| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2025/0056 |
| Дугаар | 2025/ШЦТ/109 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/109
2025 оны 06 сарын 20-ны өдөр Дугаар 2025/ШЦТ/109 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Наранбилэг,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Хишигжаргал нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы баруун талын Монсуль ШТС-ын засмал замд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4.15% согтолттой ******* улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Өвөрхангай аймгаас 26-ны өдөр ирсэн. Гэртээ ирээд жоохон уусан. Тэгээд 28-ны өдөр манай найз ажил руу хүргээд өг гээд согтуу байж байхад залгасан. Архи уусан хүн юугаа ч мэдэхгүй хүргэж өгөх гээд явж байгаад баригдсан гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би болсон зүйлийнхээ талаар урд нь мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Одоо дахиад л яръя. 2025 оны 05-р сарын 28-ны өглөө би Зүүнсайханы 5-21 тоотод байх гэртээ 0,5 литрийн "Хараа" нэртэй 1 шил архийг ганцаараа уучихаад байж байтал манай найз Батсайхан миний утас руу залгаад "Баяндалайн постон дээр ажил руу хүргээд өгөөч, машин болдоггүй" гээд залгахаар нь би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota harrier маркийн цагаан өнгийн машинаа жолоодоод худалдааны төвийн баруун талын дахин төлөвлөлтийн 2 ижил байрны урд талын 3 давхар хуучины байрнаас Батсайханыг гэрээс нь аваад Баяндалай сумруу гардаг постон дээр Батсайханыг ажил дээр нь буулгах /тэр постон дээр ажилладаг гэх/ гээд морь барианы хажуу талын Монсуль ШТС-ийн хажууд явж байтал цагдаа зогсоогоод намайг үлээлгэхэд 4,15%-ийн согтолттой байна гээд цагдаа дээр авч ирсэн. /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 04 дэх тал/
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хавтаст хэргийн 06-08 дахь тал/
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд *******ыг драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 4.15 хувийн согтууралтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 07 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/
Жолоочийн лавлагаанд “*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.07.04 өдрөөс 2025.07.04 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан” /хавтаст хэргийн 09 дэх тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 44 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы баруун талын Монсуль ШТС-ын засмал замд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4.15% согтолттой ******* улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд *******ыг драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 4.15 хувийн согтууралтай байсан /хавтаст хэргийн 07 дахь тал/ гэх тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08 дахь тал/, Жолоочийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “ Жолоочийн лавлагаанд “*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.07.04 өдрөөс 2025.07.04 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан” /хавтаст хэргийн 09 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын согтуурал 4.15 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс ******* ******* мөн зүйл хэсгийн 5-д заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн саналтай байна. Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс прокурортой тохиролцон нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх. Нэг жил хоёр сарын хугацаанд жолоодох эрхийн үнэмлэхийг хасах. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэх зан үйлийг засах, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбар, дүгнэлт тус тус гаргав.
Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ