Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр                       Дугаар 2025/ШЦТ/95                                   Даланзадгад сум

                                                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,   

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000102 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

       

                                 

   Холбогдсон гэмт хэргийн талаар:      

   Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны шөнө Өмнөговь аймгийн ******* сумын Өтгөн 1 дүгээр багийн нутагт иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

           Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 05 дугаар сарын 02-ны өдөр эрчимд уурын зуухны машинист ажилтай байсан. Хүлээн авалтад орчхоод ирэхэд ******* ах байсан. Бид 2 муудаад би ******* ахыг цохисон. Эхлээд ******* ах намайг 2-3 цохисон. Би эргүүлээд цохиход хамарт нь гэмтэл учирч хөнгөн гэмтэл гарсан гэв.     

 

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед хүргэн ах ******* гэрт очин хашаанд нь яваад ортол нь байшингийн гадна 1 лаазтай пиво уучихсан сууж байхаар нь явж очоод дүүгээр юу байна гэтэл юу байдаг юм, яасан ч яадаг юм гэхээр нь дүү яасан том болоо вэ? гэж хэлтэл юу гэнээ яасан ч яадаг юм гэж хэлээд байшин руугаа гүйгээд орчихоор нь араас нь шууд байшингийн үүдээр яваад ортол миний хамар хэсэгт гараараа угтуулаад нэг удаа цохитол, хамраас шууд цус гараад эхэлсэн. Би байшингаас гараад өөрийн мотоцикл дээр очин асаагаад шууд сумын эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн, тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зүйл байхгүй. Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн... Тухайн үед бид хоёр байсан. Бид хоёрын ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Зөвхөн бид хоёр л байсан. Намайг үүдний тамбар хэсэгт нь хаалгаар яваад орох үед урдаас шууд гараараа угтуулаад нэг удаа цохичихсон. Намайг цохих болон бид хоёрыг маргалдаж байх үед бидний ойролцоо ямар нэгэн хүн байгаагүй. нь миний биед юунаас болж халдсаныг би мэдэхгүй байна, араас нь яваад ортол гараараа угтуулаад нэг удаа цохиод авсан, өөр зүйл болоогүй. Би *******ой маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би тухайн үед байсан гэх хүмүүсийн хэнтэй ч маргалдаж муудсан зүйл байхгүй... Өмнөговь аймгийн ******* сумын төвд нь миний хамар хэсэгт нэг удаа цохиж намайг гэмтээсэн. Өөр миний биед гэмтсэн зүйл байхгүй. Надад сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 15-17, 20-21 дэх тал)         

                Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 02-ны шөнө /хэдэн цаг гэдгийг санахгүй байна/ хашааны гадаа хоёр пиво халаасандаа хийчихсэн тамхи татаад зогсож байтал *******зориг ах ирээд /бид хоёр хоорондоо муудалцаад/ тэгтэл намайг хоёр цохиод авсан. Тэгэхээр нь би урдаас нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй байшин /өөрийн гэр/ руугаа яваад ортол үүдний тамбор руу ороод ирэхээр нь урдаас нь угтуулаад хамар хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэгээд *******зориг ах байшингаас гараад явчихсан.” (хавтаст хэргийн 38-40 дэх тал)

                Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ӨМГ0725/168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.*******зоригийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Э.*******зоригийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 27-28 дахь тал)  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал)   

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал)

 

Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 21 дугаартай санал (хавтаст хэргийн 100-101 дэх тал)

 

Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 21 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 98-99 дэх тал).

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны шөнө Өмнөговь аймгийн ******* сумын Өтгөн 1 дүгээр багийн нутагт иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зоригийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17, 20-21 дэх тал), Өнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ӨМГ0725/168 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                          

              

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зоргийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ӨМГ0725/168 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)-ээр тогтоогдож байна.       

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.    

        

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зоригийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

            

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зоригийн зүгээс “...Надад учирсан сэтгэл санааны болон бие махбодийн хохирол болох 400,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж надад учирсан хохирол байхгүй тул цаашид цагдаагийн байгууллагт шалгуулах шаардлагагүй...” (хавтаст хэргийн 79 дэх тал) гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

  

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.        

   

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

  

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.       

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.     

 

Шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зоригт 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.   

    

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.  

    

4. Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******зоригт 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

   

                                                        

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ