| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2022/00201/и |
| Дугаар | 135/ШШ2022/00405 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2022/00405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/00201/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...........аймгийн ........ сум, .....дугаар багт оршин байгаа, “........ С- ц- т- с-” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........аймаг, ........ сум, .....дугаар баг, ......................................тоотод оршин байгаа “Г- с-” ХХК-нд холбогдох,
25,745,004 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-,
Хариуцагчийн төлөөлөгч Ц.О-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
“Г- с-” ХХК-ийн шуудайны үйлдвэр нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр аж ахуйг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь шуудайны үйлдвэр боловч тус компани нь крипто вольттой холбогдох үйл ажиллагааг нууцаар эхлүүлж хоногийн 24 цагийн туршид тасралтгүй цахилгаан эрчим хүч ашиглаж улмаар хэт ачааллаас шалтгаалж үйлдвэрт гал гарсан зөрчил 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан болно.
Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу хөнгөлөлтөд хамрагдсан бөгөөд зөвшөөрөлгүй крипто вольтын үйл ажиллагаа эрхэлж 12,103,256 төгрөгийг Засгийн газраас хариуцан хэрэглэгчийн өмнөөс төлсөн байдаг.
Иймд технологийн зөрчлийг судлан бүртгэх актаар “Г- с-” ХХК-аас дээрх төлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны дотор тухай сарын бичилтийн хамт бүрэн төлүүлэхээр акт тогтоогдож тус актыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах гэрээг байгуулж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны дотор цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохирч гэрээ байгуулсан.
Авлага барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлсэн боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.
Тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 17,755,175 төгрөг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд ногдох алданги 7,989,829 төгрөг, нийт 25,745,004 төгрөгийг анх нэхэмжилж байснаас хариуцагч тухайн нэхэмжлэлийн дүнгээс 7,025,458.55 төгрөгийг хийж төлсөн, одоогийн байдлаар үндсэн төлбөр 12,103,256 төгрөг, алданги 6,617,289.45 төгрөг, нийт 18,720,545.45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа тул хариуцагчаас 18,720,545.45 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.О- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон үед байгууллагын нягтлан бодогч ажилтай Г.Г-“юм хийж байя” гэхэд би зөвшөөрч юу хийж байгааг нь ч асуугаагүй. Ингээд 5 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэр дээр гал гарч акт тавигдсан байсан. Нэхэмжлэл дээр 17,755,175 төгрөг, алданги 7,989,829 төгрөг, нийт 25,745,004 төгрөг гэжээ. Акт тавьж гарын үсгийг нягтлан бодогч Г.Г-зуржээ. Мөн Г.Г-нь компьютер программын мэргэжилтэй Н.Бямбадоржтой хамтарч Биткойны ажил хийж, олон компьютер зэрэг ажиллуулж байснаас гал гарсан. Манайх үйл ажиллагаа явуулж байхдаа цахилгааны төлбөрт элдэв асуудал гарч байгаагүй. Харин ч 2020 онд 30 гаруй сая төгрөгийн илүүл төлөлт хийсэн байхад бид элдэв асуудал гаргаж байгаагүй болно. Засгийн газраас 12,103,256 төгрөгийн цахилгаан хөнгөлөлт эдэлсэн. Гэтэл Биткойны үйл ажиллагаа нь хөнгөлөлтөд орохгүй заалттай байгаа учраас буцаад бидэнд цахилгааны төлбөр гарсан. Энэ талаар Г-т хэлэхэд тэрээр би цахилгааны төлбөрийг төлнө гээд зөвшөөрсөн. Хуучин үлдэгдэл өр 15,000,000 төгрөг дээр засгийн газрын хөнгөлсөн төлбөр 12,103,256 төгрөг нийт 27,103,256 төгрөг болсон. Г- Биткойн ажиллуулж байхдаа гарсан зардлыг төлөөгүй байсан. Үйлдвэр ажиллах гээд цахилгаангүй байсан тул би н.Г-ийн хамт “........ С- ц- т- с-” ХК-нд очиж төлбөр төлөх график гаргаад Н- даргатай уулзсан. Иймээс 12,103,256 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байна. Алданги 6,617,289.45 төгрөгийг хасаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “........ С- ц- т- с-” ХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хавтаст хэргийн 6-14 дэх тал/, ДХҮТ-н авлагын үлдэгдэлтэй тасархай хэрэглэгчийн судалгаа /хавтаст хэргийн 15 дахь тал/, “Г- с-” ХХК-ийн алдангийн бодолт /хавтаст хэргийн 16, 34 дэх тал/, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хавтаст хэргийн 17, 33 дахь тал/, Галын аюулгүй байдалтай холбоотой зөрчил бүртгэх маягт /хавтаст хэргийн 18 дахь тал/, Технологийн зөрчил судлан бүртгэх акт, гэрэл зураг /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, “Г- с-” ХХК-ийн цахилгааны 27,525,757 төгрөгийг барагдуулах график /хавтаст хэргийн 23 дахь тал/, Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах гэрээ /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, “Г- с-” ХХК-ийн төлөөлөгч Ц.О-ын иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 26 дахь тал/, 37/451-2014 дугаартай техникийн нөхцөл /хавтаст хэргийн 27 дахь тал/, “Г- с-” ХХК-ийн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/, Ц.О-ын Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч нь Г.Г-той 2022 оны 01 дүгээр сарын 24-ний 13 дугаартай эвлэрлийн гэрээг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“........ С- ц- т- с-” ХК нь “Г- с-” ХХК-нд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 25,745,004 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн төлбөрөөс төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж үндсэн төлбөр 12,071,435.37 төгрөг, түүний алданги 6,617,289.45 төгрөг нийт 18,688,724.82 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нь үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алдангаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж ...“Г- с-” ХХК-ийн шуудайны үйлдвэр нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр аж ахуйг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь шуудайны үйлдвэр боловч тус компани нь крипто вольттой холбогдох үйл ажиллагааг нууцаар эхлүүлж хоногийн 24 цагийн туршид тасралтгүй цахилгаан эрчим хүч ашиглаж улмаар хэт ачааллаас шалтгаалж үйлдвэрт гал гарсан зөрчил 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Гэтэл Засгийн газрын хөнгөлөлт эдлэхгүй тул залруулга хийгдэж манай компани 12,031,435.37 төгрөгийг төлсөн. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-т зааснаар алданги тооцож 6,617,289 төгрөг тул нийт 18,648,724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбар гаргасан.
Хариуцагч нь өмнө манай компанийн төлбөр их гараад байсан тул шалгуулахад 40,000,000 төгрөг илүү төлсөн байсан. Бид тухайн үед шүүхэд хандаагүй энэрэнгүй хандаад цахилгааны төлбөрт тооцоод дуусгаж байсан. Бид үндсэн төлбөр төлөхийг зөвшөөрч байна, алдангиас чөлөөлж өгнө үү гэж тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр нэхэмжлэгч “........ С- ц- т- с-” ХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан эрчим хүчний зохицуулалттай, хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий "эрчим хүчээр хангагч" хуулийн этгээд, хариуцагч “Г- с-” ХХК нь мөн хуулийн 3.1.19-д заасан эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа хэрэглэгч хуулийн этгээд байна.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээсэн, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон байх тул талуудын хооронд Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч “Г- с-” ХХК нь шуудай үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, энэ дагуу цахилгаан эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан ба Засгийн газрын хөнгөлөлтийн дагуу цахилгаан эрчим хүчний төлбөр төлөх хөнгөлөлт эдэлж байсан боловч үндсэн үйл ажиллагаанаас өөр зөвшөөрөлгүйгээр крито валютын үйл ажиллагаа эрхэлж 24 цагийн туршид тасралтгүй цахилгаан эрчим хүч ашиглаж, улмаар хэт ачааллаас болж үйлдвэрт гал гарсан зөрчил гаргасан үйл баримт хэрэгт авагдсан Галын аюулгүй байдалтай холбоотой зөрчил бүртгэх маягт, зөрчлийн акт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч “Г- с-” ХХК-ийн гаргасан дээрх зөрчилд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.3-д заасан техник ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, 30.1.8-д заасан Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар шугам үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах, Короновируст халдварын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолын 1.5 дугаар заалтыг зөрчиж криптовалюттай холбогдох үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг үндэслэлээр засгийн газраас хэрэглэгчийн өмнөөс төлсөн 12,103,256 төгрөгийг төлүүлэхээр 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр акт тогтоосныг “Г- с-” ХХК-ийг төлөөлж Д.Г-гардан авсан боловч актыг эс зөвшөөрч гомдол гаргасан талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Харин хариуцагч “Г- с-” ХХК-ийн захирал Ц.О- нь цахилгааны төлбөр 27,525,757 төгрөгийг графикийн дагуу барагдуулах талаар албан бичиг болон талууд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах гэрээ байгуулсан байна.
Түүнээс хойш хариуцагч талаас 2021 оны 8 дугаар сард 7,000,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 7-нд 500,000 төгрөг, 2 дугаар сарын 8-нд 1,200,000 төгрөг, 2 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 3 дугаар сарын 09-нд 500,000 төгрөг, 3 дугаар сарын 15-нд 2,800,000 төгрөг төлбөр төлсөн талаар зохигчид маргаагүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.1.2-т Цахилгаан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байх ба хариуцагч нь үндсэн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаж, мэтгэлцээгүй тул цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,031,175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна, 31.4-т Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.
Иймд цахилгаан эрчим хүчний төлбөр 12,031,175 төгрөгт алдангийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 12,031,175+6,015,587=18,046,762.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 641,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч нь Г.Г-уг төлбөрийг хариуцах ёстой гэж маргаж, нотлох баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай эвлэрлийн гэрээ ирүүлсэн боловч уг гэрээ нь тухайн маргаанд хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хариуцагч Г- с- ХХК-аас 18,046,762.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “........ С- ц- т- с-” ХХК-д олгож, 641,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 248,183 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА