Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2022/01019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, Мандаг 4 дүгээр баг, 49 тоотод оршин суух Боржигон овогт Данзангийн П

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Агийн эх байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.ДД,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: А.Батбаатар (ШТЭҮД:0537)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь Б.Агийн эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.П нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний хүү П.Энх.... нь Б.Атай 2008 онд танилцсан. 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Улмаар тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Т.., 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бага хүү Э.Тэлмүүн нар мэндэлсэн. Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, Э.Т.., Э.Тэлмүүн нарыг Б.Агийн асрамжид үлдэж тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хойш Э.Т.., Э.Т..н нар нь энэ хугацаанд эцэг П.Энх...., өвөө, эмээ болох П, Цэцэг бидний хамт амьдарсаар байна. Том хүү Э.Т.. нь Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангид, Э.Тэлмүүн нь 6а ангид тус тус суралцаж байна. 2017 оны 03 дугаар сард гарсан Шүүхийн шийдвэрээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдүүдийг бид нар өсгөж хүмүүжүүлж, тэжээн тэтгэж, асран хамгаалсаар байна. Хүүхдүүдийн хувьд өссөн дассан орчин хамгийн чухал юм. Хүүхдүүд маань нялхаасаа аавтайгаа, өвөө, эмээтэйгээ хамт амьдарсан учир одоогийн гэр, орчиндоо бүрэн дассан. Дээрх нөхцөл байдал нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2021 онд А гэнэт бага хүүхдийг хүчээр авч өөрөө харахгүй атлаа сургуулийн дотуур байранд үлдээж өөрөө хот руугаа нөхөр хүүхэд рүүгээ явсан учир эцэг П.Энх.... нь сургуулийн захиргаа болон дотуур байранд өргөдөл бичиж хүүгээ гэрт нь буцаан авчирсан болно. Иймд Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, Э.Т.., Э.Тэлмүүн нарыг Б.Агийн асрамж үлдээсэн атал уг үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 ...сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн ...хүний эцэг эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заасан. Б.Агийн хувьд шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн учир Б.Агийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12 эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ДД шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Энх.... нь Б.Атай 2008 онд танилцсан. 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Т.., 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бага хүү Э.Тэлмүүн нар төрсөн. Төв аймгийн иргэний хэргийн сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00287 дугаартай шийдвэрээр Энх...., Б.А нарын гэрлэлтийг цуцалж, Э.Тэлмүүн, Э.Т.. нарыг эх Б.Агийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Э.Тэлмүүн, Э.Т.. нар нь эцэг Энх.... болон өвөө, эмээ нарын хамт амьдарсан. Хүүхдүүд Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а, 6а ангид тус тус суралцдаг. 2017 оны 03 дугаар сард гарсан шүүхийн шийдвэрээс хойш хүүхдүүдийг П болон Цэцэг нар өсгөн хүмүүжүүлж байгаа. Хүүхдүүд нялхаасаа өвөө, эмээ, аавтайгаа амьдарсан учраас одоогийн амьдарч буй газраа бүрэн дассан. Дээрх нөхцөл байдал нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2021 онд А бага хүүхдийг хүчээр авч явж сургуулийн дотуур байранд хүүхдийг үлдээчхээд өөрөө хот руу нөхөр, хүүхэд рүүгээ явсан. Үүний дараа Энх.... болон Цэцэг нар нь сургуулийн захиргаанд хүүг өөрийн гэртээ авахаар өргөдөл гаргасан. Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 00287 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж Э.Т.., Э.Тэлмүүн нарыг эх Б.Агийн асрамжид үлдээсэн атал уг үүргээ биелүүлэхгүй байгаа байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан сэтгэл санааны гүн дарамтад байлгасан, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлс хийсэн хүний эцэг эх байх эрхийг хасаж болно гэж заасан. Б.А шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлс хийсэн учраас эх байх эрхийг нь хасуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасны дагуу эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа бол сонирхогч этгээд зөрчигдөж байгаа эрх ашиг сонирхлыг нь хамгаалуулахаар хүсэлт гаргах боломжтой гэж заасан. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар иргэн болгоны журамт үүрэг. Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар асран хамгаалагч нь үр хүүхдээ өөрийн хайр ба ойлголцлын уур амьсгалд өгсөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэж заасан. 2017 онд ээж дээр нь хүүхдийн асрамж гаргасан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргуулсан атлаа өнөөдрийг хүртэл хугацаанд хүүхдүүд өвөө, эмээ дээрээ байгаа нь Б.А хүүхдүүдийг тэжээн тэтгэхгүйгээр мөнгө олох зорилготой байна. Хүүхэдтэйгээ уулзмаар байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ өгөөд албадлагаар хүүхдээ өөрөө авах боломжтой. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байж хариу тайлбартаа надад өгөхгүй байгаа гэж тайлбарласан. 2021 онд Б.А шүүх хурал болонгуут хүүхдээ дотуур байранд өгчхөөд өөрөө хот руу явсан. Аргаа бараад өвөө нь өргөдөл гаргаад хүүхдээ өөр дээрээ авсан тохиолдол байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн болгоны журамт үүрэг гэж заасны дагуу органик хууль буюу Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн нь биелүүлээгүй байсан тохиолдолд энэ эрхийг хэрэгжүүлэх үндэслэл байхгүй гэснийг органик хуулиар зохицуулсан. Үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх үүрэгтэй болохоос эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Энэ үүргийн 2017 онд асран хамгаалагчаар тогтоосон мөртөө 2021 оны шүүхийн шийдвэр болон 2022 оны Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад өгч байсан өргөдлүүд, 2022 онд хийгдсэн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг дүгнэлтүүдээс харахад энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн гэдэг нь харагдаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхдүүд Төв аймгийн Борнуур суманд өвөө, эмээ дээрээ амьдарч байгаа гэсэн 2021 оны шүүхийн шийдвэр гарсан. Хүүхдийг тэжээн тэтгэх болон өсгөн хүмүүжүүлэх ойлголт тусдаа байна. Өсгөн хүмүүжүүлэх нь хамт байх, сургууль, цэцэрлэгт зөөх асуудлуудыг ойлгож байна. Ийм байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан шаардлагыг хангаж байна. Иймд Б.Агийн эх байх эрхийг хасаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Пийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн өргөдөлд хариуцагч Б.А би доорх хариу тайлбарыг гаргаж байна. Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Пийг хүү П.Энх...., Б.А бидний гэрлэлтийг цуцалж, Э.Т.., Э.Тэлмүүн нарыг эх Б. Агийн асрамжид үлдээж, эцэг П.Энх....ээс Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.Т.., Э.Тэлмүүн нарт тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2017 оны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нөхөр П.Энх.... нь том хүү Э.Т..гийн хамт Төв аймгийн Борнуур суманд амьдарч байгаа гэх боловч хүү Э.Т.. нь аав Энх....ийнхээ эцэг, эх буюу эмээ өвөөтэйгөө амьдардаг. Эцэг П.Энх.... нь тогтсон ажил, тогтсон амьдралгүй ирж очин явдаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна. ... Нэхэмжлэгч П.Энх.... нь надтай амьдарч байх хугацаанд буюу 2012 онд одоо Эрдэнэт хотод хамт амьдарч байгаа энхэртэйгээ нааш, цааш явж байгаад нэг хүүхэдтэй болсон. 2019 онд дараагийн хүүхэд нь гарч одоо 2 хүүхэдтэй эхнэртэйгээ Эрдэнэт хотод амьдардаг. Д.П нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн арга саам хийж хүүхдүүдийг надад өгөх сонирхолгүй байгаа. ... Бидний гэрлэлтийг 2017 онд цуцалж 2 хүүхдийг миний асрамжид үлдээж эцэг П.Энх....ээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүүхдийнхээ тэтгэлгийг нэг ч удаа одоо хүртэл өгөөгүй. Энэ мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэхээр хүүхдүүдээ өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа гэж хэлж шүүхийн шийдвэрийг үл ойшоон хэрэгжүүлэхгүй өдий хүрсэн юм. Цаашид өсөж том болж байгаа хүүхдүүдээ би өөр дээрээ авч хөгжүүлэх, төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх, сургах үүднээс өөрөө авч өсгөж хүмүүжүүлнэ. П.Энх....ийн ээж нь одоо 62, аав нь 63-н настай ийм өндөр настай болсон хүмүүсээр цаашид өөрийн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхгүй. Хүүхдүүд одоо өсөж торниж том болцгоож цаашид оюутан болох амьдралын урт замд хүүхдүүд маань энэ настай хүмүүс дээр удаан хугацаагаар хамт амьдрах боломжгүй. Хүүхэд гэр бүлийнхээ гишүүдийн дунд өөрийн эцэг эхийн аль нэгийн хайр халамжид өсөж хүмүүжих ёстой. Түүнээс эцэг эх нь амьд, эцэг эх байх эрхээ хасуулаагүй тохиолдолд өөрийн гаргасан хүүхдээ хадам аав ээжийн асрамжид өсгүүлэх, тэжээн тэтгүүлэх хуулийн заалт байхгүй. Цаашид хүүхдүүдээ эцэг П.Энх.... түүний эцэг Д.П, эх Н.Цэгээ нараас албадан авч ирүүлэх хүсэлтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч П.Энхдэбэрэл нь надад хүүхдийн тэтгэлэгт 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл сар хүртэл нийт 14,000,000 төгрөг төлөх ёстой. 2017 онд шүүхийн шийдвэрлэсэн үндэслэл одоо болтол арилаагүй, П.Энх.... хүүхдүүдээ өөрөө өсгөн хүмүүжүүлдэггүй, өөрийн ээж, аав дээрээ байлгаж, өөр хамтран амьдрагчтай болж түүнээс хоёр хүүхэд нь гарч одоо Эрдэнэт хотод цуг амьдарч байгаа тул өөрөө өсгөн хүмүүжүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Д.Пийн хүү П.Энх.... нь 2021 оны 10 дугаар сард Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүү Э.Т..,Э.Тэлмүүн нарт шинээр асран хамгаалагч тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж мөн би хариуцагч болж өмгөөлөгч авч нааш цааш явж шүүхээс энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзээд шүүгч Гэрэлтуяа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шуухийн шийдвэрийн дагуу хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, мөнгөн тэтгэлэг гаргуулах гэхээр эцэг П.Энх.... нь хаана байгаа нь тодорхойгүй хаяг нь тодорхойгүй дуудаад ирэхгүй байна гээд ирдэггүй гэсэн. Холбогдохоороо хүүхдүүд над дээр байгаа би өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа гэж хэлдэг гэсэн. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шийдвэр дээр одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 90-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Бүжин П.Энх....ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас өгч байсан байна. Би хүүхдүүддээ хайртай. Хүүхдүүдээ санаатай хаясан. Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй. Өнөөдөр надад авч ирж өгөхөд хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэхэд Харин нэхэмжлэгч Д.П эцэг эх нь амьд байхад шүүхээс асран хамгаалагч тогтоочихсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр үйлчилж байхад бидний хүүхдүүдийг эцэг, эхийнх нь өмнөөс өсгөн асрамждаа авах, хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэг байхгүй. Ийм үүргийг түүнд ямар нэгэн байгууллагаас олгоогүй юм. Иймд би хүүхдүүдээ өөрөө авч өсгөн хүмүүжүүлнэ. Иймд Д.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс Төв аймаг, Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт (хх-3), 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Боржигон овогт Энх....ийн Т..нгийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-6), 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Боржигон овогт Энх....ийн Т..гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-7), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-8-12), хүүхэдтэй холбоотой эко зураглал (хх-13-15) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Гуравдагч этгээдээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №18200362/02 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудасны хуулбар (хх-27), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2021/00851 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-29-33), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-34-37) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Д.Пийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх онцгой ажиллгааны журмаар хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ДД дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний хүү П.Энх.... нь Б.Атай 2008 онд танилцсан. 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Улмаар тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Т.., 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бага хүү Э.Тэлмүүн нар мэндэлсэн.Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, Э.Т.., Э.Тэлмүүн нарыг Б.Агийн асрамжид үлдэж тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хойш Э.Т.., Э.Т..н нар нь энэ хугацаанд эцэг П.Энх...., өвөө, эмээ болох П, Цэцэг бидний хамт амьдарсаар байна. Том хүү Э.Т.. нь Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангид, Э.Тэлмүүн нь 6а ангид тус тус суралцаж байна. 2017 оны 03 дугаар сард гарсан Шүүхийн шийдвэрээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдүүдийг бид нар өсгөж хүмүүжүүлж, тэжээн тэтгэж, асран хамгаалсаар байна.Хүүхдүүдийн хувьд өссөн дассан орчин хамгийн чухал юм. Хүүхдүүд маань нялхаасаа аавтайгаа, өвөө, эмээтэйгээ хамт амьдарсан учир одоогийн гэр, орчиндоо бүрэн дассан. Дээрх нөхцөл байдал нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2021 онд А гэнэт бага хүүхдийг хүчээр авч өөрөө харахгүй атлаа сургуулийн дотуур байранд үлдээж өөрөө хот руугаа нөхөр хүүхэд рүүгээ явсан учир эцэг П.Энх.... нь сургуулийн захиргаа болон дотуур байранд өргөдөл бичиж хүүгээ гэрт нь буцаан авчирсан болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 ...сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн ...хүний эцэг эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заасан. Б.Агийн хувьд шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн учир Б.Агийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12 эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Төв аймаг, Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт (хх-3), 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Боржигон овогт Энх....ийн Т..нгийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-6), 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Боржигон овогт Энх....ийн Т..гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-7), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-8-12), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2021/00851 дугаартай шүүхийн шийдвэр, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шүүхийн шийдвэр Зэрэг нотлох баримтаар шүүх нэхэмжлэгч Д.Пийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

П.Энх.... нь Б.Атай 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Гэрлэгчдийн дундаас 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүү Э.Т.., 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Тэлмүүн нар төрсөн байна.

Улмаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаар шүүхийн шийдвэрээр П.Энх...., Б.А нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Т.., Э.Тэлмүүн нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд: Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.П нь хүү Э.Т.., Э.Тэлмүүн нарын өвөө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.П нь гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болохоор зохицуулсан хуулийн дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон байна.

Дээрхи хуулийн нөхцөлүүдээс нэхэмжлэгч нь сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэх үндэслэлээр нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь хүү Э.Т.., Э.Тэлмүүн нар нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өвөө Д.Пийн асрамжид байсан бөгөөд энэ нөхцөлд хамт амьдардаггүй эх нь хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэхээс зайлсхийсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Мөн Эцэг, эх байх эрхийг хасуулах тухай хуулийн заалтын үзэл баримтлал нь хүүхдүүд тухайн эрхээ хасуулах субьекттэй хамт амьдарч байгаа тохиолдолуудад тухайн хуулийн заалтыг хэрэглэхээр зохицуулсан байна.

Үүнээс үзвэл хүү Э.Т.., Э.Тэлмүүн нар нь 2017 оноос хойш эх Б.Атай хамт амьдараагүй нь түүнийг эх байх эрхээс нь хасах тухай үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2021/00851 дугаартай шүүхийн шийдвэр (хх-29-33), 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2017/00287 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар (хх-34-37) зэрэг нотлох баримтууд нь тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй баримтууд байна.

Тухайлбал: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн баримт нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2021/00851 дугаартай шүүхийн шийдвэрийн (хх-29-33) үндэслэл болсон нотлох баримт байна.

Иймд тухайн хэрэгт бус харин дээрхи шийдвэрүүдийг гаргахад ач холбогдол бүхий нотлох баримтууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж заасны дагуу дээрхи нотлох баримтууд нь энэхүү хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байх тул үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр эх Б.Аг татсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн бөгөөд гуравдагч этгээдийг 09 цаг 20 минут хүртэл хүлээж шүүх хуралдааныг эхлүүлсэн болно.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ДД болон түүний өмгөөлөгч А.Батбаатар нар нь шүүх хуралдааныг түүнийг эзгүйд нь шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэн гуравдагч этгээд эх Б.Агийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат дуусах үед буюу өмгөөллийн үгэндээ тухайн хэргийн зохигч буюу нэхэмжлэгч Д.Пийг өөрийн биеэр нь шүүх хуралдаанд оролцуулах, хүүхдүүдэд нөхцөл байдлын шинжилгээ хийлгэх талаар дурдсан бөгөөд шүүх хуралдааны процесс ажиллагааны дагуу шүүх хуралдаан эхлэхээс өмнө даргалагчаас хэргийн оролцогчдоос хүсэлт байна уу гэж асуухад байхгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хариулсан.

Нэхэмжлэгч нь өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.П нь энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Б.ДДид итгэмжлэл олгон эрхээ эдэлсэн байна.

Хүүхдүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийн тухайд: тухайн нэхэмжлэл нь Төв аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгч, тухайн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг зарлахаас өмнө өөр хүсэлт болон нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэж мэдэгдсэний дагуу шүүх хуралдааныг зарласан.

Дээрхи хүсэлтийг шүүх санаачилгаараа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хийх боломжгүй зөвхөн зохигч талуудын хүсэлтээр хийгдэх ажиллагаа юм.

Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар нь тухайн хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргах бүрэн боломжтой байна.

Иймд шүүх хуралдааны дэс дарааллын дагуу нотлох баримт цуглуулах хүсэлт шийдвэрлэх шат өнгөрч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн эцсийн шат буюу өмгөөллийн үгэндээ тухайн хүсэлтийг гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т тус тус заасныг баримтлан Б.Агийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэгч Д.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ