Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2021         06             02                                         2021/ДШМ/25

 

                                     Л.С, Н.Б, П.Б

                                           нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл, В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дүгээр захирамжтай Л.С, Н.Б, П.Бнарт холбогдох 1938008370069 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Ш овогт Л-ийн С, … оны … дугаар сарын …-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байгаа /регистрийн дугаар ............................/.

2. Монгол Улсын иргэн, Ш овогт Н-ийн Б, ......оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.

3. Монгол Улсын иргэн, В-д овогт П-ын Б, … оны …. дүгээр сарын ….-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч Л.С, Н.Б, П.Бнар бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дааган толгой” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө иргэн С.Д-ийн хотноос 2 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш овогт Л-ийн С, Ш овогт Н-ийн Б, В-д овогт П-ын Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Н.Б, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Батмөнх эсэргүүцэлдээ: ... Дээд шатны прокурорын зүгээс шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдтэй маргахгүй байгаа бөгөөд харин дараах үндэслэлүүдээр захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж дурдаад урьдчилсан хэлэлцүүлэг хийх 17 үндэслэлийг хуульд тусгайлан зохицуулсан. Дээрх 17 үндэслэлийн 1 үндэслэл нь буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” асуудлууд хэрэгт тогтоогдсон байхад шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их хурлаас баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол агуулга, үзэл санаа нь хэргийг буцааж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг чирэгдүүлэх, тэднийг залхаахгүй байх, хэргийг буцаах зайлшгүй шаардлагатай бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны эцэст нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх явдал юм.

Хоёр. Захирамжийн тодорхойлох болон удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхээс хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 33.3 дугаар зүйлд хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээс 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаах талаар заасан бөгөөд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох болон удирдлага болгох хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй атлаа хийсэн мэтээр хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүгчийн захирамжийг хүчин болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай яллах дүгнэлтээр Н.Б, Л.С, П.Б нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дааган толгой” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө хохирогч С.Д-ийн хотноос 2 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3 “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох Соната-6 маркийн 58-04 ХӨҮ улсын дугаартай Нямцэдэвийн Эрдэнэбүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, эд хөрөнгийн үнэлгээ хийгээгүй, Ашид Билгүүн ХХКомпанийг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэхдээ хэнд үнэлгээ хийлгэхийг даалгасан нь тодорхойгүй, шинжээч М.Дагважаргал танилцаж гарын үсэг зурсан байх боловч ТХҮ-821/04 дугаартай үнэлгээний дүгнэлтийг М.Дагважаргал, төлөөлөгч Ц.Бямбацогт нар гаргасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн хохирогчид учирсан хохирлоос 650 000 төгрөгийн хохирлыг Н.Бумуучимэд төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байх ба уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэдэн төгрөг болсон, 2 тооны хонины махыг хохирогч С.Д хэдэн төгрөгөөр хохиролд тооцож буцааж авсан, ямар учраас 15 толгой хонийг төлж барагдуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг дахин шалгах шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад  гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан ба энэ хэргийн тухайд бодит хохирол нь 326 000 төгрөг эсхүл 650 000 төгрөг, 15 толгой хонины аль нь болохыг мөрдөгч, прокурор нь эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдээс үндэслэлгүйгээр өөрт учирсан хохирлоос илүү хохирол, төлбөр авах, нэхэмжлэх эрхгүй юм.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг илээр авсан гэх шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчлэх, гэмт хэрэг эхэлж, төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзсэн энэхүү хэсэг нь үндэслэлгүй байна.

Учир нь 2 тооны хонийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг харсан, энэ талаар гэмт этгээдүүд мэдсэн атлаа эд зүйлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор уг үйлдлээ үргэлжлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзнэ.

Дээд шатны прокурор нь анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл гаргасныг хүлээн авах боломжгүй үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлтэй байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/224 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,      2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                     Н.БАЯРХҮҮ