| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0194/э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
2025 оны 05 сарын 27-ны өдөр Дугаар 2025/ШЦТ/92 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Д.Гарьдаа нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,65 хувийн согтолттой, улсын бүртгэлийн дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* сумын төвөөр эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж явж байхад 20 цагийн үед *******гийн салсан эхнэр ******* залгаад Гарьдаа согтуу машинтай ирчхээд хэрүүл өдөөд байна гэж дуудлага ирсэн. Тэгээд тоотод очиход Гарьдаагийн салсан эхнэр ******* гэгч цагдаа дуудсан чинь машинтайгаа зугтаачихлаа Тоёота витз маркийн машинтайгаа зүүн тийшээ явчихлаа гэсэн. ******* нь тоёота витз маркийн цагаан өнгийн машинтайгаа Дэнжийн 4-р гудамжны 9 тоотод байх *******ийн хашаа руу орохоор нь би араас нь дагаад ортол Гарьдаа нэлээн согтуу машинаасаа буугаад ирчихсэн. /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/
Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/
2025 оны 04 сарын 21-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/
******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/473 дугаартай “Ялтан ******* нь өнөөдрийн байдлаар торгох ялын 3,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 32-36 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” гэжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/
Жолоочийн лавлагаанд “*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан” гэжээ. /хавтаст хэргийн 20 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Гарьдаа нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,65 хувийн согтолттой, улсын бүртгэл, дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд *******г драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.65 хувийн согтууралтай байсан /хавтаст хэргийн 08 дахь тал/ гэх тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9 дэх тал/, Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд: “...Яллах дүгнэлтэд тусгагдсан баримтууд, яллах гаргаж ирж байгаа нотлох баримтууд, шүүх хуралдаан дээр эш татаж шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгчийг эрх нь хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нөхцөл байдал яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа зүйл байхгүй гэх дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан” /хавтаст хэргийн 20 дахь тал/ гэх лавлагаа, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 32-36 дахь тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн согтолтын зэрэг 3.65 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын тухайд 32 настай, ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Баян хорооллын 6-606 тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” /хавтаст хэргийн 28 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 32-36 дахь тал/-ын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч *******гийн хувийн байдал болох ам бүл 1, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршиг учраагүй зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******д урьд оногдуулсан ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолгох саналтай байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгээд 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх. Мөн 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх ялын саналыг оруулж байна гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хавтаст хэрэгт авагдсан ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол болон өнөөдрийн шүүх хуралдаан эцэслэгдэж байгаа баримтуудаас үзэхэд 3,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацаа нь дуусаагүй байгаа. Тийм учраас прокурорын зүгээс 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тусад эдлүүлэх санал гаргасныг дэмжиж байна. 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь 2 сар орчим хугацаа болдог. Миний үйлчлүүлэгч урьд өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан. Сүүлийн хэдэн сар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөртөө буруу дүгнэлт хийж алдаа гаргасны улмаас архи согтууруулах ундаа сүүлийн үед хэрэглэсэн асуудлууд гарсан байгаа. Үүнийгээ засах, цаашид ажил хөдөлмөр эрхлээд нийгмийн хэв журам, хууль зөрчихгүйгээр амьдрах дүгнэлт хийгээд байгаа. Тийм учраас нийтэд тустай ажил хийлгэх хугацаанаас 50 цагийг хасаж 300 цагаар хугацааг тогтоож өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ******* урьд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 32-36 дахь тал/-оор тогтоогдож байх бөгөөд шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн ба уг хугацаа дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******д ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Гарьдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ