь “888” нэртэй бааранд орж 2 пиво захиалж уусан. 23 цаг өнгөрч байхад гараад явж байтал гэнэт миний толгой руу нэг хүн цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдсан. Намайг цохисон залуу тухайн үед шар юм уу гэмээр футболктой, жинсэн өмдтэй байх шиг байсан. ... А- гэх хүн миний толгой руу чулуугаар цохиж гэмтээсэн, эмчилгээний зардал гэж бэлнээр 600.000 төгрөг өгсөн. Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 24, 25-26/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн гадна төрх байдлын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - шүүгдэгч Х.А-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зүс таних Жавхлантөгс “шинэ автомашин авсан” гээд манай гэрт ирсэн. Бид хоёр манай гэрт пиво ууж байгаад “888” нэртэй бааранд орж пиво уусан. Би 00-ын өрөө орох гээд явж байтал хүмүүс маргалдаад байхаар нь “больцгоо” гэж салгаад, Жавхлантөгстэй хамт гадаа зогсож байсан чинь тэнд маргалдаж байсан залуу хажууд талын баарнаас гараад ирсэн. Тэгээд хэл амаар өдөөд хэрүүл хийгээд байсан. Би уур хүрээд газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь цохисон чинь нөгөө залуу унаад өгсөн. ... дээрх гэмтлийг би учруулсан, өөрийн буруугаа ухамсарлаж байна. Хохирогчид 600.000 төгрөг өгсөн. ...” /1хх 96-100/ гэсэн мэдүүлэг,

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8752 дугаартай дүгнэлт /1хх 34/,                     

            - гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан “888” нэртэй баарны гадна талын хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн “...00 цаг 23 минутын бичлэгт үзлэг хийхэд ... шар өнгийн футболктой залуу газраас нэг зүйл барин авч өөдөөс нь хараад зогсож байсан залуугийн толгойн тус газар цохиж авч, нөгөө хар бараан өнгийн хувцастай гэх залуу газар унаж байв... ” /1хх 46/ гэсэн тэмдэглэл зэргээр,

            2. Хохирогч Д.А- нь “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Гарьд” нэртэй караокед шөнийн 00 цагийн үед ороод барменаас “танайх ажиллаж байгаа юм уу” гэхэд хажууд байсан хоёр залуугийн нэг нь буюу хар өнгийн куртиктэй, хромон гуталтай, давхраатай нүдтэй, өндөр залуу над руу “чамайг харахад яаж байх шиг байна” гэсэн. Би зөрөөд коридор хэсэг рүү гарахад миний араас нөгөө өндөр залуу ирээд намайг цохиж аваад, нүүр хэсэг рүү өвдөглөөд мөрөн дээрээс гараараа татаж газар унагаагаад “чи намайг таних уу, биедээ байгаа юмнуудаа гаргаад ир” гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй, байсан мөнгөөрөө сая пиво авчихсан” гэхэд намайг газар суулгаж байгаад цээж хэсэг рүү өшиглөөд, хэсэг манарсан байхад өмд болон куртикны халаасыг ухаад “Samsung S8 plus загварын гар утас, чихэнд зүүсэн байсан мөнгө ээмэг зэргийг авч өөрийнхөө халаасанд хийгээд цээж рүү гараараа цохиод “одоо чи 3 тоолоход алга бол, зайлаарай чи” гэсэн. Би гараад цагдаагийн хэлтэст ирж дээрэмдүүлсэн талаараа мэдэгдсэн. Цагдаа дагуулаад очиход нөгөө залуу явчихсан байсан. ... хохиролд 370.000 төгрөг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 136-138, 141-143/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдийн гадна төрх байдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлогийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - гэрч Ө.Ц-ийн “...тухайн караоке хаах гэж байхад гаднаас дунд зэргийн нуруутай, өөртөө таарсан махлаг гэмээр залуу орж ирээд “танайх ажиллаж байгаа юм уу” гэхээр нь “одоо хаах гэж байна” гэхэд 1 шил пиво аваад байж байтал караокед үйлчлүүлж байсан хоёр залуугийн нэг ирээд тухайн залууд “чамайг харахад яаж байгаа юм шиг байна” гээд хэрүүл өдөөд байсан. Орж ирсэн залуу коридорт гарч байхад өндөр, хар өнгийн куртиктэй, хромон гуталтай, давхраатай нүдтэй залуу араас нь дагаад гарсан. Коридорт орж ирсэн залууг барьж аваад өшиглөөд газар унагаагаад, куртикийг нь тайлаад дахиад 1-2 удаа гараараа цохиод “чи одоо зайл” гээд байсан. Би “цагдаа дуудлаа шүү” гэхэд нөгөө хүн зодсон залуу гараад явсан. ...” /1хх 156-158/,

            - шүүгдэгч Х.А-ын яллагдагчаар өгсөн “... “Гарьд” караокед орсон чинь зүс таних Боогий гэх залуу сууж байсан. Би Боогийтой 1 шил архи хувааж ууж байхад гаднаас нэг согтуу залуу орж ирснээ караокены эгчтэй маргалдаад байсан. Би очоод “эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлээд караокеноос гаргаад нүүр болон цээж рүү нь цохиж авсан. Би тухайн залуугийн куртикны халааснаас гар утсыг нь авсан. ... тухайн үед А- миний гар утсыг авчихлаа гэж бодоод куртикны халааснаас нь гар утсыг нь авсан. Тэгсэн чинь караокены ширээн дээр миний гар утас байсан. Би гар утсыг нь өгөөгүй аваад явсан. Өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” /1хх 207-209/ гэсэн мэдүүлгүүд,

            - хохирогчийн оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдийг гадна төрх байдлаар нь Х.А- мөн болохыг таньж, түүний гэрэл зургийг зааж өгч байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 166-171/

            - алдагдсан эд хөрөнгийн “...“Samsung S8 plus” загварын гар утас 350.000 төгрөг, мөнгөн материалтай хос ээмэг 20.000 төгрөг, нийт дүн 370.000 төгрөг...” гэх үнэлгээ /1хх 161-162/ зэргээр тус тус давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Х.А- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байх боловч тэрээр байнга архидан согтуурдаг, урьд согтуурсан үедээ нийгмийн аюулгүй байдал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, засрал хүмүүжил олоогүй, согтуурсан үедээ дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд заасан хорих ялын хэмжээний дотор хүнд биш буюу 3 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад тусгахдаа “...ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.” гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй үг хэллэгээр бичсэн, түүнчлэн шүүгдэгч гэж шүүхэд шилжсэн, энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу захирамж гарсан яллагдагчийг хэлдэг атал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...яллагдагч Х.А-...” хэмээн тусгасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй болохыг дурдаж байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А-ын “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Х.А-ын 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 138 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/339 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ын 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 138 /нэг зуун гучин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН