Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

 

 

 

 

 

 2021         06            02                                         2021/ДШМ/24

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                       Б.Сод холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэрэнпагма нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолтой Б.Сод холбогдох 2138000000075 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Бын С, 19… оны …. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч Б.С нь түлээ бэлтгэх зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр даваа” гэх газраас 7,3 куб.метр хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 1,231,181 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Х-д овогт Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Сод оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сын хууль бусаар бэлтгэсэн 7,3 куб.метр хэмжээтэй, 1,231,181 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг модыг 1,231,181 /нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун наян нэг/ төгрөгийн хохиролд тооцож Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соос 2,462,362 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух Хөхнүүд овогт Ринаагийн Пүрэвдорж    (РК74081315)-д буцаан олгохыг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: ... Цагдаагийн газрын мөрдөгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа дараах асуудлыг нягтлан шалгаж тогтоогоогүй байна.

1. Б.Сын мод бэлтгэсэн гэх газар нь түүний эцэг Ш.Бын “Улиастайн эв санаа” нөхөрлөлийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангитай гэрээ байгуулан хамгаалан эзэмшиж байгаа 5 га талбай бүхий ойн сангийн газарт хамаарч байна. Уг газрыг Б. Сын эцэг Ш.Б нь гэрээгээр эзэмшихээр Тосонцэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийн дагуу ойн нөхөрлөл байгуулж, сумын Засаг даргаас мод бэлтгэх эрхийн гэрчилгээ авсан байна. ... Ойн нөхөрлөл нь ойн сангийн тодорхой хэсгийг эзэмших давуу эрхтэй байхаар Ойн тухай хуульд заасны дагуу Б.С нь эцгийнхээ ойн нөхөрлөлийн эзэмшлийн талбайгаас түлшний хуурай модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн гэж үзэж байна.

2. Хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд гэрч Байгаль орчны улсын байцаагч Г.Бямбасүрэнгийн мэдүүлэгт: “... Өндөр даваа гэдэг газар Пүрэвдорж, Б.С нар босоо мод унагаж байхад нь таарсан... яагаад ойгоос зөвшөөрөлгүй мод унагааж байгаа юм бэ? гэж асуусан чинь С нь би нөхөрлөлийнхөө талбайгаас бэлтгэж байна, болдоггүй юм уу?” гэж хэлсэн. Энэ мэдүүлгээс үзвэл мөрдөгч нь мод бэлтгэсэн “Өндөр даваа” гэх газар нь Ш.Бын ойн нөхөрлөлийн гэрээгээр хамгаалж байгаа 5 га газарт хамаарч байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.  

3. Уг ойн нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж байгаа ойн талбайн хилийн цэс, байршил, тархалтын зургийг авч хэрэгт хавсаргаагүй байна.

4. Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудсанд гэрч Байгаль хамгаалагч П.Батжаргалын мэдүүлэгт: “... Сын аав Б гуай над руу залгаад Мөрөн сум руу гоожин бичиж байгаа юм уу? гэж асуусан” гэжээ. Энэ хэрэгт Ш.Баас Батжаргал руу хэзээ мод бэлтгэх талаар зөвшөөрөл авах гэж ярьсан эсэх, ойн нөхөрлөл ажиллуулдаг эсэх талаар гэрчийн мэдүүлэг аваагүй орхисон байна.

5. Тосонцэнгэл сумын Засаг даргаас Бын ойн нөхөрлөлд 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон 040 дугаартай гэрчилгээ нь хүчинтэй эсэх, уг гэрчилгээг хэдэн жилийн хугацаатай олгосон эсэх, мөн ойн нөхөрлөл нь Дэлгэрмөрөн сум дундын ойн ангитай мод бэлтгэх болон талбай тусгаарлах гэрээг ямар хугацаагаар байгуулсан эсэх, уг гэрээ нь хүчинтэй эсэх зэргийг тогтоолгох шаардлагатай байна.

6. С нь ургаж төлжих чадваргүй, өмхөрсөн хуурай модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн байхад нөхөн төлбөр оногдуулсан нь хэр үндэслэлтэй, ямар хууль, журмын заалтыг баримталсан эсэхийг Байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийг тодруулах ажиллагаа хийж, дээр дурдсан асуудлыг шалгаж тогтоолгосны үндсэн дээр уг хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.                                            

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь түлээ бэлтгэх зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр даваа” гэх газраас 7,3 куб.метр хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 1,231,181 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шалгалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, хохирогч С.Лхагвачулуун, гэрч Р.Пүрэвдорж, Г.Бямбасүрэн, П.Батжаргал нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлт, Б.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нь “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд “... давж заалдах гомдлоосоо татгалзаж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Б.Соос нөхөн төлбөрт 1,231,181 төгрөгийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт, мөн ойн нөхөн сэргээх төлбөрт 2,462,362 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газарт төлөхийг нэгтгэж 1 заалт болгон өөрчлүүлэхээр гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэхүү гомдлыг  хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулдаг ба шүүгдэгч Б.Сын тухайд ойн санд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 231 181 төгрөг байна.

Үүнийг гурав дахин нэмэгдүүлэхэд 3 693 543 төгрөг болох ба шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 7.3 куб метр хэмжээтэй 1 231 181 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс модыг 1 231 181 төгрөгийн хохиролд тооцож, гурав дахин нэмэгдүүлснээс үлдэх хэсэг болох                  2 462 362 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцэх юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоол хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                     Н.БАЯРХҮҮ