Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/533

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б-д холбогдох эрүүгийн 2002000000242 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Э.Б-, 1991 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн,

             Э.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хорооллын гаднах автомашины зогсоолд байрлуулсан байсан *** улсын дугаартай, “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгсэл дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 1.2816 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 51.2696 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн хувьд маргаагүй, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлд орлого олдог ганц хүн нь би. Учир нь миний эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар орлого олох чадваргүй. Хөл хорио тогтоосон энэ цаг үед миний бие хоригдсоноор ар гэрт маань эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймээс ар гэр, хувийн байдлыг маань харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсье. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Э.Б- нь өөрийн үйлдлийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед илэрхийлдэг. Түүний холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ авах буюу тэнсэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл нь хорихоос гадна, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай. Шүүгдэгч Э.Б-гийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харвал түүнийг заавал нийгмээс тусгаарлан хорих шаардлагагүй хүн билээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тодорхой хугацаагаар тэнсэх, эсхүл 1 жилийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих /оршин суух газраасаа ажил хүртэл/ үүргийг хүлээлгэсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд уг заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс хорих ялын санал гаргасан. Шүүгдэгч Э.Б- нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хоёр төрлийн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис илэрсэн хэрэгт холбогдсон. “Мөс” болон “Өвс” гэх нэршилтэй хоёр хориглосон мансууруулах төрлийн бодис байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хоёр төрлийн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр хорих ял оногдуулсан. Ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Э.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хорооллын гаднах автомашины зогсоолд байрлуулсан байсан *** улсын дугаартай, “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгсэл дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 1.2816 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 51.2696 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “...Цэлмэг хотхон дээр ирээд тэр эмэгтэйтэй уулзтал надад жижигхэн саарал өнгийн богино өмдний халаасанд түгжээтэй гялгар ууттай мөс байсан. ... тэгтэл Төвшөө над руу залгаад “наана чинь гоё юм байгаа шүү” гэхээр нь юу болох талаар асуутал “богино өмдний халаасыг шалгаад үзээрэй, мөс байгаа” гэж хэлсэн. Би тэр мөсийг аваад өөрийн унаж явсан *** улсын дугаартай, “Приус 30” загварын автомашиндаа хийгээд хэрэглэсэн. ... хоёр тусдаа ууттай цагаан өнгийн нунтаг бодисыг Төвшөө гэж хүн хувцасны хамтаар илгээсэн. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр орчим Хөвсгөл далайн эрэгт амрахаар очих үед Франц улсын гурван иргэнтэй тааралдаад хамт архи уусан. Тэр Франц улсын гурван иргэн надад өвс гаргаж өгсөн. Би тухайн үед согтуу байсан. Бид нар хамтдаа бидний автомашинд сууж байгаад каннабис зэрлэг байгальд ургаж байгаа талаар тэр хүмүүс гайхаад ярьсан. ...” /1хх 47/ гэж тухайн мансууруулах бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - Э.Б-гийн жолоодон явсан *** улсын дугаартай, “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсний үр дүнд метамфетамины агууламжтай бодис илэрснийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-10, 22/,

            - дээрх бодис болон Э.Б-гийн биеэс авсан биологийн дээжид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4432 дугаартай болон 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4433 дугаартай дүгнэлтүүд /1хх 26-27, 31-34/,

            - Э.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 829 дугаартай дүгнэлт /1хх 40-41/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд 1 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

            Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” эсхүл тухайн зүйл, хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлуудыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгон харгалзан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу метамфетамины агууламжтай “мөс” гэх, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хоёр төрлийн бодис илэрсэн байдал, тэдгээрийн хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзсэн байх боловч шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсгүүдэд холбогдсон хэргийн товч агуулга, үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тусгахдаа “...дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт нийт 51.2696 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйлдлийг орхигдуулж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх магадлалдаа нөхөн зөвтгөсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хэмжээ, хязгаарыг зөрчөөгүй болохыг дурдав.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 13-наас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 15 хоног, 2021 оны 3 дугаар сарын 3-наас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 85 хоног, нийт 100 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3ы өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн 2020 оны 8 дугаар сарын 13-наас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 15 /арван тав/ хоног, 2021 оны 3 дугаар сарын 3-наас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 85 /наян тав/ хоног, нийт 100 /нэг зуу/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН